
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд зочиллоо.
Энэ хүрээнд, Элчин сайд БНСВУ-ын радио, телевизийн төв байгууллага “Вьетнамын дуу хоолой” болон Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хоорондын уламжлалт хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд идэвхтэй туслан гүүр болж ажиллахаа илэрхийллээ. Тухайлбал, хоёр талын сэтгүүлчид болон уран бүтээлчдийг харилцан айлчлуулж хоёр орны ард түмний аж байдал, соёл түүхийг харуулсан мэдээ мэдээлэл, бүтээлүүд туурвих санаа дэвшүүлэв. Мөн Вьетнам орны тухай кино, бусад үзүүштэй контентуудыг Монголын үзэгчдэд толилуулахад дэмжлэг үзүүлж ажиллах бодолтой байна гэв.
Элчин сайдын санал санаачилгуудыг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар таатай хүлээн авч буйгаа илэрхийлж ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллахад татгалзах зүйлгүй гэлээ. Түүнчлэн МҮОНРТ-ийн онцлох контентуудыг гадаад зах зээлд нийлүүлэх зорилготой “New Media project” хэрэгжиж буй талаар танилцуулахын сацуу радио, телевизийн боловсон хүчин хөгжиж, мэргэших чиглэлд болон техник тоног төхөөрөмжийн чиглэлээр харилцан мэдээлэл, туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Монгол Улс болон Вьетнам улсын аль алинд цар тахлын үеийн хорио хязгаарлалтууд бүрэн цуцлагдаж, харилцаа хамтын ажиллагаа өрнүүлэхэд харьцангуй таатай үе ирж буйтай уялдуулан холбоо хэлхээгээ эрчимжүүлж, идэвхтэй хамтран ажиллах эрмэлзэл дүүрэн байгаагаа талууд илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө.
Дээрх уулзалтад МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга С.Наранбаатар, Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Нгуен Ван Дуен нар байлцсан юм.
БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам МҮОНРТ-д зочиллоо | ||
Үзсэн: 1095 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.