Шууд Chart

Дэлхийн 40 гаруй улс эрчим хүч үйлдвэрлэлдээ нүүрс хэрэглэхээ зогсоох амлалт өглөө

2021-11-08 13:45:22

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 26 дугаар бага хурал буюу уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн эрх баригчдын дээд хэмжээний уулзалт 11 дүгээр сарын 1-2-нд боллоо. 120 орны Төр, Засгийн тэргүүн энэхүү дээд уулзалтанд оролцож уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх улс орны бодлогоо танилцуулсан. НҮБ-ын энэ бага хурлын зорилго дэлхийн агаарын температурыг 1,5 хэмд барихын төлөө хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулах амлалтаа улс орон бүр дор бүрнээ ажил хэрэг болгох, цаг уурын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн өртөж байгаа улс орныг эдийн засаг болон бусад арга замаар дэмжихэд нэгдсэн шийдвэрт хүрэхэд чиглэж байна. Иймд эрх баригчдын дээд хэмжээний уулзалтаас эрчим хүч үйлдвэрлэхдээ нүүрс ашиглахаа зогсоох, метан хийг бууруулах, ой мод устгалыг зогсоох зэрэг шийдвэр гарлаа.

Чили, Украин, Польш, Өмнөд Солонгос, Индонез, Вьетнам зэрэг дэлхийн 40 гаруй улс 2030 он гэхэд эрчим хүч үйлдвэрлэхдээ нүүрс ашиглахаа зогсоохоор анх удаа амлаж, гэрээнд нэгдлээ. Британийн Засгийн газраас санаачилсан энэ гэрээнд нэгдсэн том орнууд нь 2030-аад оноос, харин буурай орнууд нь 2040 оноос нүүрснээс татгалзахаар боллоо. Нүүрснээс татгалзах амлалт өгсөн орнуудын дотор нүүрс хамгийн их хэрэглэдэг Канад, Польш, Украин, Вьетнам зэрэг орон багтсан. Гэвч Хятад, Энэтхэг, АНУ зэрэг дэлхийн хамгийн гол хэрэглэгчид нэгдээгүй. Харин дээрх улс орнуудаас гадна банк, санхүүгийн 100 гаруй байгууллага нүүрсний шинэ төслүүдэд хөрөнгө оруулахаа зогсоох амлалт авсан нь дээрх гэрээний нэг хэсэг болон хэрэгжих юм байна.

Цаг уурын өөрчлөлтийг бий болгож байгаа хүлэмжийн хийг нэмэгдүүлдэг гол хүчин зүйл нь нүүрс гэж үздэг.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын дарга Алок Шарма: “Бид нүүрснээс цэвэр эрчим хүч рүү шилжих тухай мэдэгдлийг гаргаж байна. нүүрсний салбар дахь хөрөнгө оруулалтыг зогсоох, том эдийн засгууд 2030-аад оноос нүүрсийг халж, цэвэр эрчим хүч рүү шилжих, 2040-өөд оноос бусад орон энэ шилжилтийг хийхээр амлалт авч байна” гэв.

Харин дэлхийн дулааралтай тэмцдэг байгаль хамгааллын хөдөлгөөн, идэвхтнүүд энэ гэрээнд заасан хугацааг хангалтгүй гэж шүүмжилж байна. Өөрөөр хэлбэл улс орнууд 2030-аад оноос өмнө нүүрсний хэрэглээгээ зогсоож байж аж үйлдвэрлэлээс хойших дэлхийн дулаарлын өсөлтийг цельсийн 1,5 хэмд барих боломжтой гэж үзэж байгаа юм байна. Дэлхийн дулаарлыг сааруулах одоогийн зорилтууд улс орнуудыг нүүрс шатаахаа зогсоохыг шаардаж байгаа. Гэвч Америк, Хятад, Энэтхэг, Япон зэрэг том эдийн засаг нүүрсний хэрэглээгээ хэзээ зогсоохоо албан ёсоор зарлаагүй, зорилт тавиагүй байгаа нь олон улсын иймэрхүү гэрээ, амлалтууд бодит үр дүн үзүүлнэ гэсэн итгэл найдвар төрүүлэхгүй байгааг ч идэвхтнүүд ил тод хэлсээр байна. Зарим орон тэр дундаа Хятад тэргүүтэй улс нүүрс шатаадаг цахилгаан станц шинээр барихгүй, олон улсад ийм төрлийн станц барихад хөрөнгө оруулахгүй гэсэн амлалт л өгч байна. Парисын хэлэлцээрээс хойш улс орнуудын дэлхийн дулааралтай тэмцэх амлалт хэрхэн биелэв, иймэрхүү янзаар сул хандвал цаг уурын өөрчлөлтийг хязгаарлаж чадахгүй гэсэн дуу хоолойг улс орнууд, байгууллагууд КОП26-гийн үеэр илэрхийллээ.

Олон улсын эрчим хүчний агентлагийн гүйцэтгэх захирал Фатих Бироль: “Хэрвээ өмнө нь өгсөн болон одоо өгч байгаа амлалт бүгд хэрэгжвэл цаг уурын температурын өсөлтийг цельсийн 1,8 хэмд л хязгаарлах боломжтой. Температурыг 1,5 хэмд хязгаарлая гэж тооцож байгаа бол бид одоогийнхоос илүү ихийг, илүү хурдан хийх шаардлагатай. Би үүнийг судалгааны үндсэн дээр хэлж байна. Дэлхийн эрчим хүчний төлөв байдлын судалгаагаар одоо зарласан амлалтууд хүлэмжийн хийг 2050 он гэхэд 40 хувиар бууруулах дүр зураг харагдаж байна” гэсэн юм.

2015 онд байгуулсан цаг уурын асуудлаарх бага хурлаар батлагдсан Парисын хэлэлцээрээр улс орнууд цаг уурын температурыг аж үйлдвэрийн хувьсгалын өмнөх үеийн буюу 1,5 хэмд хязгаарлах зорилт тавьсан юм. КОП26 хурлын үеэр дэлхийн ойн нөөцийн 85 орчим хувь нь байдаг 100 гаруй улсын удирдагч 2030 он гэхэд ой мод устгалыг зогсоох, газрын доройтлыг арилгах тухай тунхаглал гаргалаа. Энэ тунхаглалд гарын үсэг зурсан орнууд ой болон бусад хуурай газрын экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх, олон улсын болон дотоодын тогтвортой худалдаа, хөгжлийн бодлогыг дэмжин хамтран ажиллах амлалт өгч байна. Түүнчлэн Бразил Индонез зэрэг орон, бизнесийнхэн болон санхүүгийн бусад эх үүсвэрүүдийг оролцуулан 2014 оны гэрээг сайжруулахаар тохирсон байна.

Дэлхийн 100 орчим улс метан хий ялгаруулалтаа бууруулах амлалт авлаа

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 26 дугаар бага хурлын дээд түвшний уулзалтын хүрээнд дэлхийн 100 орчим улс метан хий ялгаруулалтыг 2030 он гэхэд 2020 оны түвшнээс 30 хувиар бууруулах амлалт авлаа. Дэлхийн дийлэнх улс орон дэлхийн дулааралд нөлөөлж байгаа нэг хүчин зүйлийн нэг метан хийг бууруулахаар гарын үсгээ зурсан энэхүү амлалтыг АНУ болон Европын холбоо тэргүүлж ажиллах юм байна. 

Гэхдээ энэ бол улс орнууд заавал дагаж мөрдөх хууль биш мөн үндэсний зорилтыг тусгахгүй, улс орнуудын өөртөө өгч байгаа амлалт юм.  Дэлхийн метан хийн хамгийн гол ялгаруулагч 10 орны зургаа нь буюу Америк, Бразил, Мексик, Индонез, Нигери, Пакистан зэрэг улс уг амлалтад нэгдсэн байна. Харин дэлхийн метан хийн гол ялгаруулагч орон болох Орос, Хятад, Энэтхэг, Иран зэрэг улс энэ амлалтанд нэгдсэнгүй. 2019 оны судалгаанаас харвал метан хий хамгийн их ялгаруулдаг орныг Хятад 16, Энэтхэг 8,8, АНУ 6,9, Европын холбоо Британийг оролцуулаад 6,2, Орос 4,8 хувиар тэргүүлдэг. АНУ газрын тос, байгалийн хийн дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч. Харин Европын холбоо байгалийн хийн дэлхийн хамгийн гол импортлогч. Эдгээр улс дэд бүтцээсээ ялгарч байгаа метан хийн алдагдлыг бууруулвал дэлхийн дулаарлыг сааруулахад чухал нөлөө үзүүлж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Цагаан ордны тэргүүн метан хий алдагдлыг бууруулахаас гадна дэлхийн дулаарлыг хязгаарлахын тулд дэлхий даяар дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулахаа амлав.

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден: “АНУ-ын метан хий ялгаралтыг бууруулах дараагийн алхмуудыг зарлаж байна. Ингэхдээ хоёр арга замаар бууруулна. Нэгдүгээрт, Байгаль орчин хамгаалах агентлагаар дамжуулан одоо хэрэглэж байгаа болон шинээр тавигдаж байгаа газрын тос, байгалийн хийн хоолойгоос метан хий алдагдлыг бууруулах, хоёрдугаарт, байгалийн хий дамжуулах хоолойгоос алдагдаж байгаа аюултай байж болох хог хаягдал ялгаруулахыг Тээврийн яамаар дамжуулж бууруулах болно” гэсэн юм.

Европын комиссын Ерөнхийлөгч Урсула Фон Дер Ляйен: “Энэ амлалт чухал, гэхдээ зорилтондоо хүрэх нь бүр их чухал. Хүлэмжийн хий, метан хийг буруулснаар бидний амьдарч байгаа дэлхий ертөнцөд бүр цаашлаад хүн төрөлхтөнд тустай. Өөрөөр хэлбэл бид энэ амлалтаа биелүүлбэл 200 гаруй мянган хүнийг цаг бусын үхлээс аварч чадна. Бид олон зуун мянган хүнийг амьсгалын замын холбогдолтой өвчлөлөөс хамгаалж, жилд 20 сая тонн ургац алдахаас сэргийлж чадна” гэлээ.

Газрын тос, байгалийн дэд бүтцийн алдагдал, хуучин нүүрсний уурхай, хөдөө аж ахуйн салбар, хог хаягдал булдаг газрууд метан хий ялгаруулдаг гол эх үүсвэр болдог юм байна. Метан хий ялгаруулалттаа бууруулах амлалтанд дэлхийн метан хийн 50 орчим хувийг ялгаруулдаг улс орнууд нэгджээ. Метан нь нүүрс хүчлийн давхар ислээс илүү агаар мандалд дулаан хадгалах нөлөөтэй ч бууруулахад хялбар учраас метаныг багасгаснаар дэлхийн дулааралтай тэмцэхэд үр дүн үзүүлнэ гэж мэргэжилтнүүд үздэг юм. Санхүүжилтийн хувьд уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох, саармагжуулахад чиглэсэн санхүүжилт энэ удаагийн бага хурлын хэлэлцэх гол сэдвийн нэг. Парисын хэлэлцээрт хөгжиж байгаа орнуудад 2020 он гэхэд жил бүр 100 тэрбум долларын санхүүжилт олгохоор тусгасан.

КОП26 хурлын үеэр цаг уурын өөрчлөлтөнд хамгийн их өртөж байгаа улс орнуудын бүлэг амласан санхүүжилтээ оруулахыг шаардлаа. Өөрөөр хэлбэл 2020 оноос жил бүр 100 тэрбум долларын санхүүжилт өгч цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд нь дэмжлэг үзүүлэх амлалт биелэхгүй байна, үүнд ОУВС оролцож, жил бүр энэ төлөвлөгөөний хэрэгжилтийг хянаж баймаар байна гэж тэдгээр орнууд шаардлаа. Цаг уурын өөрчлөлтөнд өртөмтгий, хамгийн их өртдөг орнуудын бүлэгт Ази, Африк, Латин Америкийн 50 гаруй улс буюу дэлхийн хүн амын 1,2 тэрбум нь хамаарч байна. КОП26 бага хурлын оролцогчдын хувьд АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, Германы Канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Канадын Ерөнхий сайд, Японы Ерөнхий сайд зэрэг дэлхийн бодлогод нөлөөлдөг гол орон дээд хэмжээнд оролцож байна. Харин Орос, Хятад улсын Төрийн тэргүүн биечлэн оролцсонгүй. Зөвхөн дүрс бичлэг болон илгээлтээр өөр өөрсдийн дуу хоолойг илэрхийллээ. Хятадын дарга Ши Жиньпиний оронд тус улсын цаг уурын өөрчлөлттэй тэмцэх тусгай төлөөлөгч оролцлоо. Хятад нь хүлэмжийн хий ялгаруулалтаараа дэлхийд тэргүүлэгчдийн нэг гэдэг үүднээс дээд түвшинд оролцоогүй нь цаг уурын өөрчлөлттэй тэмцэх гэрээ хэлэлцээрийн үр дүнг бууруулах сөрөг нөлөөтэй гэж зарим улс шүүмжлэлтэй хандаж байна. Гэхдээ Хятад улс хүлэмжийн хий ялгаруулалтаа 2030 оноос өмнө бууруулж, 2060 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулдаггүй улс болох зорилт танилцуулаад байгаа юм. Мөн Орос, Иран, Өмнөд Африк, Мексик, Бразил, Турк зэрэг хүн ам ихтэй, хүлэмжийн хий ялгаруулалтаараа дээгүүрт бичигддэг орнуудын Төр, Засгийн тэргүүн мөн оролцсонгүй. Оросын Ерөнхийлөгчийн хувьд “Ковид-19” цар тахлын давлагаатай холбоотойгоор оролцоогүй юм байна.

Байгаль цаг уурын өөрчлөлтөнд тодорхой хэмжээнд нөлөө үзүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа орнууд дээд түвшинд оролцоогүйд дэлхийн зарим улс, байгаль хамгаалагчид шүүмжлэлтэй хандаж байна. Байгаль хамгаалагчид, цаг уурын өөрчлөлтийн төлөө тэмцэгч идэвхтнүүд Глазгоу хотод жагссаар байна. Тэд цаг уурын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд дэлхийн эрх баригчид идэвхтэй, тууштай тэмцэхийг шаардаж байна. Одоогийн энэ эрчээр бол дэлхийн дулаарлыг дорвитой сааруулж чадахгүй, хий хоосон амлах биш бодит алхам хий, хурал цуглаанаар гарсан шийдвэрийг ажил хэрэг болго гэх мэт олон шаардлагыг тавьж, энэхүү бага хуралд оролцогчдод дуу хоолойгоо хүргэхийг чармайцгааж байна. Дан ганц Глазгоуд жагсаагүй, Лондон, Стамбул зэрэг дэлхийн 100 орчим хотод цаг уурын өөрчлөлттэй дорвитой тэмцэхийг уриалсан идэвхтнүүдийн жагсаал болж байна. Шотландын Глазгоу хотноо болж байгаа

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Дэлхийн 40 гаруй улс эрчим хүч үйлдвэрлэлдээ нүүрс хэрэглэхээ зогсоох амлалт өглөө  
Үзсэн: 928 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй