Шууд Chart

Европын холбоо байгалийн хийн нөөцөө нэмэгдүүлэх богино болон дунд хугацааны төлөвлөгөө гаргана

2021-10-11 10:29:23

Европын холбооны орнууд байгалийн хийн хэрэглээний 90 хувийг импортоор авдаг

Бид энэ удаад Европын бүс нутагт үүсээд байгаа эрчим хүчний хямралыг онцолж байна. Европын бүс нутагт эрчим хүчний нийлүүлэлт буурснаас үүдэж байгалийн хий болон цахилгаан эрчим хүчний үнэ өнгөрч байгаа 7 хоногт түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өслөө. Европт байгалийн хий 1000 шоо метр тутамдаа 1900 америк долларт хүрч өссөн. Энэ нь 2021 оны ерөнхий үзүүлэлтээр бол 600 хувиар, оны эхэн үеийнхээс зургаа дахин, 9 дүгээр сараас хойш гурав дахин өссөн үзүүлэлт юм.

Ер нь энэ онд дэлхий даяар хөл хорио хязгаарлалтаас аажмаар гарч байгаатай холбоотой эрчим хүчний эрэлт нэмэгдсэн, хүлэмжийн хий бууруулах нийтийн бодлого түүхий нүүрсний хэрэглээг хумих хандлагатай байгаагаас эрчим хүчний үнэ тасралтгүй өссөөр ирсэн. Эрчим хүчний нийлүүлэлт буурч, байгалийн хийн нөөц багассанаас үүдэж байгалийн хийн үнэ тэнгэрт хадсан нь өвлийн улирал эхэлж байгаа энэ үед Европын төдийгүй дэлхий нийтийг түгшээж байгаа юм.

Эрчим хүчний үнийн өсөлтөд байгалийн хийн нийлүүлэлт багассан, эрчим хүчний эрэлт өссөн, хүлэмжийн хий ялгаруулсны төлбөр нэмэгдсэн зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байна. Энэ хямралыг дарах чиглэлд Европын холбооны орнууд нэгдмэл байр сууринд хүрч чадахгүй байгаа. Шалтгаан нь Европын холбоо бүс нутгийнхаа эрчим хүч хэрэглэгчдэд нөлөөлж байгаа байгалийн хийн үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх эрх үүрэг нь бага юм.

Өөрөөр хэлбэл, байгалийн хийг нэгдсэн нэг системээр худалдаж авдаггүй, нийтийн дундаа байгалийн хийгээ нөөцөлдөггүй гэсэн үг. Энэ тогтолцоог өөрчлөх, шинэчлэхэд цаг хугацаа орохоос гадна, холбооны 27 гишүүн орны санал нэгдэж байж шинэчлэлт хийх боломжтой. Иймээс одоо өвлөөс өмнө дор бүрнээ эрчим хүчний нийлүүлэлтээ хангахад голлон анхаарах төлөвтэй байна. Одоогоор Европын холбооны эрчим хүчний комиссар байгалийн хийн үнийн өсөлтийг богино хугацаанд бууруулах боломжгүй. Гэхдээ Европын комисс байгалийн хийн нөөцөө нэмэгдүүлэх богино болон дунд хугацааны төлөвлөгөөг ойрын үед танилцуулна гэдгээ мэдэгдлээ.

Брюссельд богино хугацаанд дүрэм журамдаа өөрчлөлт оруулж, зохицуулалт хийх эрх мэдэл байхгүй ч эрчим хүчний татварыг бууруулах гэх мэт зорилтот дэмжлэг амалж байгаа улс орнуудыг дэмжих боломжтой юм байна. Тус холбооны уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлого эрчим хүчний үнийг хөөрөгдлөө гэсэн шүүмжлэл эрс нэмэгдээд байгаа.

Ийм үед Европын холбоо хэдийгээр дүрэм журамд суурь зохицуулалт яаран хийх талаар яриагүй байгаа ч байгалийн хий, цахилгаан эрчим хүчний үнийн өсөлтөд хамгийн их хохирч байгаа хэрэглэгчид, бизнес эрхлэгчдэд эдийн засгийн дэмжлэг үзүүлэхийг гишүүн орнууддаа уриалж байна. сүүлийн өдрүүдэд Франц, Испани зэрэг орнууд Европын холбооны эрчим хүчний зах зээлийг зохицуулдаг дүрэм журамд өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа юм.

Ер нь эрчим хүчний үнийн өсөлт Ковид-19 цар тахлын улмаас хүнд байдалд байгаа иргэд аж ахуй нэгжүүдэд ирэх дарамтыг нэмэгдүүлж, хэрэглээний төлбөрийг эрс нэмэгдүүллээ гэж улс орнууд зохицуулалт шаардаж байна.

Европын холбооны Эрчим хүчний комиссар Кадри Симсон: Хэрэглэгчдэд зорилтот дэмжлэг үзүүлэх, эрчим хүчний хомсдолд өртөх өндөр эрсдэлтэй иргэдийн эрчим хүчний төлбөрийг шууд төлөх, эрчим хүчний татварыг бууруулах, төлбөрийг үндсэн татвар руу шилжүүлэх зэрэг нь Европын холбооны дүрмийн дагуу маш богино хугацаанд хийх боломжтой арга хэмжээ юм. Эрчим хүчний үнийн өсөлтийн нийгэмд үзүүлэх нөлөөллийг бууруулах, эмзэг бүлгийн айл өрхийг хамгаалах нь эрчим хүчнээс үүдэлтэй ядуурлыг улам хүндрүүлэхгүй байх нэн тэргүүний зорилт байх ёстой. Мөн бизнесийн салбарыг төрөөс дэмжих эсвэл урт хугацаанд эрчим хүч худалдан авах гэрээ хийх замаар хөнгөлөлт үзүүлэх боломжтой.

Өнөөдрийн байдлаар Европын холбооны орнууд болон Британид байгалийн хийн нөөцлүүрүүд нь 76 хувийн дүүргэлттэй байгаа нь улирлын нөөцийн түвшингөөс 90 хувь доогуур үзүүлэлт юм байна. Европын байгалийн хийн нөөцийн түвшин сүүлийн 10 жилийн хамгийн доод түвшинд байгаа бол Британид ч мөн байгалийн хийн нөөц өвлийн их ачааллын үеийн хэрэгцээг 4-5 хоног хангах хэмжээнд байна.

Европт байгалийн хийг ихэвчлэн халаалт, эрчим хүч үйлдвэрлэлд ашигладаг. Байгалийн хийн үнэ өссөнөөр хүйтэн өвлийг хэрхэн давах вэ гэсэн иргэдийн түгшүүрийг нэмэгдүүлж байгаа аж. Нөөц нэмэгдэх хүртэл Европын холбооны хэмжээнд эрчим хүчний үнэ цаашид өсөх хандлагатай байгаа юм. Харин Европын холбоо зарим гишүүн орнууд нь эрчим хүчний хямралыг хурцатгасан гэж буруутгаж байгаа холбооны эрчим хүчний дотоод зах зээлд зохих өөрчлөлт хийнэ гэж амлахгүй байна.

Харин Европын холбоо дундаа байгалийн хий худалдан авах, ирээдүйд нийлүүлэлтийн хомсдол бий боллоо гэхэд хамгаалах үүрэгтэй байх илүү сайн нөөц байгууламжуудтай байх санал гаргаж байна. Гэхдээ Европын холбооны гишүүн орнууд байгалийн хийн эрэлт дэлхий даяар өссөнөөс улбаатай эрчим хүчний үнийн өсөлт, Европын холбооны хий хадгалах хүчин чадал хязгаарлагдмал байгаа зэрэгт ямар хариу арга хэмжээ авах тал дээр маргаантай. Франц, Испани болон Зүүн Европын орнууд айл өрх, хэрэглэгчдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд нэн яаралтай хөнгөвчлөх арга хэмжээ авахыг Брюсселиэс шаардаж байна.

Хөнгөвчлөх гэдэг нь Европын зарим орнууд аль хэдийн хэрэгжүүлээд эхэлсэн эрчим хүчний татаас олгох тухай асуудал юм. Франц Испани хоёр эрчим хүчний үнэ нь хамгийн сүүлд худалдаж авсан хамгийн үнэтэй эрчим хүчний эх үүсвэрээр тодорхойлогддог үнийн системийг халахыг Брюсселиэс шаардаж байна.

Харин Европын холбоо эрчим хүчний үнийн журмыг өөрчлөх магадлал маш бага гэж мэдэгдлээ. 1990-ээд онд эрчим хүчний нийлүүлэлтийг чөлөөлөхийн тулд тогтоосон эрчим хүчний дотоод зах зээл бол үнийн өсөлтөд ямар нэг хариуцлага хүлээхгүй, гэхдээ ногоон технологид хөрөнгө оруулалтыг дэмжих жижиг үйлдвэрлэгчдэд шинэ боломжуудыг нээж өгсөн гэсэн тайлбар өгч байна.

Өмнө нь Европын холбоо гишүүн бүх улсынхаа өмнөөс байгалийн хий худалдан авах оролдлого хийж, тэр нь гишүүн орнуудын дунд төвөгтэй байдал үүсгэж байсан туршлага байгаа учраас ийм зүйлээс аль болох зайлсхийх бодлого барьж байна.

Одоо Европын холбооны орнуудын айл өрх, эрчим хүч хэрэглэгчид ямар байдалтай байна вэ гэвэл Испанид аль 9 дүгээр сарын дунд үеэс айл өрхүүд цахилгааны төлбөрөө төлөхөд хүндрэлтэй болж ирсэн. Эрчим хүчний үнэ энэ онд 6 дахин өссөн учраас нийгмийн дундаж давхаргынхан эрчим хүчний хэрэглээгээ хязгаарлахад хүрч байна.

Тухайлбал, зарим айл цахилгаан бага зарцуулдаг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл худалдан авах нь нэмэгджээ. Хүүхдүүд нь гэртээ байхгүй үед айлын эзэгтэй нар гэрлээ асаахгүй, лааны гэрэл ашиглаж байна. Нөгөө талаар эрчим хүчний энэ хямрал Европын холбооны цаг уурын өөрчлөлттэй тэмцэх бодлогод ч сорилт авч ирж байна.

Польш Испани Чех зэрэг орнууд гол эрчим хүч үйлдвэрлэгчдийг агаарын бохирдлын зардлыг нөхөхийн тулд нүүрс төрөгч ялгаруулалтанд төлбөр төлүүлдэг тусгай схемийн талаар гомдол гаргаж байна. Европын холбоо 2050 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулдаггүй болох зорилт тавьсан, үүндээ хэрхэн хүрэх вэ гэдэг нь тус холбооны маргааны гол сэдэв болж байгаа. Зүүн европын бага эдийн засагтай орнууд болон Өмнөд Европын орнууд, Франц улс тээврийн болон халаалт өгдөг салбарт хүлэмжийн хий ялгаруулсны төлбөр төлүүлдгийг болих хэрэгтэй гэж эсэргүүцэж байна. энэ нь бага орлоготой айл өрхөд маш том дарамт болдог гэж үзэж байгаа юм.

ОХУ: Европын байгалийн хийн үнийг бууруулахын тулд нийлүүлэлтээ нэмэгдүүлэх боломжтой

ОХУ байгалийн хийн нийлүүлэлтийн урт хугацааны гэрээтэй орнууд илүү аюулгүй байгааг онцлов. Иймд Европын эрчим хүчний агентлаг зах зээлийн эрэлтээс үүдэлтэй эрчим хүчний үнийн өсөлтийг бууруулахад дэмжлэг үзүүлэх үүднээс Европын орнуудад нийлүүлэх байгалийн хийгээ нэмэгдүүлэхийг ОХУ-д хандаж уриаллаа.

Үүний хариуд Оросын Газпром компани урт хугацаанд байгалийн хий худалдан авах гэрээ байгуулсан орнууд айлтгүй, тэд гэрээнд заасан хэмжээндээ хийгээ авна гэж мэдэгджээ.

ОХУ-ын Газпром компанийн ТУЗ-ийн дарга Виктор Зубков: Газпром бол Европ руу хий тээвэрлэсэн өнгөрсөн 50 жилийн хугацаанд эрчим хүчний найдвартай нийлүүлэгч гэдгээ батлан харуулсан. Энэ 50 жилд биднээс байгалийн хий авч байгаа орнууд байгалийн хийн талаар ямар ч асуудалтай тулгарч байгаагүй. Харин урт хугацааны гэрээ байгуулахаас татгалзаж, зэх зээлээс худалдан авалт хийхээр шийдвэрлэсэн орнууд л байгалийн хийн нийлүүлэлт нь буурч, үнийн хөөрөгдөлтэй тулгарч байна.

Мөн Газпром энэ оны байгалийн хийн экспорт 2018онд тогтоосон бүх цаг үеийн хамгийн өндөр түвшинд хүргэж нэмэгдүүлсэн . хэрэглэгчдийн эрэлтийг хангах нийлүүлэлтийн үүргээ биелүүлж байгаа, хэрвээ шаардлагатай гэж үзвэл үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ ОХУ-ын ерөнхийлөгч Путин Орос улс одоо хэрэгжиж байгаа урт хугацааны гэрээгээр дамжуулан Европын хэрэглэгчдэд илүү их байгалийн хий нийлүүлэх боломжтой гэдгээ мэдэгдснйи дараа Европын зах зээл дээр хийн үнэ пүрэв гарагт бага зэрэг суларсан юм.

Гэхдээ Путин Газпром өвлийн улирал эхлэхээс өмнө дотоодын хэрэгцээний нөөцөө хангах нь чухал байгааг онцолсон. Мөн энэ оны эхний 9н сард Оросын Европ руу нийлүүлж байгаа байгалийн хий өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар өссөн. Энэ өсөлт энэ онд түүхэн дээд хэмжээнд хүрч ч магадгүйг анхааруулжээ. 

Газпромын Экспорт хариуцсан Ерөнхий захирал Елена Бурмистрова: Оросын хий хоолой нь нэг нийлүүлэгчээс хараат байдлыг нэмэгдүүлдэг гэсэн суртал ухуулга Европт олон жил явж ирсэн. Гэхдээ өнөөгийн зах зээлийн бодит байдал шингэрүүлсэн хий улс орнуудын эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж байгааг, хомсдвол өндөр өртөгтэй зах зээл шүү гэдгийг нотолж байна.

Ер нь Орос урт хугацааны нийлүүлэлтийн гэрээг өөрчлөх оролдлого хийж байгаа нь хийн үнийг хөөрөгдөхөд гол нөлөөл үзүүлсэн гэж үзэж байна. Европын холбооны гишүүн 27 улс байгалийн хийн хэрэглээнийхээ 90 орчим хувийг импортоор буюу гаднаас авдаг юм. Үүний 40 орчим хувийг ОХУ-аас авдаг юм байна. өөрөөр хэлбэл Европын холбоо Оросын байгалийн хийн нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай байна гэсэн үг юм.

Одоо хий нийлүүлж байгаа хоолойгоор Оросын хийг Герман руу нийлүүлэх Хойд урсгал- байгалийн хийн шинэ хоолой ашиглалтад орохоос өмнө нийлүүлэлтээ нэмэгдүүлэх боломжтой байгааг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн. Мөн Оросын засгийн газрын орлогч сайд Александр Новак Хойд урсгал 2 хийн хоолойг нээснээр Европын эрчим хүчний зах зээл маш богино хугацаанд тогтворжих болно гэж мэдэгдсэн.

Энэ нь шинэ хоолойг зөвшөөрөхөд Европын эрх баригчдыг хурдан хөдөлгөх гэсэн алхам гэж Европын зарим эрх баригч үзэж байгаа юм байна.

Оросын нийлүүлэлтээс гадна хий дамжуулах хоолойгоор бус хөлөг онгоцоор тээвэрлэх боломжтой байгалийн шингэрүүлсэн хийн эрэлт хэрэгцээ Азийн орнуудад өндөр байгаа, Европ нөөцөө өвөл болохоос өмнө шавхсан зэрэг шалтгаанаар дэлхийн том зах зээлүүдэд эрчим хүчний үнэ өсөж, нийлүүлэлт хомсдож байна. байгалийн хийн бага нөөцөөс улбаатай энэ хямрал ирэх өвөл ердийнхөөс илүү хүйтэн байвал Европ тив эрчим хүчний хомсдолтой тулгарна гэсэн болгоомжлолд хүргээд байгаа.

Мөн дэлхийн хамгийн олон хүн амтай Хятад, Энэтхэг зэрэг улсууд ч эрчим хүчний хомсдолтой тулгарч байна. энэ нь цар тахлын дараах эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдсэн, эрчим хүчний нийлүүлэлт хомсдсон, хүлэмжийн хийг бууруулах дотоод бодлого зэрэг олон талын хүчин зүйлсээс шалтгаалж байна.

Иймээс улс орнууд одоо эрчим хүчний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх том сорилттой тулгарах нь гэж шинжээчид онцолж байна. Нөгөө талд эрчим хүч үйлдвэрлэдэг экспортолдог орнуудын үнэ цэнэ өсөж, тэдэнтэй яриа хэлэлцээ хийх дипломат ажиллагаа эрчимжих төлөвтэй байгаа юм.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Европын холбоо байгалийн хийн нөөцөө нэмэгдүүлэх богино болон дунд хугацааны төлөвлөгөө гаргана   
Үзсэн: 2062 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй