Шууд Chart

Түүний үнэр

2022-02-14 10:08:36

Гэгээн хайрын өдрийг тохиолдуулан үнэртнийг үгээр илэрхийлэх урлагийг Монголд хөгжүүлэх, дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулагддаг “Мэлрэг цэцэг-2019” шалгаруулалтын шилдэг гуравт багтсан “Түүний үнэр” бичвэрийг хүргэж байна.

Хүмүүс хайртай хүнээсээ хагацсаныхаа дараа тухайн хүнийхээ өөр өөр зүйлийг санадаг байх. Жишээлбэл, хамгийн хайрладаг байсан дуртай зүйлээ ч юм уу, анх татагдсан эсвэл гүн сэтгэгдэл төрүүлсэн нүд, царай төрх, биеийн галбир, зан ааш, магадгүй хамтдаа үдсэн дурсамжууд гээд харилцан адилгүй байх. Харин миний хувьд тэр охины ҮНЭР-ийг хамгийн ихээр өгүүлдэг байв. Түүнээс үгээр илэрхийлвэл яг л нярай хүүхдийнх шиг хэрнээ, холоо байгаа олон янзын цэцэгсийн үнэр салхи хөлөглөөд ирж үнэртдэг дээ яг л тийм, бас бороо орсны дараа ойн захад зогсож байхад хамар ямар “амт” мэдэрдэг энэ бүхнийг нэгтгэсэн мэт, үгүй ээ энэ бүгдийг нэгтгэснээс ч таатай тийм ҮНЭР гардаг байсан. Тийм дээ ч би түүнийг үнсэхээс илүүтэй нүд, нүүр, хүзүү, чихний арын хэсэг, цээж, гарынх нь бугуйг үнэрлэх дуртай байв.

Би түүнийг үнэрлэх бүрт түүнд яг л үнсүүлж байгаа юм шиг мэдрэмж төрдөг гэж тэр хэлдэг байлаа. Тэр үед л би хамар гэдэг ямар гайхалттай, нууцлаг эрхтэн бэ гэдгийг мэдэрсэн юм. Учир нь түүний тухай хэт их бодолд дарагдсан үед ойролцоогоор секундийг мянга хуваасны нэгтэй зүйрлэх маш бага хоромд буюу ийм л богинохон хугацаанд түүний үнэр гарах шиг болдог байв. Харин түүнийг зүүдлэхдээ тэр үнэрийг илүү удаан хугацаанд “амталдаг”, “хардаг”, “сонсдог” бүр тэр үнэрт “хүрч” чаддаг.

Би тэр ҮНЭР-ийг хайхыг маш их хүссэн ч эзэн нь холоо явсан учир зөнд нь орхихыг хүссэн юм. Гэвч бодолдоо, зүүдэндээ үнэрлэдэг, таашаал авдаг, санасан сэтгэлээ дэвтээдэг хэвээр байлаа. Гэтэл тэр ҮНЭР намайг өөрөө олсон.

Одоогоос хоёр жилийн өмнө зуны халуун өдөр “City” тауэрын цахилгаан шат пиг дүүрэн хүнтэй дээшилж байв. Гурван давхарт цахилгаан шатны хаалга нээгдэхэд мөнөөх миний дурласан, хайрладаг үнэр хамар цоргих шиг боллоо. Би өөрийгөө бодолдоо хэт дарагджээ гэж бодсон. Гэвч би тухайн үед түүнийг бодоогүй байсан юм. Би хэдий найман давхарт буух байсан ч тэр ҮНЭР намайг явуулсангүй. Цахилгаан шат дээшлэх тусам би гадаадад байгаа түүнийг ирчихсэн тэр цахилгаан шатанд явж байна гэдэгтэй эвлэрэв. Гэвч миний санадаг, мартаж чаддаггүй хүн цахилгаан шатанд байсангүй. Харин тэнд байсан нэг бүсгүйгээс мөнөөх ҮНЭР “гэрэлтэж”, “цацарч”, “цуурайтаж” байв.

Олон жилийн өмнөөс намайг соронзон мэт татсан, түүнээс хойш ч оргүй хоосноос үнэртдэг тэр ҮНЭР яг тухайн мөчид хамрыг минь зүсэн орж байлаа. Тэр үнэрийг шуналтайгаар сорох бүрт уушги яг л зүрх шиг чанга чанга цохилж байгаа мэт санагдана. Түүнийг 12 давхарт буухад нь би араас нь буугаад яриа өдлөө. “Уучлаарай чамаас маш ойрын танил хүний минь үнэр үнэртээд байна” гэхэд тэр инээмсэглэснээ эелдгээр “Адилхан ус түрхсэн байх” гэж хэлэв. Тэр үед л би тэр охиноос гардаг байсан тэр таатай үнэр хаа нэг түрхдэг байсан үнэртэй усных нь үнэр биед нь шингэж, өөрийнх нь үнэртэй нотлогдсоноор бий болсон гэдгийг гэнэт ухаарсан юм. Тэгээд мөнөөх цагаан хослолтой бүсгүйгээс ямар ус түрхсэнийг нь асуухад “Chanel No 5” гэж хариулж билээ.

Би тухайн өдөр Улаанбаатар их дэлгүүрийн нэг давхарт очиж, тэнд байсан гурван төрлийн “Chanel No 5”-г үнэрлэсэн. Түүнээс “Chanel No 5 Eau de Parfum” түүний үнэртэй хамгийн ихээр ойртож очсон юм. Энэ үнэртэн түүний хэрэглэдэг үнэртэн мөн байсан юм билээ.

Бид хоёр арван сарын өмнө таарсан. Ёс болгож, аяга кофе уунгаа хэсэгхэн хугацаанд ярилцсан. Хүний амьдралын найман жил түүнийг нэлээд өөрчилсөн байлээ. Гадна төрх, хувцаслалт, зан ааш, сонирхол. Үүнээс надад хамгийн таалагдаагүй өөрчлөлт нь тэр хэрэглэдэг үнэртнээ сольсон байсан. Уг нь тэр миний дуртай үнэрийг “төрүүлдэг”, “бүтээдэг” цор ганц үйлдвэр байсан. Гэвч яг тэр үнэрээ би түүнээс олоогүй. Магадгүй түүний хэрэглэдэг үнэртэй усаа, үнэртнээ сольсон нь надад тэр охин, одоо бол бүсгүй л дээ өөрчлөгдсөн гэж санагдсан байх.

Гэхдээ би сэтгэлээр унаагүй ээ. Түүнээс гардаг тэр гоё үнэр одоо ч миний дурсамжинд, зүүдэнд үнэртсээр байгаа. Ирээдүйд ч гэсэн энэ үнэр байсаар л байна. Өмнө нь тэр “үнэртэн”-ий гэр нь миний хайртай охин байсан бол, одоо тэр үнэрийг хадгалдаг шилэн бортого нь би. Бүр нарийн хэлвэл миний зүүд, дурсамж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Түүний үнэр  
Үзсэн: 1420 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй