Гуравдугаар сарын 12–13-ны өдрүүдэд Ойрхи Дорнод дахь нөхцөл байдал улам хурцдаж, АНУ, Израиль, Иран зэрэг улсын оролцсон цэргийн ажиллагаа, тээвэрлэлтийн саатал, дэлхийн зах зээлд нөлөөлөх үйл явдал зэрэгцэн өрнөв. Бүс нутгийн хурцадмал байдал зөвхөн цэргийн хүрээнд хязгаарлагдахгүй дэлхийн эдийн засаг, эрчим хүчний зах зээлд шууд нөлөөлж эхэлжээ.
Персийн булан болон Ормузын хоолой орчимд газрын тос тээвэрлэж байсан хэд хэдэн танкер халдлагад өртсөн нь дэлхийн зах зээлд нефтийн үнэ огцом өсөхөд хүргэлээ. Нэг баррель газрын тосны үнэ 100 ам.доллар давж, эрчим хүчний зах зээлд сүүлийн жилүүдийн томоохон савлагаа үүсэв. Ираны тал Ормузын хоолойг хаах бодлогоо үргэлжлүүлэхээ мэдэгдсэн нь нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж буйг харуулж байна. Энэхүү хоолой нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тавны нэг орчим дамждаг стратегийн чухал гарц юм.
Цэргийн хувьд Израилийн тал Ираны цөмийн болон цэргийн байгууламж руу цохилт өгч, АНУ бүс нутгийн цэргийн хүчээ нэмэгдүүлж, агаарын болон далайн хамгаалалтаа чангатгав. Үүний хариуд Иран Америкийн цэргийн баазууд болон дэд бүтцийн байгууламж руу пуужин, дроны довтолгоо хийсэн бөгөөд бусад Персийн булангийн орнуудын боомт, шатахууны агуулах руу ч халдсан талаар мэдээлэл гарсан. Саудын Араб, Бахрейн зэрэг улс агаарын довтолгооны хамгаалалтаа нэмэгдүүлж, пуужин болон дроны халдлагыг таслан зогсоох ажиллагаа явуулсан байна.
Цэргийн үйл ажиллагаа газрын тосны нийлүүлэлтэд шууд нөлөөлж, олон улсын зах зээлд нийлүүлэлтийн тасалдал үүсэв. АНУ газрын тосны стратегийн нөөцөөс 172 сая баррель нефть гаргаж үнийн өсөлтийг сааруулах арга хэмжээ авч, Олон улсын эрчим хүчний агентлагтай зөвшилцөн 400 сая баррель газрын тос гаргах төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Зах зээлд үүссэн эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулах энэ арга хэмжээ нь ирэх долоо хоногоос 120 хоногийн турш үргэлжлэх юм.
Газрын тосоос гадна Ормузын хоолой хаагдсанаар химийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бараа, бусад импорт-экспортын тээвэр саатаж, дэлхийн хангамжийн сүлжээнд нөлөөлж эхэлсэн. Танкерын хөдөлгөөн саатсан нь далайн тээврийн ачааллыг нэмэгдүүлж, хөлөг онгоцны түрээс, даатгалын үнийн өсөлтөд хүргэжээ.
Дэлхийн санхүүгийн зах зээлд мөн савлагаа үүсэж, эрчим хүч импортлогч олон улсын эдийн засагт дарамт нэмэгдэх эрсдэл бий болж болов. Нефтийн үнэ өссөн нь шатахууны үнийг дагуулан үйлдвэрлэл, тээвэр, логистикт нөлөөлөх магадлалтай гэж шинжээчид үзэж байна.
Үүнтэй холбоотойгоор АНУ цэргийн ажиллагааг үргэлжлүүлж, стратегийн нөөцөөс нефть гаргах бодлого барьж байна. Их Британи, Япон, Өмнөд Солонгос далайн тээвэрлэлтийн аюулгүй байдлыг чангатгаж, Европын холбоо дипломат арга хэмжээг эрчимжүүлж байна. Хятад, Энэтхэг зэрэг газрын тос их импортлогч орнууд хувийн нөөц, худалдан авалтын стратеги боловсруулж, дэлхийн эрчим хүчний зах зээлд үүсэх тодорхойгүй байдлыг багасгах арга хэмжээ авч байна.
Ийнхүү гуравдугаар сарын дунд үеийн байдлаар Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн зөвхөн цэргийн хүрээнд бус дэлхийн эрчим хүч, эдийн засаг, тээвэр, санхүүгийн зах зээлд хүчтэй нөлөөлж буй томоохон геополитикийн хямрал үүсээд байгаа юм.
| Ормузын хоолой хаагдсанаар дэлхийн газрын тосны зах зээлд доргилт өглөө | ||
| Үзсэн: 157 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.