Шууд Chart

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл гаргажээ

2026-03-13 15:41:48

МЭДЭГДЭЛ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой, 42 хүн болон 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл, хэргийн оролцогчийн гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд, зарим шүүгдэгч, хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагад холбогдох гэм буруугийн асуудлыг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэжээ.

Сүүлийн өдрүүдэд шүүгдэгч Н.Алтанхуягт холбогдох хэргийг өмнө нь цагаатгаж шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн хэргийг дахин шийдвэрлэхдээ өөр шийдвэр гаргасан байдлыг улс төрийн агуулгатайгаар холбон мэдээлж байгаа нь олон нийтийг төөрөгдүүлсэн, шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдалд халдсан үйлдэл гэж Шүүхийн ерөнхий зөвлөл үзэж байна.

Шүүгч өөрийнхөө өмнө гаргасан шийдвэрийн эсрэг шийдвэр гаргасан тохиолдол нь шүүхийн практикт цөөнгүй гардаг бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь хуульд заасан журмын дагуу дээд шатны шүүхэд гомдлоо гаргаж хянуулах бүрэн эрхтэй. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь хэргийн бодит байдлыг тогтоох, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, эрүүгийн хэргийг хөдөлбөргүй нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх зарчмыг хангах зорилготой байхад үүнийг улс төрийн агуулгаар тайлбарлах нь шүүхэд итгэх иргэдийн итгэлд том сөрөг нөлөө үзүүлнэ. 

Шүүх Н.Алтанхуягт холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй буюу түүнийг гэм буруутай эсэхийг дүгнээгүй,  шүүхийн процесс үргэлжлэн явагдаж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл нь иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хүндэтгэн үздэг. Гэвч шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн шийдвэрийн талаарх мэдээлэл нь үнэн зөв, бодитойгоор олон нийтэд хүрэх ёстойг онцлон тэмдэглэж байна.

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл гаргажээ  
Үзсэн: 108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй