АНУ-Ираны хооронд хоёр долоо хоногийн гал зогсоох тохиролцоо хийгдсэний дараа Өмнөд Солонгос улс Ормузын хоолойд саатсан хөлгүүдээ гаргахаар дипломат ажиллагаагаа эрчимжүүлжээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдэгдэл хийхдээ тус улсын хөлгүүдийг аль болох хурдан аюулгүй нэвтрүүлэхийн тулд холбогдох орнуудтай идэвхтэй харилцаа холбоо тогтоож, тээврийн компаниудтай зөвлөлдөж эхэлсэн гэж олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлсэн байна.
Одоогоор Ормузын хоолойд Өмнөд Солонгосын далбаатай 26 хөлөг саатсан байгаа бөгөөд эдгээр хөлгийг гал зогсоох хугацаанд гаргах зорилт тавьжээ.
Тус улсын Тээврийн яамнаас бүс нутагт аюул хэвээр байгаа тул болгоомжлох зөвлөмжийг хэвээр үлдээсэн ч саатсан хөлгүүдэд бүрэн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна.
Эдгээр хөлгүүдэд нийт 600 орчим багийн гишүүн, түүний дотор 136 Өмнөд Солонгос иргэн байгаа бөгөөд мөргөлдөөний улмаас хөлгүүд удаан хугацаанд зогссон нь эдийн засгийн алдагдлыг нэмэгдүүлж байна. Зарим хөлөг өдөрт 1 сая гаруй ам.долларын зардал үүсгэж байгаа гэнэ.
Ормузын хоолой нь дэлхийн нефтийн тээврийн хамгийн чухал гарцын нэг тул дэлхийн далайн нефтийн тээврийн ойролцоогоор 20 хувь энэ бүсээр дамждаг. Сүүлийн мөргөлдөөн эхэлснээс хойш олон улс хөлгүүдээ зогсоож, бүс нутагт хөдөлгөөн эрс буурсан хэвээр байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар гал зогсоох тохиролцоо гарсан ч Ормузын хоолойн аюулгүй байдал бүрэн баталгаажаагүй тул тээврийн компаниуд болгоомжтой хэвээр байгаа аж.
Ийм нөхцөлд Өмнөд Солонгосын Засгийн газар дипломат шугамаар хөлгүүдээ гаргахыг оролдож байгаа нь бүс нутгийн хурцадмал байдал намжих эсэхтэй шууд холбоотой гэж ажиглагчид үзэж байна.
| Өмнөд Солонгос Ормузын хоолойд саатсан хөлгүүдээ гаргахаар ажиллаж эхэлжээ | ||
| Үзсэн: 165 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.