Шууд Chart

Монголын үндэсний спортын VII наадмын өвлийн төрлийн тэмцээнд өндөрлөлөө

2022-02-21 10:47:11

Монголын үндэсний спортын VII наадмын өвлийн төрлийн (мөсний шагай, мөсний сур харваа) тэмцээн “Асем вилла”-гийн хойно орших Туул голын мөсөн талбайд энэ сарын 18-20-нд боллоо.

Шинэ мэргэн мэндэллээ

Энэ жилийн шагай харвааны шигшээ тэмцээнд 12 аймаг, есөн дүүргийн 126 тамирчин цэц мэргэнээ сорин өрсөлдөхөд багийн харваанд Үлэмж гарамгай дархан мэргэн Л.Жамсранжав ахлагчтай Архангай аймгийн баг түрүүлсэн бол дархан мэргэн Д.Ууганбаяр ахлагчтай Чингэлтэй дүүрэг, улсын хошой мэргэн Д.Батсайхан ахлагчтай Баянзүрх дүүргийн баг удаалав. Харин талын харваанд Чингэлтэй дүүргийн харьяат, дархан мэргэн Д.Ууганбаяр, улсын мэргэн Б.Цогбадрах нар илүүрхэв. Тэгвэл цуваа харвааны төрөлд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Ц.Мөнхбаатар түрүүлж, удаах байрт Чингэлтэй дүүргийн харьяат, Б.Цогбадрах, Хан-Уул дүүргийн харьяат, залуу харваач С.Буяндэлгэр нар орсон байна. Сонирхуулахад түрүү харваач Ц.Мөнхбаатар нь тус тэмцээний хамгийн залуу (19 настай) оролцогч бол улсын мэргэн Б.Бушуу хамгийн ахмад харваач байв. Энэ тэмцээний үеэр Ц.Мөнхбаатарт улсын мэргэн, Б.Цогбадрахад хошой мэргэн цол олгосон бол дархан мэргэн Д.Ууганбаярт үлэмж чимэг хүртээлээ.

Ховдын баг алтан медалиа хадгалж чадлаа

Мөсний сур харвааны шигшээ тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 300 тамирчин хүч үзэхэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, залуу харваач Н.Доржготов 20 сумнаас 20 онож, алтан медаль хүртсэн байна. Удаах байрт Багахангай дүүргийн тамирчин Н.Алтансүх, Дархан-Уул аймгийн харваач Т.Ихтамир нар орлоо. Түүнчлэн багийн төрөлд улсын мэргэн А.Мөнхбат ахлагчтай Ховд аймгийн баг түрүүлсэн бол Д.Баттулга ахлагчтай Төв аймаг, Б.Дашзэвэг ахлагчтай Говь-Алтай аймгийн баг мөнгө, хүрэл медалийг энгэртээ гялалзуулав. Энэ тэмцээний багийн төрөлд түрүүлсэн Ховд аймаг VI, VII наадамд дараалан түрүүлсэн онцлох амжилтаар Монголын үндэсний спортын наадмын өвлийн төрлийн тэмцээнийг үдэж байна. Хамгийн залуу оролцогч нь Говь-Алтай аймгийн 22 настай С.Анхмандах бол ахмад нь Баян-Өлгий аймгийн 66 настай Х.Гармаа байлаа. 

Тэмцээний хаалтын ёслолд Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга О.Баттулга, Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нямсүрэн нар баг тамирчдад баяр хүргэж, өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.


Монголын үндэсний спортын VII наадмын өвлийн төрлийн тэмцээнд өндөрлөлөө  
Үзсэн: 1130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй