Шууд Chart

Зүүн Хойд Азийн эрдэмтэд: Солонгосын хойгт энх тайван тогтооход их гүрнүүд бус хоёр Солонгос хоорондын яриа хэлэлцээ чухал үүрэгтэй 

2021-11-01 09:57:35

“Зүүн Хойд Азийн энх тайван, хөгжил дэвшил, Солонгосын нэгдэл”  хэмээх Монголын судлаач эрдэмтэд, судалгааны төрийн бус байгууллагын олон улсын цахим форум гурван өдөр болж өндөрлөлөө. Монгол Улсад гурав дахь жилдээ зохион байгуулагдсан энэ  форумд  Монгол, АНУ, БНХАУ, ОХУ, Япон, Энэтхэг, БНСУ, Англи, Индонез зэрэг орны эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, төрийн бус судалгааны байгууллагуудын судлаач, нэр хүндтэй дипломатууд, эрдэмтэд оролцов. “Ковид-19” цар тахлын нөхцөлд Бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар болсон уг цахим хурлын ач холбогдлын талаар

-Монгол болон Зүүн хойд Азийн орнуудын эрдэмтэд Бүс нутгийн аюулгүй байдал, энх тайвны болон цар тахлын байдлын талаар юу хэлэлцэв?

Ахмад дипломат Ж.Энхсайхан: -“Хурлаар дараах асуудлыг тусгайлан хэлэлцэж оролцогчид санал бодлоо чөлөөтэй солилцлоо:

  1. Ковидын дараах дэлхий ертөнц: сорилт, боломжууд ба Зүүн Хойд Азийн энх тайвны хөгжлийн стратеги,
  2. Чөлөөт, нэгдмэл Солонгосын төсөөллийг урагшлуулах нь,
  3. Зүүн Хойд Азийн цөмийн зэвсэггүй бүс ба Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгохын төлөөх оролцогч талуудын үүрэг,
  4. Түмэн голын санаачилгаас авсан сургамж: Зүүн Хойд Азийн эдийн засгийн интеграцыг Чөлөөт, Нэгдмэл Солонгос руу чиглүүлэх нь,
  5. Зүүн Хойд Азийн энх тайван, хөгжил дэх залуучуудын манлайлал гэсэн сэдвийн хүрээнд өөр өөрсдийн судалгаа, шинжилгээний сүүлийн үеийн мэдээллээ солилцлоо.

-Солонгосын Хойгийн байдалд бүс нутгийн эрдэмтэд ямар байр суурьтай байна?

Ахмад дипломат Ж.Энхсайхан: -“Солонгосын нэгдлийн талаар их гүрнүүд бус харин хоёр Солонгос өөрсдөө яриа хэлэлцээний замаар ярилцаж шийдэх учиртай гэдэг дээр бүс нутгийн эрдэмтэд санал нэг байна. Хоёр Германы нэгдлийн сургамжтай холбогдуулж янз янзын санаа гарч байснаас үзвэл түүнээс авч болох, болохгүй зүйл байгаа нь харагдаж байлаа. Зүүн Хойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах асуудлаар олон улсын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаатай холбогдуулан ирэх жилийн хуралдаанд санаа бодлоо танилцуулахыг ажлын хэсгээс хүслээ. Эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар энэ удаа Түмэн голын санаачилгыг тусгайлан хэлэлцэж, асуудлыг өнөөгийн шинэ нөхцөлд дахин сайтар харж үзэх нь зүйтэй гэж оролцогчид үзэцгээсэн. Ковидын дараа улс орнуудын хамтын ажиллагаа одоогийнхоо илүү идэвхтэй, илүү нягт уялдаатай болох нь нийгэмд тустай гэдэг дээр ч энэ бүс нутгийн эрдэмтэд санал нэг байна.”

-Монголд гурав дахь удаагаа \энэ удаад цахимаар\ болсон Зүүн Хойд Азийн эрдэмтдийн энэ хурлын ач холбогдол хэр өсөж байна?

Ахмад дипломат Ж.Энхсайхан: -“Энэ сэдвээрх хурлыг Улаанбаатарын дугуй ширээний хурал гэж нэрлэж,урьд өмнө зохион байгуулж байсан бол асуудлын ач холбогдол, сонирхогчдын тоо нэмэгдэж байгааг харгалзан хурлыг энэ жилээс Монголын форум гэж нэрлэж өргөтгөхөөр шийдвэрлэсэн юм. Монголын талаас Цэнхэр Сүлд ТББ, Дэлхийн энхийн их наадам ТББ болон Солонгосын нэгдлийг дэмжих Монголын форум, АНУ-ын талаас Дэлхийн энх тайвны сан, Нэг Солонгосын Сан, Өмнөд Солонгосын талаас Нэг Солонгосын төлөөх төрийн бус байгууллагуудын холбоо хамтран зохион байгууллаа. Ковидоос өмнө Монголд олон улсын хурал хийгдэж байсан боловч түүнд тусгайлан уригдаж ирсэн төлөөлөгчид л оролцож байсан. Тэгвэл энэхүү цахим хурлыг Монголд амжилттай хийлгэснээр хөрөнгө зардал, газарзүйн байршлын ялгаа арай багасч Монголд бусад улсын адил олон улсын хурлыг хийлгэх боломжтой болж байгааг энэ хурал тод томруун харууллаа. Энэ удаагийн хурлын бас нэг онцлог нь залуучуудын санаа бодлыг тусгайлан сонсож хэлэлцэж эхэлсэн 2019 оны санаачилгыг баталгаажуулсны дээр тэрхүү хуралдааныг Монголын залуу судлаач даргалан явуулж, Монголын залуучуудын төрийн бус байгууллагын төлөөлөгч товч илтгэл тавьж идэвхтэй оролцсон явдал байв.

БНХАУ БНАСАУ, БНСУ БОЛОН АНУ ГЭСЭН ДӨРВӨН ТАЛТ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ  ЭХЛҮҮЛЭХ ХУВИЛБАРЫГ ХЯТАДЫН ЭРДЭМТЭН ГАРГАВ

-Олон улсын эрдэмтэд Солонгосын хойгт энх тайван тогтоох чиглэлд ямар шинэлэг санаа дэвшүүлэв?

Солонгос судлаач, доктор Б.Лхагваа: -Солонгосын Хойгийн асуудлаар тавигдсан илтгэлүүдийг дүгнэж үзэхэд  сонирхолтой олон шинэ санаа оноо, үзэл бодол  гарч буй нь анхаарал татлаа. Тухайлбал бус нутгийн тогтвортой байдал, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд зарим талаар  хязгаарлалт, саад тотгор учруулж буй Солонгосын Хойгийн хямралт байдлыг гэтлэн давж, тус хойгийг цөмийн зэвсэггүй бүс  болгох замаар энхийн процессыг урагшлуулах үйл явцыг улам эрчимжүүлэх шаардлагатай байгааг эрдэмтэд онцолж байв. Үүний тулд Солонгосын асуудлаар  холбогдогч талуудын нэгдүгээр шугамаар \дээд түвшинд албан ёсоор\ явагддаг албан ёсны яриа хэлэлцээг  хоёрдугаар шугамаар \эрдэмтэн судлаачдын хүрээнд\ дэмжиж хүрээг нь тэлж,  олон нийтийн анхаарлыг энэ зүг рүү хандуулах  хосолмол  аргыг хэрэглэх нь үр дүнтэй гэсэн саналыг судлаачид  дэвшүүлж байв. Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс  Умард Солонгосын талаар авсан хоригийг хэрэгжүүлэхэд олон нийтийн байгууллагууд хамтарч  ажиллахыг АНУ-ын зүгээс уриалж  байгаа  тухай зарим илтгэлд дурдагдсан. Хамтарч ажиллах байгууллагуудын хүсэлт саналыг ирэх оны нэгдүгээр сарын сүүлч хүртэл хүлээж авах юм шиг байна. Өөр нэг анхаарал татсан асуудал нь Солонгосын  асуудлаар Солонгосын хоёр тал дээр АНУ, БНХАУ гэсэн дөрвөн талт яриа хэлэлцээг эхлүүлэх хувилбар байж болох юм, 1953 оны  дайны гал зогсоосон гол субъектүүдийн хувьд гэсэн саналыг Хятадын судлаач гаргасан. Дараачийн нэг шинэлэг гэмээр зүйл нь чөлөөт нэгдсэн Солонгос улсын эзлэх байр суурийн төлөв байдлын талаарх судалгааны материалуудыг зарим эрдэмтэн гаргаж ирсэн нь сонирхол татсан. Судалгааны тэрхүү төсөөллөөс үзэхэд  хэрвээ  Солонгосын хоёр тал нэгдэж нийлчихвэл 2050 он гэхэд эдийн засгийн хувьд дэлхийн арав дахь хүчирхэг эдийн засагтай улс болж, нэг хүнд ногдох эдийн засгийн үзүүлэлтээр Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын гишүүн орнууд дотроо хоёрдугаарт орох юм байна. Далайн болон эх газрын хүчнийг тэрчлэн хөгжиж буй хийгээд хөгжингүй орнуудыг холбосон тус хойгийн газар зүйн байрлалын ач холбогдол, бүс нутгийн хамтын ажиллагаанд эзлэх жин байр суурь нь тэр хэрээр өсөн нэмэгдэх боломж нээгдэх тийм өөдрөг дүр зураг харагдсан. Гэхдээ цөмийн зэвсэгтэй бүс  нутгийн ийм их гүрэн гарч ирэх нь хөрш зэргэлдээ улсуудын болгоомжлолыг төрүүлж болзошгүй учраас цөмийн зэвсгээс тус хойгийг ангижруулах нь хамгийн  тулгамдсан зорилт гэдгийг судлаачид тэмдэглэсэн.  

-Эрдэмтэд Солонгосын хойгийн талаар ямар зүйл дээр санал нэгдэж байгаа вэ?

Солонгос судлаач, доктор Б.Лхагваа: -Ер нь Солонгосын хойгийн асуудал өөрөө нэлээд ужгирсан, Умард Солонгос цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах магадлал бага, дээр нь бас холбогдогч талуудын стратегийн ашиг сонирхол өөр өөр байдаг тул шийдэхэд ихээхэн төвөгтэй асуудал юм. Харин нэг нааштай тал нь гэвэл асуудлыг энхийн арга замаар шийдэх ёстой гэдэг дээр талуудын байр суурь нэгдэж буй явдал юм гэдгийг бас онцолж байв. Үүнд хугацаа их шаардагдана, гэхдээ эцсийн эцэст асуудлыг цогцоор нь шийдэх цорын ганц арга зам бол тайван, чөлөөт байдлаар хуваагдмал байдлаа гэтлэн давах, өөрөөр хэлбэл нэгдэж нийлэх  явдал гэдгийг олон судлаачид онцлоод энэ асуудлыг Солонгосын ард түмэн шийдэх учиртай, тийм боломжоор хангагдах ёстой гэж байв. Зарим судлаачид  үндэстнээ нэгтгэх асуудалд БНСУ-ын  залуу үеийнхэн хойрго хандаж байгааг Сөүлийн Их сургуулиас явуулсан тандалт судалгааны үр дүн харуулсныг дурдаад үүний гол шалтгаан нь хуваагдмал байдал ужгиран даамжирч үндэстэн хоорондоо холдон төсөөрч буйн уршиг юм гэж тодорхойлж байна лээ. Өөр бас нэг залруулах ёстой таагүй хандлага илэрч байгаа нь эхний ээлжинд Солонгосын Хойгт бат бэх энх тайван тогтоох, дараа нь нэгдэж нийлэх тухайгаа ярих нь зүйтэй гэсэн дэс дараалал маягийн зүйл яригдаж байгааг зарим судлаачид буруушаагаад энэ хоёр асуудал бол өөр хооронд нь салгаж үл болох харилцан уялдаатай нэг цогц зорилтын хоёр тал нь юм. Тайван тогтвортой байдал хангагдах нь үндэстнээ нэгтгэх үйл явцыг түргэтгэх дөт зам бөгөөд нэгдэж нийлэх нь тайван тогтвортой байдлын  найдвартай  баталгаа болж өгнө, хуваагдмал байдал үргэлжилсэн цагт хямрал,сөргөлдөөн бүрэн үгүй болно гэж байхгүй гэж үзэж байгаагаа эрдэмтэд илэрхийлсэн. 

-Монгол Улсын Зүүн Хойд Ази дахь энх тайван тогтвортой байдалд баримталдаг байр суурины талаар хөндөв үү?

Солонгос судлаач, доктор Б.Лхагваа: -Монгол Улс бүс нутагтаа хоёр талын харилцааны  зөрчил, сөргөлдөөнгүй, төвийг сахисан улс тул Солонгосын Хойг зэрэг бүсийн ээдрээтэй асуудлыг хэлэлцэж ярилцаж байх нэг гол цэг байж  болох бөгөөд ингэх ч үүрэгтэй гэж хэлэлцүүлэгт оролцогчид үзэж буйгаа илэрхийлээд  Монголын форумын ач холбогдол үүгээр тодорхойлогдоно гэдгийг олон улсын эрдэмтэн судлаачид санал нэгтэй тэмдэглэсэн шүү.

-Сонирхолтой сэдвээр олон талын өнцгөөр яриа өрнүүлсэн та бүгдэд баярлалаа.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Зүүн Хойд Азийн эрдэмтэд: Солонгосын хойгт энх тайван тогтооход их гүрнүүд бус хоёр Солонгос хоорондын яриа хэлэлцээ чухал үүрэгтэй   
Үзсэн: 2502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй