Шууд Chart

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Унгар Улсын Элчин сайд Др. Борбала Обрущанскийг хүлээн авч уулзав

2021-09-22 10:03:24

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Унгар Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Др. Борбала Анна Обрущанскийг 2021 оны есдүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч уулзав. 

Уулзалтаар талууд агаарын харилцааны асуудлаар голлон санал солилцсон бөгөөд Элчин сайд Др. Борбала Анна Обрущанский хоёр улсын хооронд агаарын шууд харилцаа тогтож “Хүннү Эйр” компани 2 удаагийн шууд нислэг гүйцэтгээд байгааг хэлж цаашид Нурсултан-Будапешт-Улаанбаатар чиглэлд нислэгийн шинэ маршрут нээж нислэг гүйцэтгэх чиглэлээр “Хүннү Эйр” компани болон Унгарын “Визз Эйр” компани хамтран ажиллаж буйг мэдээлэв. 

Унгарын “Виз Эйр” компани нь бага үнэтэй нислэгийн компани бөгөөд  Будапешт-Нурсултан чиглэлд нислэг хийж, “Хүннү Эйр” компани нь Нурсултан- Улаанбаатар чиглэлд залгасан нислэг хийх замаар шинэ маршрут нээхээр ажиллаж байгаа ба Унгар Улс болон Зүүн болон Төв Европт монголчууд олноор байдаг тул тэдэнд хямд үнээр зорчих, мөн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Сайд Л.Халтарын зүгээс Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай” 162 дугаар тогтоолоор агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах, агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарыг харилцан уялдаатай хөгжүүлэх цогц арга хэмжээ авч ажиллахаар шийдвэрлэсэн бөгөөд дээрх хоёр компанийн хамтын ажиллагаа Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй бүрэн нийцэж байгааг дурдаад дээрх хоёр компанийн хамтын ажиллагааг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлэв. 

Энэ хүрээнд хоёр орны хооронд агаарын тээврийн салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой баримт бичиг болох “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” -ийг шинэчлэн байгуулах ажлыг шуурхайлахыг талууд харилцан тохиролцов. 

Мөн төмөр зам салбарт Монгол, Унгар хоёр орны хамтарсан төмөр замын музей байгуулах, төмөр замын байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, засварын чиглэлээр хамтран ажиллах боломжууд байгааг онцолж цаашид энэ чиглэлээр анхаарал хандуулж ажиллахаар тохиролцов. 

Эх сурвалж: ЗТХЯ


Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Унгар Улсын Элчин сайд Др. Борбала Обрущанскийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 291 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй