Шууд Chart

Монголын гурван бүсгүй 53 кг-ын жинд алт, мөнгө, хүрэл медаль

2022-01-30 10:33:32

ОХУ-ын Красноярск хотод болж буй Иван Ярыгиний Гранпригийн гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд манай бүсгүйчүүд алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болов.

Тодруулбал, олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Бат-Очирын Болортуяа, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Отгонжаргал мөнгө, өнгөрсөн жилийн энэхүү тэмцээний хүрэл медальт ОУХМ Батхуягийн Хулан хүрэл медалийн эзэн боллоо.

Шигшээ барилдаанд Монгол бөхчүүдийн дуэльд Б.Болортуяа оноогоор цэвэр (11:0) ялснаар тус тэмцээнд анх удаа түрүүлснээс гадна манай эмэгтэй бөхчүүдээс 18 дахь алтан медалийг авчирлаа.

Тэгвэл Б.Хулан хүрэл медалийн төлөөх барилдаанд Екатерина Вербинаг цэвэр дарав. Түүнтэй хамт нөгөө хүрэл медалийг эзэн орны Лейла Каримова хүртсэн. Сонирхуулахад, Монголын эмэгтэй бөхчүүд Красноярскийн Гранприд нэг жинд медалийн иж бүрэн цуглуулгатай буцсан хоёр дахь тохиолдол болж байна.

Гурван жилийн өмнө буюу 2019 онд 68 кг-д хөдөлмөрийн баатар С.Батцэцэг алт, ОУХМ Э.Даваанасан мөнгө, ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртэж байв.

Нийтэлсэн: Т.Үүрцайх

Монголын гурван бүсгүй 53 кг-ын жинд алт, мөнгө, хүрэл медаль  
Үзсэн: 990 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй