Шууд Chart

Г.Бөхчулуун: Үндэсний хөгжим, ардын урлагаа таниулах зорилгоор Австралийн “The Voice” шоунд орсон, бодсон бүхэн минь ч маш сайхан биелсэн

2021-11-05 08:58:53

Тэрбээр 2020 онд Австралийн “The Voice” шоуны “Blind audition” шатанд морин хуураа эгшиглүүлж, өөрийн зохиосон “Аав, ээж хоёр” дууныхаа хоёр дахь мөрийг дуулахдаа л гурван шүүгчийг нэгэн зэрэг, цаашлаад эхний бадгаа дуулахдаа л бүх шүүгчийг эргэж харуулсан билээ. Түүний зохиосон, дуулсан “Аав, ээж хоёр” дуу, морин хуурын аялгуу, хөөмийн эгшиг монгол, гадаад олон хүнийг уулга алдуулж, толгой сэгсрүүлж, нулимсыг нь залгиулж эсрэгээрээ бүр сул асгаруулсан.

-Юун түрүүнд бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Таны “The Journey” цомог Австралийн ARIA шагнал (ARIA awards)-ын  “World music: New age” төрөлд нэр дэвшиж, шилдэг таван цомгийн нэг болсонд баяр хүргэе. Цомгийнхаа талаар мэдээлэл өгөөч?

-Баярлалаа. ARIA Австралийн дуу, хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал. Зүйрлэвэл АНУ-д “Grammy awards”, Монголд “Пентатоник” гэж хэлж болно. “ARIA awards” поп, рок, хип хоп, транс зэрэг арван төрөлд шилдгээ шалгаруулдаг бөгөөд нэр дэвшсэн уран бүтээлчид нь зөвхөн Австрали улсаар хязгаарлагддаггүй юм билээ. АНУ-ын болон бусад орны поп дуучид ч нэр дэвшдэг. Жишээлбэл, Энэ жил Жастин Биебер орсон байсан. Миний цомог World music: New age буюу Ардын урлагийн шинэлэг цомог төрөлд нэр дэвшсэн. Учир нь би ардын урлагаа электроник хөгжимтэй хослуулсан бүтээлүүд цомогтоо багтаасан. Энэ нэр хүндтэй шагналын шилдэг тавд миний цомог багтсанд маш их баяртай байгаа.

Бие даасан “The Journey” цомгоо 2019 оноос эхлүүлсэн, гэртээ жижиг студи байгуулаад тэндээ л цомгийнхоо ажлуудыг хийсэн дээ. Өөрийн дуу хөгжим, хөөмийн дээр электроник хөгжмийн авиа дуугаралтуудыг ашигласан. Цомгийнхоо “Аав, ээж хоёр” дуугаараа 2020 онд Австралийн “The Voice” шоунд оролцсон. Энэ дуу маань маш олон сонсогчид хүрсэн байгаа.

Цомгийнхоо дижитал хувилбарыг гаргаад "Spotify", "iTunes", "Amazon" зэрэг арваад платформоор сонсогчдод хүргэж эхэлсэн. Он дуусах үед цомгоо биетээр буюу сидигээр гаргах бодолтой байна.

-Ямар ч салбар, тэр дундаа урлагийн хүмүүс гадны улсад байтугай, эх орондоо ч уран бүтээлээ тогтвортой туурвиад олон нийтэд танигдана гэдэг хэцүү. Та өнөөгийн өндөрлөгтөө хүрэх хүртлээ ямар зам мөрийг туулсан бэ?

-Би Хөгжим, бүжгийн коллеж одоогийн Монгол Улсын консерваторийн оюутан байхдаа л 2004 оноос Морин хуурын чуулгад ажилласан. 2006 онд байгуулагдсан “Домог” хамтлагийн анхны үүсгэн байгуулагчдын нэг. “Домог” хамтлагтаа мөн Ц.Батчулуун багшийнхаа удирдлага дор Морин хуурын чуулгын морин хуурчаар ажиллаж, байгаад 2009 онд эхнэртэйгээ Австралид ирсэн. Эхнэр минь зорилгынхоо дагуу сурсан. Харин миний ганц чадах зүйл хөгжим байсан. Гадаад хэл сурахынхаа хажуугаар хөгжмөө хаяагүй. Австралид хөгжмөө тоглоод явахад бэрхшээлтэй зүйл нь юу байсан бэ гэхээр Монголын үндэстний хөгжмийн зэмсэг битгий хэл Монгол Улсын талаар ч сайн мэддэггүй байсан л даа. Тэр үед уран бүтээлч хүнийхээ хувьд морин хуураа, өөрийгөө яаж сурталчлах вэ, санхүүгийн асуудлаа хэрхэн шийдвэрлэх вэ гэж нэлээд бодож байгаад зохих зөвшөөрлийг нь аваад зааж өгсөн газруудад нь задгай талбайд морин хуураа тоглож эхэлсэн. Морин хуураа тоглосноор хүмүүстэй танилцаж, урт удаан хугацааны дараа маш олон хүнтэй танил, холбоо харилцаатай болсон. 2009 онд миний Австрали дахь анхны “тайз” задгай талбай байсан бол 2010 онд “Opera house”-т, 2016 онд Сидней хотод “TEDx”-ийн тайзан дээр тоглож байлаа гээд өдий хүртэлх хугацаанд Австралийн урлагийн бүх л том тайзнаа гарсан байна. Том том бүх хөгжмийн наадамд нь оролцсон. Одоо олон уран бүтээлчтэй хамтарч ажиллаж байгаа. Мөн нэлээд олон цахим тоглоомын дуу хөгжим дээр ажиллаж байгаа. Хүмүүст маш сайн хүрсэн зохиол нь таван жилийн өмнө хийсэн “Total War: Attila” цахим тоглоомын хөгжим.

Ерөнхийдөө энэ хүртэл би зөвхөн ардын урлагаараа дагнах уу, орчин үетэй хослуулж шинэчлэх үү гээд маш их эрэл хайгуул хийсэн. Шинэ үеийн залууст өөрийн хөгжмийн зохиолуудаа хэрхэн хүргэх вэ гэдэг дээр маш их ажилласан нь одоо маш амжилттай явж байна.

-Уншигчдад сонирхуулах үүднээс та одоо ажиллаж буй төслүүдээсээ онцлох нэг уран бүтээлийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулж болох уу?

-Одоо хөгжмийн зохиолыг худалдан борлуулдаг, энэ салбартаа маш нэр хүндтэй “Kontakt” компанитай “Chronicles Bukhu” нэртэй төсөл дээр ажиллаж байна. Жишээ нь, худалдан авалт хийсэн өөр нэг хөгжмийн зохиолчийн хөгжмөөс миний хөөмий, морин хуурын аялгуу дуугарна гэсэн үг л дээ. Ер нь энэ зах зээл рүү орж байгаа, одоогоор урлагийн, бүтээлийн ургац арвин, маш завгүй ажиллаж байна.

-Ярианы сэдвээ Австралийн “The Voice”шоу руу шилжүүлэх гэсэн юм. Танд тус шоунд оролцох урилга ирсэн үү, бусдын ятгалгаар эсвэл өөрөө зорьж оролцсон уу?

-Шоуны зохион байгуулагчдын зүгээс “Таны тоглодог хөгжмийг урьд нь сонсож байгаагүй, та маш өвөрмөц авьяастай юм. Тиймээс та манай шоунд оролцооч” гэсэн санал ирсэн. Би тухайн үед телевизийн шоуны талаар мэдлэг маруухан байсан болохоор надад бодох, судлах хугацаа хэрэгтэй гэж хэлсэн. “The Voice” поп чиглэлийн телевизийн шоу шүү дээ. Дийлэнх оролцогч поп хамтлаг, дуучдын дууг дуулдаг. Тиймээс зохион байгуулагч нарт өөрийн зохиосон дуугаа дуулахыг зөвшөөрвөл “The Voice” шоунд оролцох шийдвэр гаргаснаа хэлэхэд энэ саналыг минь дэмжиж хүлээж авсан.

“The Voice” шоу телевизээр цацагдахад эхний шат нь “Blind audition” байдаг бол оролцогчид энэ шатанд үзүүлбэрээ үзүүлэхийн тулд гурван шатлал байсан байхаа давах ёстой байдаг юм билээ. Маш олон хүний дундаас шалгарсан оролцогчид “Blind audition” шатанд дуулсан.

-Та бүх шүүгчийг эргэж харуулсан мөртлөө яагаад Гай Себастьян шүүгчийг өөрийн дасгалжуулагчаараа сонгосон юм бэ?

-“Before I go” дууг анх сонсоод надад их таалагдсан.“The Voice” шоунд оролцоход зохион байгуулагчдын зүгээс Келли, Жорж, Дельта, Гай дөрөв шүүгч дасгалжуулагчаар ажиллаж байгааг мэдэгдсэн л дээ. Тэр үед Гай Себастьян “Before I go” дууг дуулсан гэдгийг мэдсэн л дээ.

-Та “Blind audition”-д орохоосоо өмнө Гай Себастьяныг сонгочихсон байсан гэсэн үг үү?

-Тийм тийм.

-“The Battle” шатанд Гай Себастьяны дасгалжуулж бэлдсэн үзүүлбэр үзэгчдийн төдийгүй бусад шүүгч дасгалжуулагчийн бухимдлыг төрүүлсэн. Тухайн үзүүлбэрийг бэлдэж байхад таны дотор эсэргүүцэл төрсөн үү, тийм бол түүнийгээ илэрхийлсэн үү?

-Би “The Voice” шоунд орох шийдвэр гаргахдаа үндэсний хөгжим, ардын урлагаа таниулах, дэлхийд алдартай телевизийн шоунд амжилттай оролцож, өөрийн карьераа дээшлүүлий гэж бодсон. Эхний шатандаа өөрийн дотор байсан бүх зүйлээ гаргаад бодсон бүхэн минь ч маш сайхан биелсэн.

Яахав хоёрдугаар шатанд тийм мэдрэмж байсан байсан. Хоёрдугаарт, Гай Себастьян үндэсний чинь хөгжмийг “The Battle” шатны үзүүлбэрт ч хэвээр нь хадгалмаар байна гэж нэг удаа надад хэлж байсан юм. Түүнийгээ ч барьж дасгалжуулсан байх. Гэхдээ хэн хэн нь сэтгэл хангалуун үлдсэн. Би хоёрдугаар шатны үр дүнг сонсоод сэтгэл дундуур байгаагүй ээ. Эхний үе дээр үзүүлбэрээ хангалттай хэмжээнд үзүүлчихсэн учраас гуравдугаар шат руу орох шаардлага байгаагүй. Учир нь “The Battle” шатны дараа миний хувьд хүндхэн нөхцөлтэй гэрээ хийх байсан. Жишээ нь, гэрээнд заасан хугацаанд “Universal” студитэй байнгын харилцаатай байж, өөрийн уран бүтээлээ нийтэд цацахдаа заавал зөвшөөрөл авах ёстой юм билээ. Урлагаар, хөгжмөө тоглож л ажиллаж, амьдарч байгаа хүнд гэрээ нь хатуу нөхцөлтэй байсан л даа, энэ шалтгаанаас болоод дараа дараагийн шат руу явсангүй гэж гонсойгоогүй.

-Та “The Voice” шоуны “аялал”-аа өндөрлүүлсэн ч гэлээ шүүгч нартай нь холбоотой байдаг уу?

-Гай Себастьян бид хоёр хамт уран бүтээл хийхээр төлөвлөсөн. Надтай одоогоор холбогдоогүй л байна.

-“The Voice” шоунаас өөр “The World's best”-ээс эхлүүлээд сая сая үзэгчтэй олон улсын телевизийн шоунууд байдаг. Танд өөр телевизийн шоунаас урилга ирсэн үү?

-“The Voice”-д орсны дараа Australia's got talent (Авьяаслаг Австраличууд) шоунаас санал ирсэн, татгалзсан хариу өгсөн. Ер нь би телевизийн шоунаас хол хүн гэж хэлж болно. Харин хөгжмийн өөр төрлийн уран бүтээлчидтэй хамтарч хоршиж ажиллаж, шинэ төрөл жанрын бүтээл туурвихыг хүсдэг, илүүд үздэг. Энэ чиглэлээр ажиллаж байна. Герман, итали, америк, энэтхэг продюсертой хамтран ажиллаж байгаа. Сая дэлхийн эхний тавд багтдаг герман дижи Дави Авила миний “Аав, ээж хоёр” дууг транс хэв маяг руу оруулсан нь хандалт их сайн байна.

-Таны энэ болон ирэх жилийн тоглолтын хуваариуд хэр шахуу байгаа вэ?

-Австралид “Ковид-19”-өөс үүссэн хөл хорио, хязгаарлалт одоо л дөнгөж тавигдаж байгаа учраас хөгжмийн наадмуудад оролцоно. Ерөнхийдөө миний хувьд жилийн дөрөвдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд Австрали даяар зохион байгуулагдаж буй хөгжмийн наадмуудад оролцдог.

Энэ жилийн тухайд энэ сарын 7-нд Австралийн “Australian national maritime museum”-д тоглоно. “ARIA awards” ялагчдаа энэ сарын 24-нд ( Орон нутгийн цагаар 19:30, Улаанбаатарын цагаар 16:30 цагт ютүбээр шууд дамжуулна. Сурв ) шалгаруулна. “Ковид-19”-өөс үүдэн энэ жилийн шалгаруулалтад уран бүтээлчид нь цахимаар оролцох юм билээ. Ирэх сарын тухайд гурван тоглолт бий. 2022 он гараад нэгдүгээр сард Квинсланд, гуравдугаар сард Аделаида хотод, мөн дөрөвдүгээр сард нэг тоглолт бий. Зургаадугаар сард гэр бүлээрээ Монголдоо очиж гэр бүлийнхэнтэйгээ уулзана.

Монголдоо нэг сар болчихоод Дани руу ниснэ, тэнд мөн л хөгжмийн наадам намайг хүлээж байгаа. Долдугаар сарын сүүлээр Даниас буцаж Сиднейдээ ирээд хөгжмийн наадамд орно. Одоогийн байдлаар гэрээгээ байгуулаад албан ёсоор оролцохоор болсон тоглолт дээрхээс гадна хамгийн сүүлийнх нь 2022 оны есдүгээр сард товлогдсон.

Үүнээс гадна Австралийн бүх ерөнхий боловсролын сургуулиудаар аялан тоглолт хийдэг. Сурагч нарын түүхийн хичээлийнх нь хөтөлбөрт гадаадын орнуудын хөгжмийн зэмсгийн талаар үздэг юм. Миний хувьд Австралийн сургуулийн сурагчдад Монголын ахуй амьдрал, үндэсний хөгжим, ардын урлагийн талаар хичээл заадаг. Энэ ажил минь мөн удахгүй эхлэх гэж байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Таны дуу, хөгжим хэл, хил, соёлд баригдалгүй дэлхийн аль ч орны хүний сэтгэлийн утсыг хөнддөг юм билээ. Таны бүтээлээс төрөн гарч буй хөгжмийн шинэ жанраар дэлхий тэр аяараа "амьсгална" гэдэгт итгэлтэй байна

-Баярлалаа. Танд ч бас ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Г.Бөхчулуун: Үндэсний хөгжим, ардын урлагаа таниулах зорилгоор Австралийн “The Voice” шоунд орсон, бодсон бүхэн минь ч маш сайхан биелсэн  
Үзсэн: 3332 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй