Шууд Chart

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлын ерөнхий гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, барилга угсралтын ажил эхэллээ

2021-09-22 14:21:35

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлын ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулах гэрээнд Эрчим хүчний яам энэ оны есдүгээр сарын 17-нд гарын үсэг зурснаар тус төслийн барилга угсралтын ажил албан ёсоор эхэллээ.

Эрдэнэбүрэнгийн 90МВт-ын суурилагдсан хүчин чадалтай усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Power construction corporation of China Ltd” болон ‘’Powerchina Chengdu Engineering corporation limited” компанийн түншлэл шалгарч, түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгууллаа.

Гэрээнд гарын үсэг зурж, төслийн ажил эхэлснээр барилгын ажлыг 2022 оны дөрөвдүгээр сард эхлүүлэх, 2026 онд дуусгах, 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун болон Алтай, Улиастай эрчим хүчний системд нийлүүлж, тус бүс нутгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах юм.

Ховд голын байгалийн тогтцыг өөрчлөхгүйгээр далан барих ажлын хүрээнд хийгдэх долоон метрийн диаметр бүхий урттай түрэлтийн хоолойг уулан дундуур гаргах бөгөөд энэ нь манай улсад хийгдэж байгаагүй бүтээн байгуулалт учраас техникийн хяналтыг олон улсын туршлагатай экспертүүд болон олон талын оролцоотойгоор Монголын тал хариуцан зохион байгуулна.   

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн хэрэгжилтийн явцын талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.


Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлын ерөнхий гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, барилга угсралтын ажил эхэллээ  
Үзсэн: 550 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй