Шууд Chart

Эрдэмтэд: Монгол Улс бүс нутагт энх тайван тогтооход манлайлан оролцох потенциалтай

2021-10-27 12:53:26

“Зүүн Хойд Азийн энх тайван, хөгжил дэвшил, Солонгосын Нэгдлийн асуудлаарх Монголын Форум” Олон улсын цахим хурал өнөөдөр Улаанбаатарын цагаар 08:00 цагт эхэллээ. 3 хоног үргэлжлэх энэхүү цахим хурал нь Монгол улсын бүс нутаг дахь онцгой үүргийг тодотгож, таниулж байдаг эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотой олон улсыг хамруулсан томоохон үйл ажиллагааны нэг юм.

Монгол нь Зүүн Хойд Азийн бүс нутгийн улс орнууд дундаа ардчилалыг хөгжүүлэн, эвсэлд үл нэгдэх, зөрчил маргаанд төвийг сахиж, тэнцвэрийг хадгалах байр суурь баримталдагаараа онцгой нэр хүндтэй улс билээ. Мөн бүс нутгийн улс орнуудтайгаа уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлж ирсний дотор дайнаар хоёр тусгаар болсон БНАСАУ болон БНСУ-уудын аль алинтай нь найрсаг харилцааг хөгжүүлж байна. Энэ үүднээс Солонгосын хойгийн аюулгүй байдлын асуудлыг эрдэмтэн судлаачдын болон бусад хүрээнд хэлэлцэхэд Монгол улс нэн тохиромжтой байршилтай гэж олон улсын хүрээнд үздэг юм. Энэхүү форумын нээлтийн хуралдаанд оролцсон олон улсын эрдэмтэд Монгол улсын бодлого, хандлага, идэвх, оролцоог онцолж, ирээдүйн хамтын ажиллагаанд чухал үүрэгтэйг тэмдэглэв.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суусан Элчин сайд, “Цэнхэр сүлд” ТББ-ын тэргүүн Ж.Энхсайхан

“Даяаршиж, харилцан хамааралтай болж буй өнөө үед улс бүрийн үүрэг чухал. Зүүн Хойд Азийн бүс нутаг дахь Монгол улсын бодлого нь “нуур амгалан бол нугас амар” гэдэгчлэн  эерэг үүрэг гүйцэтгэх, идэвхтэй гадаад бодлогоороо бүс нутагт итгэлцэлийг бэхжүүлэх, улс орнуудыг холбох гүүр нь байхыг чармайдаг. Хөрш улс орнуудтайгаа газар нутгийн болон хилийн маргаангүй,  бүс нутгийн улсуудтай сайн хөршийн найрсаг харилцаагаа хөгжүүлж, Цөмийн зэвсэгтэй таван гүрнээр дэмжүүлсэн цөмийн зэвсгээс ангид статусаа олон улсаар хүлээн зөвшөөрүүлсэн. Мөн Хоёр Солонгос Монголыг Солонгосын хойгтой холбоотой улс төрийн ямар ч далд санаархалгүй Солонгосын нэгдлийг дэмжиж байдгыг сайн мэдэж байгаа.”   

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Одбаяр

“Монгол улсын цөмийн зэвсэггүй болох бодлогыг хүчтэй дэмжиж, олон улсын хууль эрхзүйн хүрээнд үүнийг баталгаажуулахын төлөө ажиллаж ирсэн “Цэнхэр Сүлд” ТББ нь Зүүн Хойд Азийн аюулгүй байдал, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд чармайлт гаргадаг.  ТББ болон Иргэний нийгэм нь бүс нутгийн улс төрд эерэг нөлөө үзүүлж чадах энх тайвны хүчийг төлөөлдөг гэдгийг баяртайгаар цохон тэмдэглэмээр байна.”

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар


 “Чөлөөт зах зээл, ардчилал руу тайван замаар шилжсэн Монгол улсад бүс нутгийн тогтвортой байдал чухал байдаг. Мөн Монгол улс бүс нутгийн тогтвортой байдал, түүнийг урьдчилан таамаглаж болохуйц байхыг дэмжих үүднээс бүс нутгийнхаа бүх улс орнуудтай ялангуяа Солонгосын хойгийн орнуудтай идэвхтэй яриа хэлэлцээ өрнүүлэх нь бидний үүрэг хариуцлага гэж үздэг. Монгол улс НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүнээр баталгаа гаргуулж, газар нутгаа цөмийн зэвсэгээс ангид бүс гэж зарласан. Ингэхдээ бид үүнийг зүгээр нэг зарлаагүй, бүс нутгийн хэмжээнд өргөжүүлэх, хүсэл зорилготой гэдгээ илэрхийлж байсан.”

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат


“Хүчээр түрэх хатуу бодлого Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход сайн үр дүн авч ирэхгүй. Иймээс улс төрийн яриа хэлэлцээнээс гадны нийгмийн асуудлуудыг эдийн засгийн үйл ажиллагаатай уялдуулах шинэ арга замыг бид эрэлхийлэх хэрэгтэй. Хатуу биш зөөлөн хүчний бодлого үр дүнгээ өгнө.”

Дэлхийн Энх Тайвны сангийн олон улс хариуцсан ерөнхийлөгч Жеймс Флинн “Хоёр Солонгосын ээдрээтэй асуудлыг шийдвэрлэх хүчин чармайлт одоогоор өмнөхийн адил мухардалд ороод байна. Үүнийг мухардлаас гаргахын тулд тодорхой шинэ санаа, өөр өөр арга барил хэрэгтэй болж байна. Тийм ч учраас Нэг Солонгосын асуудлаарх энэхүү олон улсын форум нэгдмэл Солонгосын төлөөх зорилгод суурилсан шинэ санаачилга гаргах үүднээс олон улсын нэр хүндтэй судлаач эрдэмтдийг татан оролцуулж байгаа юм. ”

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн Грегори Мэй


“Монгол Улс бол Солонгосын хойгт энх тайван тогтоох, тогтвортой байлгах чиглэлд үр дүнтэй үүрэг гүйцэтгэж ирсэн. Байдены засаг захиргаа холбоотнууд, түншүүдтэйгээ ялангуяа Монгол зэрэг энэ бүс нутгийн орнуудтай хамтран ажиллах замаар Умард Солонгосын талаас гаргаж байгаа сорилтуудыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдол өгч байна. Түүнчлэн бид Орос, Хятадтай ч энэ чиглэлд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. ”

БНХАУ ба Глобалчлал төвийн ЕНБД, доктор Мабел Лю Миао


“Цөмийн зэвсэггүй, энх тайван Солонгосын хойг байх нь Солонгосын ч Хятадын ч, мөн бусад оролцогчдын ч ашиг сонирхолтой нийцнэ. Солонгосын хойг бол хөрш улс орнуудынхаа хувьд стратегийн чухал бүс нутаг. Солонгосын хойг бол Ази Европыг холбож, номхон далайн баруун бүс рүү гарах гарц нь болдог. Энх тайван хөгжиж цэцэглэсэн Солонгосын хойг байх нь Зүүн Хойд Азийн ирээдүйн хөгжлийн түлхүүр юм.

Олон улсын эрчим хүчний Агентлагийн гүйцэтгэх захирал асан, доктор Нобуо Танака


“Зүүн Хойд Азийн улс орнуудын хувьд Байгалийн хийн Алтан Үе ирж байна.  Цөмийн материалыг ус төрөгч хийхэд ашиглаж болно. Энэ ус төрөгчийг эрчим хүчний сүлжээ байгуулаад ашиглах боломжтой. Ирээдүйд цэвэр эрчим хүчний платформ байгуулахад хамтран ажиллах технологи, боломжууд Зүүн Хойд Азийн орнуудад бий.

МОНГОЛ УЛСЫН ЭРДЭМТЭД БҮС НУТГИЙН ЭНХ ТАЙВАН, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨХ САНААЧИЛГАА УРАГШЛУУЛЖ БАЙНА

-ДЭЛХИЙН УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДИЙН ЖИН ЗҮҮН ХОЙД АЗИ РУУ ШИЛЖИЖ БАЙНА-

Монгол улсын эрдэмтэн, судлаач, дипломатууд Зүүн Хойд Азийн энх тайвны хөгжил, Солонгосын  Нэгдлийн асуудлаар хоёрдахь удаагаа зохион байгуулж байгаа энэхүү цахим форумаар:

Ковидын дараах дэлхий ертөнц: сорилт, боломжууд ба Зүүн Хойд Азийн энх тайвны хөгжлийн стратеги
Чөлөөт, Нэгдмэл Солонгос төсөөллийг урагшуулах нь
Зүүн Хойд Азийн цөмийн зэвсэггүй бүс ба Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгохын төлөөх оролцогч талуудын үүрэг: Нэгдмэл Солонгосын үр нөлөө
Түмэн гол санаачилгаас авсан сургамж: Чөлөөт Нэгдмэл Солонгос ба Зүүн Хойд Азийн эдийн засгийн интеграци
Зүүн Хойд Азийн энх тайван, хөгжил дэх залуучуудын манлайлал
гэсэн зургаан үндсэн салбар хуралдааны хүрээнд болж байна.

Эхний өдрийн хуралдаан Ковидын дараах дэлхий ертөнц: сорилт, боломжууд ба Зүүн Хойд Азийн энх тайван, хөгжил дэвшлийн стратеги гэсэн сэдвийн хүрээнд боллоо.

Солонгосын хойгт дайныг албан ёсоор дуусгах энхийн гэрээ байгуулахад саад болж байгаа гол хүчин зүйлсийг дараах байдлаар авч үзэж байна. Нэг талаас  БНАСАУ нь АНУ-ын цэргийг Өмнөд Солонгосоос гаргах, НҮБ-ын энхийг сахиулах цэргийн баазын командын төвийг татан буулгахыг шаардаж байгаа явдал. Нөгөө талаас АНУ Умард Солонгосын эдгээр шаардлага цөмийн болон пуужингийн хөгжлөө урагшлуулахад цаг хожиж байгаа алхам гэж үзэж байгаа юм. Умард Солонгос цөмийн зэвсгээс ангижрахын өмнө АНУ-тай энхийн гэрээ байгуулах сонирхолтой байдаг. Харин Вашингтон энхийн хэлэлэцээрт гарын үсэг зурахаас өмнө Умард Солонгос цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоож, бүрэн устгах ёстой гэсэн байр суурьтай байгаагаас Америк-Умардын хэлэлцээ мухардалд орсон гэсэн дүгнэлтийг судлаачид хийж байна.  

Юу шийдэгдэж байж Солонгосын хойгт энх тайван тогтох вэ?

АНУ-БНАСАУ-ын харилцаа хэвийн болох
БНАСАУ-Японы харилцаа сайжрах
“АНУ-БНСУ-ын холбоотны харилцаа өөрчлөгдсөн үед л эдгээр орнуудын харилцаа сайжрах үйл явц өрнөх болов уу. Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудлыг шийдвэрлэх олон улсын хамтын ажиллагаа Зүүн Хойд Ази дахь Хүйтэн Дайны бүтцийг нураах аюулгүй байдлын хамтын ажиллагааг эрэлхийлэхэд хүргэх ёстой. Хэрвээ Умард Солонгос тогтолцоогоо хадгалах,  аюулгүй байдлын баталгааг хүний эрхийн баталгаатай хамт өгч байж энхийн гэрээ байгуулахгүй бол гэрээ байгууллаа гэхэд тэр нь агуулгагүй цагаан цаас лугаа адил болно” гэж Солонгосын их сургуулийн “Нэг Солонгос” хүрээлэнгийн захирал, доктор Кван-Кю Нам илтгэлдээ онцлов.

ОХУ-ын Шинжлэх ухааны академийн, Алс Дорнод судлалын хүрээлэнгийн ахлах судлаач, доктор Элена Бойкова “Дэлхийн улс төр, эдийн засгийн хүндийн жин Зүүн Хойд Ази руу шилжиж байна. Энд том гүрнүүдийн өрсөлдөөн, сөргөлдөөн зэрэг өрнөж байна. Үүн дээр ковид19 цар тахал гарснаар шинэ төрлийн зөрчлийг мөн үүсгэж, ард түмнүүдийг хуваагдал руу түлхэх төлөв харагдаж байна. Ийм нөхцөлд бүс нутгийн орнуудын харилцааг сэргээхийн тулд нэр хүндтэй эрдэмтэн судлаачид,  профессорууд, судалгааны хүрээлэнгүүд, бодлого боловсруулагчид, иргэний нийгмийн манлайлагчид, олон улсын сэтгүүлчдийн дунд харилцааг сэргээх нь чухал байна. Улаанбаатарын яриа хэлэлцээний туршлагаас харвал бүс нутгийн хамтын ажиллагааны төрийн бус байгууллагууд, судлаач эрдэмтдийн харилцаа холбоо бол маш үр дүнтэй ялангуяа Хоёр Солонгосын хооронд яриа хэлэлцээг сэргээхэд чухал үр дүн үзүүлж чадна.”

Харин Хятадын Гадаад харилцааны сургуулийн хүндэт профессор Хао Су “Хятад улс Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлд өөрийн онцгой нөлөөг ямагт ашиглаж ирсэн. Умардын удирдагч 2018 онд Хятадын даргатай Бээжинд уулзсаныхаа дараа цөмийн зэвсгээс ангижрах маш тодорхой амлалт өгсөн. Мөн 2018 онд дахин уулзахдаа ч тэрхүү амлалтаа дахин нотлосон. АНУ Хятадын энэ идэвхтэй оролцоо, нөлөөг үнэлэх ёстой” гэж Хятадын төрийн бодлогыг тодотгож хэллээ.

КОВИДЫН ДАРАА БҮС НУТГУУДАД ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯМРАЛ ДААМЖРАХ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ БУУРАХ ЭРСДЭЛ БАЙНА

КОВИД-ЫН ДАРААХ ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТ, БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСАГ:  Ковид-ын дараах үе хэмээх шинэ үе олон улсын харилцаанд бий болж байна. Ойрын хэдэн сард вакцинжуулалтын хурд ямар байхаас ковид19 цар тахал хүн төрөлхтөнтэй хэдий хүртэл хамт байх төлөв харагдах болов уу гэж эрдэмтэд таамаглаж байгаа. Зарим тооцооллоор өндөр орлоготой орнуудад цар тахлын байдал ирэх оны хоёрдугаар улиралд аюулгүй түвшинд хүрэх бол бага орлоготой орнуудад 2023 он болон түүнээс хойш ч цар тахлын аюул байсаар байх төлөвтэй байна. “Бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт буурсан, хагас дамжуулагч хомсдсон, хөдөлмөрийн зах зээл хумигдсан, эрчим хүчний хомсдол зэргээс шалтгаалж дэлхийн эдийн засаг 5.9%тай буюу өмнөх таамаглалаас буурах төлөвтэй байна” гэдгийг хурлын илтгэгчдийн нэг Стратеги судлалын хүрээлэнгийн эдийн засгийн секторын эрхлэгч Н.Энхбаяр илтгэлдээ онцлов. 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯМРАЛ: Ази Европд нүүрс, байгалийн хийн хомсдол, эрчим хүчний хямрал ковидын дараах том сорилтуудын нэг болох төлөвтэй байна. Цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал Ази, Европын орнуудын эрчим хүчний хямралд нэрмээс болох дүр зураг харагдаж байгаа юм. Хэрвээ ковид19 цар тахлын тархалт буурахгүй, энэ өвөл зарим бүс нутгаар цас ихтэй, өмнөх жилүүдээс хүйтэн өвөл болвол, Хятадын санхүүгийн салбар илүү олон асуудалтай тулгарвал үүний сөрөг нөлөө цөөн биш бүр бүс нутгийн цаашлаад дэлхийн эдийн засгийн өсөлтөнд үзүүлэх сөрөг нөлөөллийг өргөжүүлэх эрсдэл байна.

СОЛОНГОСЫН ХОЙГИЙН ЭВ НЭГДЭЛД ИРГЭД ХООРОНДЫН БОЛОН СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ОРОЛЦОО МАШ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ

Цар тахлын онцгой үед зохион байгуулагдаж байгаа энэхүү олон улсын форумыг “Цэнхэр Сүлд” ТББ, “Дэлхийн Энх Тайвны” сан, “Нэг Солонгос” сан, “Солонгосын Нэгдлийн төлөөх үйл ажиллагаа” ТББ, Солонгосын нэгдлийн төлөөх Монголын форум болон  иргэний нийгмийн байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Түншээр Зүүн Хойд Азийн Аюулгүй байдал, стратегийн хүрээлэн, ЭйКейЮу Профессоруудын холбоо, Солонгосын Нэгдлийн төлөөх АНУ-ын эвсэл, Азийн хүрээлэн, Аялал жуулчлалаар Энх тайван тогтоох Олон улсын хүрээлэн зэрэг байгууллагууд оролцож байна. Мөн АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам, АНУ-ын конгресс, БНСУ-ын Боловсролын их сургууль, Солонгосын Үндэсний дипломатын Академи, Хятад, Глобалчлалын төв зэрэг төрийн болон эрдэм шинжилгээ судалгааны ТББ-ууд хамтран оролцож байна. Ер нь олон улсын харилцааны практикт салбарын эрдэмтэн судлаачдын санал, эрдэм шинжилгээний илтгэлүүдээр дамжуулж улс орнууд зарим зөрчилтэй, маргаантай асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд бусад талдаа байр сууриа ойлгуулах, илэрхийлэх тохиолдол байдаг. Иймээс эрдэмтдийн судалгаа бүтээлийг хэлэлцдэг ийм төрлийн хурал, форумын ач холбогдол, цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж байна. Монгол улсын эрдэмтэн судлаачид ч олон улсын энэхүү практикт идэвхтэй оролцож, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын төлөө уйгагүй чармайж, хувь нэмрээ оруулсаар байна. Тухайлбал Зүүн Хойд Азийн аюулгүй байдал, ялангуяа цөмийн эзвсгийн аюулыг холдуулах чиглэлд бүс нутгийн эрдэмтэд санаагаа чилээсээр удаж байна. Тэдгээрийн нэг платформ нь энэхүү Зүүн Хойд Азийн энх тайван, хөгжил дэвшил, Солонгосын нэгдлийн асуудлаарх Монголын Форум юм. Зүүн Хойд Азийн бүс нутагт Монгол, ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, БНАСАУ зэрэг орнуудыг хамруулж үздэг.

 

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Эрдэмтэд: Монгол Улс бүс нутагт энх тайван тогтооход манлайлан оролцох потенциалтай   
Үзсэн: 2274 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй