Шууд Chart

"Өргөө" амаржих газар “Үйлчлүүлэгчийг дэмжих алба”-тай боллоо

2021-09-20 16:05:09

НЭМГ-ын харьяа "Өргөө" амаржих газраас “Үйлчлүүлэгчийг дэмжих алба”-аа танилцуулах хүрээнд есдүгээр сарын 17-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа.

Өдөрлөгийг НӨАГ-ын дарга, АУ-ны доктор, профессор Ж.Энхцэцэг нээсэн бөгөөд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох, НЭМГ-ын эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Р.Октябрь болон албаны бусад хүмүүс оролцсон байна.

Өдөрлөгийн хүрээнд ясны сийрэгжилтийн шинжилгээнд 85 үйлчлүүлэгч, ажилтнууд, мөн зурган сэтгэл засалд 21, хайрын хэл судалгаанд 35 хүн хамрагджээ.

Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдэд эмчилгээ, үйлчилгээнээс гадна нийгэм, сэтгэл зүйн олон талт асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ тулгарч байдаг тул энэхүү тулгамдсан асуудлыг олж илрүүлэх, шийдвэрлэх нь тус албаны гол зорилго юм.

Үйлчлүүлэгчийг дэмжих албанд эрүүл мэндийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хоол зүйч, цахим мэдээллийн ажилтан, эмнэлгийн хуудас хариуцсан эх баригч ажиллаж байна.

Түүнчлэн амаржих газрын үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн мэдээллүүдийг байгууллагын мэдээллийн сувгаар дамжуулан үйлчлүүлэгчдэд тогтмол хүргэхээс гадна үйлчлүүлэгчдийн санал, хүсэлт, талархал, сэтгэгдэл, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуулт, хэрэгцээг тодорхойлох болон бусад судалгааг цахимаар, Google form, QR код ашиглан зохион байгуулах болжээ.

Тухайлбал, төрөх өрөөнд дөнгөж амаржсан эх нярайн богино хугацааны нандин агшинг фото зурагт буулган бэлэг болгон дурсгах ажлыг санаачлан хэрэгжүүлж, өнөөдрийг хүртэлх байдлаар 659 эхэд дурсгалын зургийг нь гардуулсан байна.

Эх сурвалж: НЭМГ


"Өргөө" амаржих газар “Үйлчлүүлэгчийг дэмжих алба”-тай боллоо   
Үзсэн: 267 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй