Шууд Chart

Канадын нийслэл Оттавад онц байдал зарлалаа

2022-02-08 10:59:52

Канадын нийслэл Оттава хотод вакцины мандат болон Ковидын хязгаарлалтыг эсэргүүцсэн томоохон жагсаал үргэлжилсээр байна. 10 хоног үргэлжилж байгаа жагсаал, үүсээд байгаа эмх замбараагүй байдлын улмаас Оттава хотын дарга Жим Ватсон онц байдал зарлалаа.

Ковидын хязгаарлалт, вакцины мандатыг эсэргүүцсэн ачаа тээврийн жолооч нар "Эрх чөлөөний цуваа" нэртэй жагсаалыг зохион байгуулсан юм. АНУ Канадын хилээр гарах ачаа тээврийн машины жолооч нарт заавал вакцин хийлгэсэн байх шаардлагыг тавьснаар эхэлсэн тус жагсаал, яваандаа ерөнхий сайд Жастин Трюпогийн эсрэг болж хувирчээ.

Жагсагчид хотын төвийн ихэнх замыг том оврын ачааны машинуудаар хаасан байна. Мөн вакцины мандатын хугацаа дуусах хүртэл ачаа тээвэрт явахгүй гэдгээ жагсаалыг зохион байгуулагчид мэдэгдээд байгаа юм.

Харин Канадын засгийн газар вакцины асуудал дээр байр сууриасаа ухрахгүй гэж мэдэгджээ. Тус улсын засгийн газрын мэдэгдэлд, "Бид 2021 оны сонгуульд вакцины мандатын тухай асуудлаар олон нийтийн санал асуулга явуулсан. Бид Канадчуудын дийлэнх олонхийн дэмжлэгтэйгээр амласан амлалтаа биелүүлж байна" гэжээ.

Харин ачаа тээврийн жолооч нарын жагсаалыг АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп, Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск нар дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Мөн энэхүү жагсаал АНУ-ын Бүгд найрамдах намын олон гишүүдийн дэмжлэгийг авсан байна.

Өнгөрсөн долоо хоногт коронавирусний халдвар авсан Жастин Трюдо эсэргүүцлийн жагсаалыг тараахын тулд цэргийн хүчийг ашиглахгүй гэж мэдэгдсэн. Тэрбээр аюулгүй байдлын үүднээс өнгөрсөн амралтын өдөр гэр бүлийнхэнтэйгээ хотоос гарсан ч түүний байршлыг зарлаагүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Канадын нийслэл Оттавад онц байдал зарлалаа  
Үзсэн: 785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй