Шууд Chart

Монгол Улс АНУ-тай албан ёсоор харилцаад 35 жил болж байна

2022-01-27 18:36:02

Өнөөдөр Монгол Улс АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна.

Тэртээх 1987 оны 1-р сарын 27-ны энэ өдөр Монгол улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Г.Нямдоо болон АНУ-ын ТНБД Жорж Шульц нар дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэлд Вашингтон хотноо гарын үзэг зуржээ.

"20-р зууны сүүл үе хүртэл Монголтой дипломат харилцаа тогтоох Америкийн талын санаачлага, Монголын талын чармайлтыг Москва тухай бүрд нь зогсоож саад тавьдаг байсан.

Энэ нь тухайн үеийг дэлхий дахины улс төрийн харилцаа, их гүрнүүдийн нөлөөний хүрээгээ тэлэх, хамгаалах өрсөлдөөн, Хүйтэн Дайны уур амьсгалтай холбоотой байв.

Тухайлбал АНУ-ын Ерөнхийлөгч Кеннеди, Жонсон, Никсон болон Картерын засаглалын үед дотоодын уулзалт хэлэлцүүлэг болон Монгол улсын элч төлөөлөгчидтэй албан бус ярилцлагаар дамжуулан Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх талаар хэд хэдэн удаа хэлэлцсэн боловч бүтээгүй юм.

НҮБ-ын ЕНБД Курт Вальдхаймаар харилцаа эхлүүлэх үг дайлгаж бсн. АНУ нь Монгол Улсыг 1961 онд НҮБ-д элсэхэд хаалт тавиагүй (санал өгөхөөс түдгэлзсэн).

Үүнийг АНУ-ын ТНБД Жорж Шульц 1987 оны энэ өдөр хэлсэн үгэндээ: “Дипломат харилцаа тогтоож буй энэ ёслолын үйл ажиллагаа бол түүхэн үйл явдал. Өнгөрсөн хугацаанд даван туулахад бэрх хориг саад биднийг нэг нэгнээс нь тусгаарлаж байлаа” гэж цохон тэмдэглэжээ. Жорж Шульц нь Америк Монголын хооронд дипломат харилцаа тогтооход чухал үүрэг гүйцэтгэжээ.

АНУ-тай дипломат харилцаа тогтоохыг сэдэж оролдоод бараг 80 жил болсоныг “энэ бол олон улсын харилцааны түүхэнд ховор тохиолдох дипломат марафон буюу чөдөр тушаатай уралдаан байсан” гэж ГЯЯ-ны 1-р орлогч сайдаар 20 жил ажилласан, элчин сайд Д.Ёндон өөрийн бичсэн номондоо тодорхойлсон байдаг юм байна.

Монгол улс нь 2019 онд АНУ-тай харилцах харилцаагаа Стратегийн түншлэлийн түвшинд хүргэн шат ахиулсан.

АНУ нь Монгол улсын “Гуравдагч хөрш” орнуудын нэг бөгөөд улс төр, эдийн засгийн ойрын түнш. Монгол улс нь дэлхийн 193 улстай дипломат харилцаа тогтоосноос Стратегийн түншлэл хөгжүүлж байгаа 5 дахь улс нь АНУ юм.

Монгол улс 1987.01.27-ны өдөр АНУ-тай албан ёсны харилцаа тогтоосноос хойш Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, соёл боловсрол болон иргэд хоорондын  хамтын ажиллагааны салбарт өргөжин хөгжиж байна.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Монгол Улс АНУ-тай албан ёсоор харилцаад 35 жил болж байна  
Үзсэн: 1575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй