Шууд Chart

ОХУ НАТО-г Дорно зүгт тэлэхгүй байх баталгаа өгөхийг АНУ-аас хүсэв

2021-12-13 16:06:36

Уулзалтаар АНУ хэрвээ Украин руу халдан довтолвол Өрнөдийн орнууд хатуу хариу арга хэмжээ авна гэдгээ ОХУ-д анхаарууллаа. Хариуд нь ОХУ НАТО-ийн цэрэг Оросын хил хүртэл тэлэхгүй байх өөрөөр хэлбэл Украиныг НАТО-д гишүүнчилж авахгүй байх баталгаа өгөхийг Вашингтоноос шаардлаа. Хоёр удирдагч энэ асуудлыг цааш цаашдын яриа хэлэлцээгээр үргэлжлүүлэн хэлэлцэхээр тохирлоо. “Үндсэндээ Украины бүс нутагт байдал хурцадсан байна. Үүнийг дайн болгож өргөжүүлэхгүйн төлөө Орос болон Өрнөдийнхөн зөвшилцөх шаардлага тулгарсан. Гэхдээ нэг удаагийн уулзалтаар энэ асуудал шийдэгдэхгүй, оролцогч бүх талын аль аль нь буулт хийхгүй бол Украины байдал хүндрэх бодит нөхцөл бүрджээ” гэж шинжээчид Байден, Путины цахим уулзалтыг дүгнэж байна.

АНУ болон Өрнөдийн орнууд Оросыг Украины хилд олон тооны цэрэг зэвсэг төвлөрүүлж байгаа нь Украин руу довтлох бэлтгэл гэж болгоомжилж байгаа үед Байден, Путин нар цахимаар уулзалт хийсэн. Уулзалтын дараа Цагаан ордон болон Кремлийн хэвлэлийн албанаас хэвлэлд товч мэдээлэл өгсөн юм байна.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан “Ерөнхийлөгч Байден хэрвээ Орос Украинд довтолвол АНУ болон түүний Европ дахь холбоотнууд Москвагийн эсрэг эдийн засгийн хатуу арга хэмжээ авна гэдгээ Оросын Ерөнхийлөгч Путинд шууд илэрхийлсэн. Мөн Ерөнхийлөгч Байден хэрвээ байдал хурцадвал АНУ Украинд батлан хамгаалах нэмэлт тусламж үзүүлж, НАТО-ийн холбоотнуудынхаа батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэх болно гэдгээ Оросын талд анхаарууллаа” гэв.

АНУ Оросын цэрэг Украин руу халдвал Зүүн Европын орнууд болон НАТО-ийн холбоотон улсууддаа цэргээ нэмж байрлуулна гэдгээ ингэж ил тод илэрхийлсэн. Түүнчлэн АНУ дипломат шугамаар асуудлыг хэлэлцэж байгаагийн зэрэгцээ болзошгүй бүх үр дагаварт бэлтгэлтэй байгаагаа ч мэдэгдэж байна. Харин Оросын хувьд Барууны цэргийн эвсэл НАТО Оросын хилд тулж ирэхгүй, өөрөөр хэлбэл Украиныг элсүүлэхгүй, Оросын хөрш орнуудад стратегийн зэвсэг байрлуулахгүй байх хууль эрх зүйн баталгаа өгөхийг Байденд тулгалаа. Орос НАТО зүүн тийш тэлэх нь Оросын үндэсний аюулгүй байдалд заналхийлэл учруулна гэж үздэг юм. Оросын Засгийн газар энэ тухай саналаа Америкийн талд албан ёсоор илгээх юм байна. Америк болон НАТО Путины энэ шахалтыг шинэ зүйл биш гэж үзэж байна. НАТО Украин эвсэлд нэгдэн орох нь тус улсын болоод НАТО-ийн гишүүн орнуудын шийдэх асуудал гэж Оросын байр суурийг няцааж байна. Гэхдээ Цагаан ордон Путиныг Украинд цэрэг оруулах эцсийн шийдвэрээ гаргаагүй болов уу гэж найдаж байгаа аж.

НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг: “Орос Украины хилд цэрэг зэвсгийн хүч төвлөрүүлсэн асуудлыг бид хэлэлцлээ. Энэ байдал тухайн бүсийн байдлыг хурцатгаад зогсохгүй, Европын аюулгүй байдалд нөлөөлж байна. Орос хурцадмал байдлыг намжааж, Украины тусгаар байдлыг хүндэтгэн, дипломат арга зам руу эргэн орох нь зүйтэй. Энэ хямралыг  улс төрийн болоод дипломатаар шийдэх нь зөв. Америк, Оросын Төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээг бид таатайгаар хүлээн авч байна” гэжээ.

“Хоёр талын эдгээр байр суурьнаас харахад саяны цахим уулзалтаар Украины хурцадмал байдлыг намжаах талаар шийдвэрт хүрсэнгүй, Америк дипломат арга замаар хурцадмал байдлыг намжаах шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийлж, хэрвээ халдан довтловол үр дагавар нь их шүү гэдгийг Москвад анхаарууллаа. Цахим уулзалтын уур амьсгалыг харвал АНУ-ын Ерөнхийлөгч Төрийн нарийн бичгийн дарга болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөх зэрэг гадаад бодлого хэрэгжүүлэгч гол албан тушаалтнуудынхаа хамт оролцсон бол Оросын Ерөнхийлөгч Путин Сочи хот дахь далайн эргийн харшдаа ганцаараа сууж, уулзалтанд оролцлоо. Уулзалтын эхэнд хоёр удирдагч найрсаг мэндчилж, бие биендээ хүндэтгэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ. Үүнээс үзэхэд Америкийн талд бага зэрэг болгоомжлол байна. Орост “том хөзөр” нь байна. Гэхдээ аль аль нь зөвшилцөх сонирхолтой байгааг илэрхийлэв үү” гэж шинжээчид дүгнэж байна. 

Байден: Ану Украин руу цэрэг оруулах талаар одоогоор яриагүй

АНУ-ын Ерөнхийлөгч Оросын Төрийн тэргүүнтэй цахим уулзалт хийснийхээ дараа өнгөрсөн 7 хоногийн пүрэв гарагт Украины Ерөнхийлөгч Зеленскийтэй Украины хил дэх байдлыг утсаар ярилаа.  Байден, Зеленский нар Украины хилд үүссэн хурцадмал байдлыг намжаахын тулд дипломат шугамаар арга зам эрэлхийлэхээр тохирсон байна.

Мөн Байден Украины бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг дэмжихээ илэрхийллээ. Украины эрх баригчдын хувьд Байден, Путины уулзалтын өмнөхөн Орос  одоо салан тусгаарлах тэмцэлтэй байгаа Украины зүүн нутагт гал өдөөх гэж олон тооны цэрэг, танк, мэргэн буудагчдаа илгээх замаар байдлыг улам дэвэргэж байна гэж мэдэгдсэн.

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден: “Украин руу АНУ цэргээ илгээх талаар хэлэлцээний ширээний ард ярьсан зүйл одоогоор байхгүй. Украин руу Оросын цэргийг оруулахгүйн тулд Америк дангаараа цэргийн хүч ашиглана гэсэн санаа бидэнд алга байна” гэжээ.

Мөн өдөр Байден НАТО-ийн гишүүн Европын холбоотон 9 орны эрх баригчтай утсаар ярьж, Оросын эсрэг хамтран тэмцэнэ гэдгээ нотолсон байна. Эдгээр үйл явцаас үзвэл Байден Оросын гол судас Европтой хийдэг худалдаа эдийн засгийн харилцааг боомилохоо ОХУ-д анхааруулсан ч дайны гал асаахгүйн тулд дипломат шугамыг ашиглан шийдэлд хүрэх арга зам эрэлхийлж байна. 2014 онд ОХУ Хар тэнгисийн Крымийн хойг руу цэрэг оруулж, Украинаас салгаж өөртөө нэгтгэх үед Байден дэд ерөнхийлөгч байсан. Байдены хувьд Барак Обамагийн засаг захиргааны олон улсын тавцан дахь хамгийн хар бараан мөчүүдийн нэг болох Крымийн хэрэг явдлаас одоогийн хямралыг илүү томоор харж байгаа гэж туслахууд нь мэдэгдэж байна. Жишээ нь Байден “Бид 2014 онд хийгээгүй зүйлээ одоо хийхэд бэлэн байна. Бид одоо бэлтгэлтэй байгаа” гэдгээ Путины нүд рүү харж байгаад хэлснийг Салливан хэвлэлийн хурлын үеэр онцолсон. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Байден хэвлэлийнхний асуултанд хариулахдаа Украин руу давшилтын цэрэг оруулах боломжийг хэлэлцээгүй гэдгээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл “АНУ дайны талбар дээр Оросуудтай дайтах үүднээс Укрианы руу цэрэг илгээж, дайн хийхэд бэлэн байгаа юу” гэсэн сэтгүүлчийн асуултанд Байден “Хэрвээ Украин руу цэрэг оруулвал эдийн засаг чинь сүйрнэ шүү” гэж Путинд маш тодорхой хэлсэн гэж хариулсан байна. Америкийн тагнуулынхан “Орос Украины хилд 90 орчим мянган цэргээ байрлуулсан. Олон тооны зэр зэвсэг төвлөрүүлсэн байна. Ирэх оны эхээр Украин руу давшиж болзошгүй” гэж сэрэмжлүүлж байгаа. Харин Оросын хувьд Украин руу халдахаар төлөвлөж байна гэсэн Өрнөдийн эдгээр мэдээллийг үндэслэлгүй гэж хариу мэдэгдэж байгаа юм. Мөн бямба гарагт Долоогийн бүлгийн Гадаад харилцааны сайд нарын уулзалт Британид эхэлсэн. Энэ уулзалтаар удахгүй Бээжинд болох өвлийн олимпын наадам болон паралимпын наадмыг “дипломат түвшинд бойкотлох”-оо зарласан АНУ болон бусад орны шийдвэрийг хэлэлцсэн юм.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

ОХУ НАТО-г Дорно зүгт тэлэхгүй байх баталгаа өгөхийг АНУ-аас хүсэв  
Үзсэн: 1565 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй