Шууд Chart

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны талаар мэдээлэл танилцуулав

2021-09-28 15:33:49

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2021.09.28) хуралдаж, дараах асуудлыг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэц 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Их суудлын хуралдаанаа хуралдуулж, “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай” дунд суудлын хуралдаанаас 2021 онд гаргасан 03 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосон. Эл хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон бөгөөд тэрбээр хуралдааны явцын талаар, хуралдаанаас гарсан  шийдвэрийн талаар, холбогдох эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл өгч, тодорхой санал танилцуулсан.

Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн их суудлын хуралдаан нь УИХ-ын холбогдох тогтоолыг биш, харин Ерөнхийлөгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гаргасан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хэмээн Б.Энхбаяр гишүүн байр сууриа илэрхийлж, тайлбар хийв. Түүнчлэн холбогдох хуульд нь их суудлын хуралдаан шийдвэрээ нийт гишүүдийн 2/3-аар гаргах ёстой хэмээн заасан байхад 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн их суудлын хуралдаанаараа “ердийн олонх” буюу 5/4 харьцаагаар шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн мэдээлээд, холбогдох тайлбарыг дэлгэрэнгүй хийсэн юм. Б.Энхбаяр гишүүний мэдээлэлтэй холбогдуулан Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил, Д.Ганбат, Д.Цогтбаатар, Б.Дэлгэрсайхан нар асуулт асууж, хариулт авав.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх зорилт бүхий “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоол болон бусад баримт бичигт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд  маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудыг шинэчлэхээр төлөвлөсөн байгаа гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга мэдээлэл өгч, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2022 оны хаврын ээлжит чуулганы үеэр өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгааг дуулгасан.

Байнгын хорооны зүгээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд  маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулах саналыг гишүүд гаргасан бөгөөд эл асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар санал хурааж, шийдвэрлэв. Түүнчлэн Үндсэн хуулийн цэц 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Их суудлын хуралдааны шийдвэрт эрх зүйн дүн шинжилгээ хийлгэх нь зүйтэй гэдэг гишүүдийн саналыг үндэслэн УИХ-ын Тамгын газарт хугацаатай үүрэг өгөв.


Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны талаар мэдээлэл танилцуулав  
Үзсэн: 268 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй