Шууд Chart

Коронавирусний эсрэг вакцины нэмэлт тунгийн тухай таны мэдэх ёстой 5 зүйл

2021-12-04 14:17:59

1. НЭМЭЛТ ТУНГ ХЭН ХИЙЛГЭХ ЁСТОЙ ВЭ

Эрүүл мэндийн сайдын А/564 дугаар тушаалаар "Ковид-19"-ийн эсрэг вакцины гурав дахь тун буюу дархлаа сэргээх нэмэлт тунг 18 ба түүнээс дээш насны иргэдийг сайн дурын үндсэн дээр хамрагдах боломжоор хангаж байна.

Иргэн та коронавирусний нэг, хоёрдугаар тундаа хамрагдаад гурав ба түүнээс дээш сар болсон бол вакцины гурав дахь тундаа хамрагдах боломжтой.

2. КОРОНАВИРУСЭЭР ӨВЧИЛСӨН БОЛ ГУРАВ ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ШААРДЛАГАТАЙ ЮУ

Хэрвээ та вакцины нэгдүгээр тунд хамрагдаад коронавирусний халдвар авч өвчилсөн бол эдгэснээс хойш 21 хоногийн дараа хоёр дахь тунд хамрагдах боломжтой.

Харин хоёр тунд бүрэн хамрагдаад халдвар авсан тохиолдолд гурав дахь тунг одоогоор зөвлөхгүй байгааг анхаарна уу.

3. ВАКЦИНЫ ГУРАВ ДАХЬ ТУНД ХАМРАГДАХЫН ТУЛД ХААНА ХАНДАХ ВЭ

Вакцины гурав дахь тунд хамрагдахын тулд та харьяа аймаг, дүүргийнхээ дархлаажуулалтын цэгүүдэд хандана. Та Улаанбаатар хотод амьдарч байгаа бол гэрийнхээ ойролцоо вакцины цэгүүдийн мэдээллийг УОК, НОК-ын Шуурхай штабын хаягнаас авна уу.

Хэрвээ орон нутагт амьдарч байгаа бол аймаг, орон нутгийнхаа эрүүл мэндийн байгууллагуудад хандан вакциндаа хамрагдах боломжтой.

Мөн 119 дугаар руу залгаж хаяг байршлын мэдээллийг авах боломжтой.

4. ЯМАР ВАКЦИН ХИЙЛГЭХ ВЭ. ВАКЦИН ХОЛЬЖ ХИЙЛГЭХ БОЛОМЖТОЙ ЮУ

Нэмэлт тунг хийлгэхдээ Монгол Улсад байгаа Комирнети (Файзер) болон Вероцелл (Синофарм) вакцины аль нэгээс сонголтоор хийлгэж болно.

Мөн вакцины цэгүүдэд байрлах эмчид үзүүлэхдээ хоёр төрлийн вакцины алийг нь сонгож тариулах талаараа зөвлөлдөх боломжтой.

5. ГУРАВ ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭСНЭЭР ҮНЭХЭЭР ҮР ДҮНТЭЙ ЮУ

Тодорхой хугацааны дараа дархлал сэргээх нэмэлт тун хийснээр та дархлаагаа илүү урт удаан хугацаанд хамгаалах боломжтой болж байгааг олон улсад болон Монгол Улсад хийсэн судалгааны үр дүнгүүд харуулж байна.

Монгол Улсад вакцины дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсан хүн амд хийсэн судалгаагаар гурав дахь тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн дараа 0.1 хувь нь л халдварт өртсөн бөгөөд энэ нь вакцины нэмэлт тун өндөр үр дүнтэйг харуулж байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Коронавирусний эсрэг вакцины нэмэлт тунгийн тухай таны мэдэх ёстой 5 зүйл  
Үзсэн: 1502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй