Шууд Chart

Б.Шинэбаатар: Жагсаал цуглаан, суултад оролцож байгаа иргэдэд цагдаагийн байгууллага хүндэтгэлтэй хандаж ирсэн, цаашид ч тэгэх болно

2021-10-06 17:11:45

Энэ үеэр түүнээс цөөн асуултад хариулт авсан юм.

-Өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны гадаа шаардлага тавьсан хүмүүсийг цагдаа нар хүч хэрэглэн авч явж саатуулсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтнаас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 08:38 цагт цагдаагийн байгууллагын тусгай дугаарын утсанд “Гадаа суулт хийж байгаа хүмүүс албан үүргээ гүйцэтгэж байх явцад эрх чөлөөнд минь халдлаа” гэх гомдол мэдээлэл ирүүлсний дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагч нар нэр холбогдсон 4 иргэнийг авчирсан. Алба хаагчийн гаргасан гомдлоор хянан шийдвэрлэхдээ иргэдийг авчирч тусгайлсан прокурорын зөвшөөрөлтэй өрөөнд мэдүүлэг байцаалт авах хуулийн заалттай учраас нэр бүхий О, Ц, Г, Х нарын 4 хүнийг авчирсан. Энэ хүмүүсээс холбогдох тайлбар мэдүүлгийг авсан. Мэдүүлэг өгөх явцдаа дээрх 4 иргэн өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээр хангагдах хүсэлт тавиад өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх хүсэлт тавьсны дагуу энэ эрхийг хангаж дээрх иргэдийг явуулсан байгаа. Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагаас ямар нэгэн иргэнийг хууль бусаар баривчилсан саатуулсан зүйл байхгүй.

-Дээрх иргэдийг ямар үндэслэлээр цагдаагийн байгууллагад авч ирж саатуулсан бэ?

-Хууль зүй, дотоод хэргийн яам нь төрийн тусгай хамгаалалтын объектод хамаардаг. Тухайн объектыг төрийн тусгай алба хаагч аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэн ажилладаг. Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч дээрх иргэдэд шаардлага тавихад эсэргүүцэж биед нь халдсан гэх үндэслэлээр холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

-Саатуулах явцдаа биед нь гэмтэл учирсан учраас эрүүл мэндийн үйлчилгээ авъя гэсэн хүсэлт гаргасан байсан, түүнийг нь хангаагүй юм биш үү?

-Биед халдсан гэх гомдол гаргасан иргэн А болон хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад хүргэгдсэн иргэн О, Ц, Г, Х нараас “цагдаагийн алба хаагчид бие эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэсэн” талаар гомдол гаргасны дагуу шинжээч томилон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн рүү хүргүүлсэн.

-Нэр бүхий 4 иргэнийг цагдаагийн байгууллага цагдан хорьж, баривчилсан асуудал байгаа юу. Одоо тухайн 4 иргэн хаана байгаа вэ?

-Дээрх 4 иргэнийг цагдаагийн хэлтэст 09:00 цагийн орчимд авчирч холбогдох ажиллагааг хийж, 11:00 цагийн орчимд явуулсан.

Харин 13:00 цагийн орчимд мөн жагсаал цуглаанд оролцож байсан иргэн согтуугаар танхайрлаа гэсэн мэдээлэл ирсэн, түүний дагуу цагдаагийн алба хаагчид 1 иргэнийг авч ирсэн. Ингээд согтуурлын зэргийг шалгахад 0.91 хувийн согтолттой байсан учраас тухайн иргэнийг бид нар эрүүлжүүлэх, саатуулах байранд саатуулсан. Тухайн иргэнийг хэрвээ архи нь гарах юм бол заавал хонуулахгүйгээр зөрчлийг шийдэх боломжтой. Өөрөөр бид нар иргэдийг саатуулсан, эрхэнд нь халдсан асуудал байхгүй.

Иргэддээ хандаж хэлэхэд хуульд заасан үндэслэл журмынхаа дагуу аливаа жагсаал цуглаан, суултад оролцож, үзэл бодлоо илэрхийлж байгаа тохиолдолд цагдаагийн байгууллага хүндэтгэлтэй хандаж ирсэн цаашид ч хүндэтгэлтэй хандах болно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Шинэбаатар: Жагсаал цуглаан, суултад оролцож байгаа иргэдэд цагдаагийн байгууллага хүндэтгэлтэй хандаж ирсэн, цаашид ч тэгэх болно  
Үзсэн: 2936 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй