Шууд Chart

Б.Алтангэрэл: Мөрдөн байцаалтын шатанд 12 тэрбум 348 сая гаруй төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн

2021-10-23 12:23:25

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас зохион байгуулж буй цаг үеийн шинжтэй арга хэмжээний талаар тус албаны Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн Чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Б.Алтангэрэлээс тодрууллаа.

-“Шийдвэрлэлт-2” арга хэмжээний явц, үр дүн болон нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч?

-ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас харьяа нэгжийн хэмжээнд шалгагдаж байгаа гомдол, мэдээлэл, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдийг шуурхай шалган шийдвэрлэх, хэргийн бодит байдлыг тогтоон гэмт хэргийн улмаас хохирсон иргэд, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх, хохирол өндөртэй, ажиллагаа ихтэй ээдрээ төвөгтэй хэргүүдийг илрүүлэх, шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Шийдвэрлэлт-2” хэсэгчилсэн арга хэмжээг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд зохион явуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд харьяа нэгжүүдээс өнөөдрийн байдлаар гэмт хэргийн шинжтэй 3035 гомдол, мэдээллийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэн, хариу өгч ажиллалаа. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргээс шүүхэд шилжүүлсэн 1624, хэрэгсэхгүй болгосон 31, бусад хэрэгт нэгтгэн шалгасан 502, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан 941, нийт 3098 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусган прокурорт шилжүүлж шийдвэрлэсэн.

Одоогийн тоон үзүүлэлтүүдийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гомдол, мэдээлэл 865 нэгжээр буюу 37.7, хэрэг бүртгэлтийн хэрэг 651 нэгжээр буюу 13.6, мөрдөн байцаалтын хэрэг 200 нэгжээр буюу 17.5 хувиар буурсан дүнтэй байна.

Үүнээс гадна мөрдөн шалгах нэгжүүдээс арга хэмжээний хүрээнд хүнийг алах 19, залилах 217, хүчиндэх 48, үүнээс бага насны хүүхэд хохирсон 8 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж дуусган прокурорт шилжүүлэн ажилласан байна.

-Иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс хохирол ихтэй олны анхаарлыг татсан хэргүүдийн талаар мэдээлэл өгөөч?

-Арга хэмжээний хүрээнд илрүүлсэн онцлох хэргүүдээс дурдвал Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг компанийн ажилчдын байранд 2021 оны 8 дугаар сард жолооч ажилтай “Н” гэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн “А”-ийн амь насыг хохироосон, өсвөр насны “А” нарын 18 этгээд бүлэглэн Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 180 иргэний эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн, Сүхбаатар дүүргийн харьяат “Б” гэгч 2021 оны 7 дугаар сард иргэн “Б”-г бусдын захиалгаар алахаар завдаж 8 удаа хутгалж гэмтэл учруулсан мөн бага насны хохирогч “О”-г хүчирхийлсэн, Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сард иргэн “С” гэгчийг “Б” нарын 4 этгээд бүлэглэн хүч хэрэглэж барьцаалсан, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн “Г” бусадтай цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа гэрээний нөхцөлд заасан банкны төлбөр төлөх төлбөрийн баталгааг хуурамчаар үйлдэж, нэг тэрбум 987 сая 57 мянган төгрөг залилсан, Өмнөговь аймгийн Ханбогд суманд бүртгэлтэй, гадаадын хөрөнгө оруулалттай нэр бүхий компанийн хувийн хувьцаа эзэмшигч “С” бусадтай бүлэглэн нэр бүхий компанийн банкин дахь харилцах данснуудаас удаа дараагийн үйлдлээр гүйлгээ хийж мөнгө угаасан, иргэн “Б” бусадтай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тусгайлсан байр бэлтгэн цахимаар мөрийтэй тоглоом тоглуулж, иргэдийг хуурч мэхлэн 9 тэрбум 519 сая 53 мянга 824 төгрөгийн хохирол учруулсан зэрэг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тал бүрээс нь бүрэн дүүрэн явуулсны үндсэн дээр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлээд байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

-Ямар нэгэн гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоо маш чухал байдаг. Тиймээс гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж буй болон үйлдсэн талаарх мэдээ, мэдээллийг цаг алдалгүй цагдаагийн байгууллагад мэдэгдэж, хамтран ажиллаж байхыг хүсье.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Алтангэрэл: Мөрдөн байцаалтын шатанд 12 тэрбум 348 сая гаруй төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн  
Үзсэн: 2856 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй