Шууд Chart

Л.Хануй: Хавдар туссан санхүүгийн боломжгүй хүмүүс хотод ирдэггүй. Тиймээс хавдрын оношилгоо, эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд хийх хэрэгтэй

2022-03-25 07:51:11

Хавдар судлаач, цээжний хөндийн мэс заслын эмч Лхагвадоржийн Хануйтай ярилцлаа. Гуравдугаар шатлалын эмнэлгийн мэс засалч тэрбээр мэс заслын эмч Б.Түвшин найзтайгаа хамт орон нутагт ажиллах санаачилга гаргаж, өнгөрсөн намар бусад эмч нарын хамтаар Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийг зорьсон. .

-Бидний урилгыг хүлээн авч ярилцах цаг зав гаргасанд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Би 2007 онд Улаанбаатар хотын нэгдүгээр сургуулийг төгсөөд ЭМШУИС буюу одоогийн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд элсэж, 2013 онд хүний их эмч мэргэжлээр төгссөн. Их сургуулиа төгсөөд “gap year” /түр завсарлага/ авч нэг жил Ирландад очиж англи хэл сурахынхаа хажуугаар хар ажил хийсэн. Энэ хугацаанд “Анагаахад сурч байхдаа хариуцлагатай оюутан байгаагүй, айлын эрх хүүхэд л байж. Монголд очоод эзэмшсэн мэргэжлээрээ хичээн ажиллаж, туршлага хуримтлуулъя” гэж бодон, 2014 онд буцаж ирээд маш их хичээсэн. Хавдар судлалын үндэсний төвд Хавдар судлаач резидент эмчээр сурч, ажилласан.

ХСҮТ-ийн Мэс заслын тасгуудад ажилласныхаа дараа үргэлжлүүлээд Мэс заслын резидент эмчээр сурсан. Энэ нь эмч нарт тийм ч түгээмэл үзэгдэл биш. Учир нь зургаан жил их сургуульд сурчихаад хоёр жил резидентэд сурсан эмч тухайн мэргэжлээрээ дагнаж ажилладаг. Харин миний хувьд дахин резидентэд сурч мөн цээжний хөндийн мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлээр суралцсан. Өмнө нь хавдар судлаачаар резидентэд сурснаараа цаг хугацаа алдаж гэж бодогддог байсан. Одоо бол хавдар судлаачаар резидентэд сурсан нь маш завшаантай хэрэг болж. Одоогоор хими эмчилгээний нарийн мэргэжил эзэмшихээр суралцаж байна.

Монголд хавдрын мэс заслын эмч нар зөвхөн мэс заслаа л хийдэг, мэс заслын дараах эмчилгээнүүд болох хими болон туяа эмчилгээг хавдар судлаач эмч хийнэ. Харин зарим орнуудад мэс заслын эмч тухайн өвчтөнийхөө мэс заслын өмнөх болон дараах химийн болон бусад эмчилгээг биечлэн удирддаг. Өвчтөн насан туршдаа тухайн эмчийнхээ үзлэг, эмчилгээ, хяналтанд байдаг. Би хувьдаа энэ жишиг рүү сурч, туршлагажиж байна.

ӨВЧТӨНҮҮДЭЭС УНАА, БАЙРНААС ЭХЛҮҮЛЭЭД МАШ ОЛОН ЗАРДАЛ ГАРДАГ. БҮХ ЭД ХӨРӨНГӨӨ ЗАРЦУУЛАХ ТОХИОЛДОЛ Ч БИЙ

-Б.Түвшин эмч та хоёр яагаад орон нутгийн эмнэлэгт ажиллах шийдвэр гаргасан бэ?

-Бид хоёр арван жилийн параллель ангийн найзууд. ХСҮТ-д цуг ажиллаад маш сайн найзууд болсон. Хоёр жилийн өмнө Түвшин “Хоёулаа хөдөө, орон нутагт очиж хавдрын хагалгаа хийе” гэдэг санаачилгыг гаргасан. Учир нь ХСҮТ Монгол Улсын хавдрын дийлэнх тусламж үйлчилгээг төвлөрүүлэн үзүүлдэг нь маш их ачааллыг үүсгэдэг. Уг нь зарим үйлчилгээг нь орон нутгийн эмч нар тухайн орон нутагтаа хийчих бүрэн боломж бий. Гэсэн ч саяхныг хүртэл хавдрын оноштой өвчтөнийг зөвхөн ХСҮТ-рүү шилжүүлдэг тогтолцоотой байсан нь өөрчлөгдөн бүх эмнэлэг хавдрын тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон. ХСҮТ-д ирж буй өвчтөний дийлэнх нь орон нутгаас ирдэг. Өвчтөнүүд ганцаараа ирэх боломжгүй, гэр бүлээс нь хүн хамт ирнэ. Улаанбаатар хотод ирээд нэг өдөрт багтаад эмчлүүлэх мэдээж боломжгүй. Улаанбаатарт хагас жил, бүтэн жилийн хугацаанд байх шаардлагатай болдог. Тэгэхээр өвчтөнүүдийн хувьд наанадаж унаа, байр цаашлаад маш олон зардал гардаг. Бүх эд хөрөнгөө зарцуулах тохиолдол ч бий.

-Яагаад Хөвсгөл аймгийг сонгон ажиллах болсон бэ?

-Түвшин бид хоёр энэ талаар нэлээд ярилцаж, аль аймагт ажиллах талаараа судалж эхэлсэн. Хөвсгөл аймаг Улаанбаатар хотоос хол зайтай, хавдрын өвчлөл ихтэй.  Мөн эмнэлгүүд төлөөлөн удирдах зөвлөлтэй болж, захирлаа томилдог, санхүүгийн хагас бие даасан тогтолцоо руу шилжиж байгаа. Анхдагч нь Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг.

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг шууд худалдан авалт хийх эрхтэй болсон учир мэс засалд шаардлагатай, ХСҮТ-д хэрэглэдэг чанартай багаж хэрэгслүүдийг худалдан авсан нь тухайн орон нутагт мэс засал хийхэд маш том түлхэц, давуу тал болсон. Мөн биднийг дэмжиж зарим байгууллага болон хувь хүмүүс багаж тоног төхөөрөмж хандивласан. Хөвсгөлийн Нэгдсэн эмнэлгийн захирал Оюунжаргал энэхүү ажлыг сайтар төлөвлөн, бүх талаар дэмжиж ажилласан нь Хөвсгөл аймгийг сонгон ажиллах том шалтгаан болсон.

Хөвсгөлд олон хүнд үзлэг хийсэн. Хавдар оношлогдох тохиолдол их олон байсан.

-Хөвсгөл аймаг руу хэдэн эмч очиж ямар мэс заслууд хийсэн бэ?

-Хөвсгөл аймагт очоод зургаан сар орчмын хугацаанд том, жижиг 40 орчим мэс засал хийлээ. Дийлэнх мэс засал амжилттай болсон мөн хүндрэлүүд ч гарсан. Эхлээд Түвшин, дараа нь би очсон. Бид хоёрын араас ХСҮТ-д мэргэжил дээшлүүлж байсан цээжний хөндийн мэс засалч Гантогтох болон элэг, цөс, нойр булчирхайн мэс засалч Дамдинсүрэн нар ирсэн. Түвшин бид хоёрыг бодвол тэд удаан хугацаагаар Хөвсгөлд суурьшин ажиллахаар очсон. Түвшин ходоод, бүдүүн гэдэсний мэс заслаар нарийссан мөн эндоскопийн эмч. Энэ нь орон нутагт хүний нөөц муутай үед маш том давуу тал болсон. Бидний очсон эмнэлэг дурангийн нэг л эмчтэй, ачаалал ихтэй. Түвшин давхар ходоодны дуран хийснээр оношилгоо, эмчилгээ хурдан шуурхай явагдсан.

Хөвсгөл аймагт элэг, ходоод, улаан хоолой, уушги, хөхний хортой болон хоргүй хавдар, үрэвсэлт өвчнүүдийн мэс заслыг хийсэн. Мөн ерөнхий мэс засал, гэмтлийн мэс заслуудад хамтран ажилласан.

-Хөвсгөлд аль тасгийн эмч нартай түлхүү хамтарч ажилласан бэ. Ямар мэс заслуудыг нутагшуулж үлдээв?

-Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс засал, гэмтлийн тасагт ажилласан. Манай тасаг эрч хүчтэй, хичээнгүй эмч нараас бүрдсэн чадамж өндөртэй тасаг. Гэмтлийн эмч нар гэхэд тархины гэмтэл, үе солих мэс засал зэрэг томоохон мэс заслыг хийдэг. Мэс заслыг мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээгүйгээр төсөөлөхийн аргагүй. Иймээс тус тасагтай нягт хамтран ажилласан. Мэс заслын өмнөх оношилгоо шинжилгээг Дүрс оношилгооны тасаг хариуцан хийдэг. Хөвсгөлийн Нэгдсэн эмнэлэг компьютер томографын аппараттай. Очоод удалгүй тодосгогчтой хийж эхэлснээр оношилгооны цар хүрээ нэмэгдсэн. Хорт хавдрын цөм эмчилгээ болох хими эмчилгээ аль хэдийн хийгддэг, туршлагатай эмч нартай тасаг байсан нь маш том давуу тал болсон. Ер нь хамтарч ажиллаагүй тасаг гэж байхгүй дээ. Бүх л тасагтай хамтран ажилласан, эмч, ажилтнуудын чадамжийн хувьд маш сайн баг бүрдсэн эмнэлэг байсан.

Хамт ажиллахаар очсон зарим эмч маань Хөвсгөлд үлдэж байгаа. Хөвсгөл аймагт цаашдаа хийгдээд явах боломжтой болсон гэвэл элэг, цөсний болон ходоод, бүдүүн гэдэс, хөх, уушги, улаан хоолойн мэс заслыг хэлж болно. Үүнээс ХСҮТ-д л хийгддэг байсан элэгний том хагалгаануудыг одоо Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж буй Дамдинсүрэн эмч хийж байгаа. Хөвсгөлийн мэс заслын эмч Төгөлдөр мөн бидэнтэй очсон Гантогтох нар Солонгосын Анам сургуульд мэргэжил дээшлүүлж байна.

ОРОН НУТАГТ ӨВЧТӨН ОЛОН, ЭМЧ ЦӨӨХӨН БАЙНА

-Орон нутагт хагас жил ажиллаад ирсэн эмчийн хувьд үеийнхээ залуу эмч нарт юу гэж зөвлөх вэ?

-Ерөнхий мэс заслын резидент эмч нар Улаанбаатар хотод л сурч ажиллаж байгаа. Нийслэлд өвчтөнүүдийн болон эмч нарын төвлөрөл ихтэй. Харин орон нутагт өвчтөн олон, эмч цөөхөн байна. Тиймээс залуу эмч нар их сургуулиа төгсөөд нарийн мэргэжлээ эзэмшчихээд шууд хүн хүч муутай орон нутгийн эмнэлгүүдэд ажиллавал туршлага суух давуу талтай. Мөн амьдрах орчны хувьд стресс багатай, ажил руугаа илүү төвлөрөн ажиллах боломжтой санагдсан.

-Орон нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжрахын давуу талуудаас дурдаач?

-Улаанбаатар хотын хэдхэн эмнэлэгт хорт хавдрын тусламж үйлчилгээ төвлөрдөг, тэр дундаа Хавдар судлалын үндэсний төвд. Энэ төвлөрлийг сааруулах хэрэгтэй. Жишээ нь Хавдар судлалын үндэсний төв нэртэйгээ уялдах хэрэгтэй буюу судалгааны ажлууд хийж урд нь манлайлах ёстой. Гэтэл судалгаа хийх завгүй ажилдаа дарагдаад өдөр, шөнөгүй л эмчилгээ, мэс засал хийсээр таарч байгаа. Тиймээс орон нутагт нь аймгийн нэгдсэн эмнэлэгт хавдрын мэс заслын дийлэнх нь төвлөрөх нь зүйтэй. Аймгийн нэгдсэн эмнэлэг нь яаралтай мэс засалдаа дарагдаад мөн хавдрын тусламж үзүүлэхэд төвөгтэй байдаг ч Хөвсгөл аймгийн хувьд сум дундын эмнэлэгтээ зарим яаралтай мэс заслыг хийдэг болж бүгд нэг алхам урагшлах ажлыг эхлүүлсэн.

Мөн хамгийн чухал нэг зүйл нь хавдраар оношлогдсон бүх өвчтөн ХСҮТ-д ирдэг гэж боддог байсан чинь өөр байсан. Хөвсгөлд очоод үзлэг хийгээд ХСҮТ-д хандах шаардлагатай өвчтөнүүдэд хот руу явахыг зөвлөхөд үргэлжлүүлэн эмнэлэгт хандахгүйгээр тэндээ үлдэх тохиолдол их байдаг юм билээ.

“Хот руу явж чадахгүй ээ, мал харах хүн байхгүй” гээд амьдрал ахуй нь боломжгүй хүмүүс хотод ирдэггүй юм байна. Тэгээд орон нутагтаа ам дамжсан эмчилгээний аргаар яваад хүндрэхээрээ л эмнэлэгт ханддаг юм билээ. Тиймээс хүмүүс орон нутгийнх нь эмнэлэгт үзүүлдэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ өргөжихөд маш баяртай хандаж байсан. Улаанбаатар хотоос эмч нар ирсэн гээд үзлэг хийлгэхээр эмнэлэгт очиж буй хүн олон байсан. Гэхдээ энэ иргэдийн л хандлага л даа. Тэрнээс Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар мэдлэг, чадвар маш мундаг.

-Орон нутагт ажиллахад ямар давуу талуудтай вэ?

-Улаанбаатарт ажил руугаа явах, буцаж гэр лүүгээ харихад маш их цаг зарцуулдаг. Орон нутагт тийм зүйл байхгүй. Хаашаа ч явсан тавхан минут. Автомашинтай бол бүр л хурдан хүрнэ. Түгжрэл, бөглөрөө байхгүй.

Ажлын байрны хувьд эмнэлгээрээ төсөөлөхөд хүний нөөцийн дутагдалтай. Нарийн мэргэжлийн эмч нарт ажлын байрны олдоц ихтэй. Эмнэлгийн ачаалал нь нэмэгдсэнээс гадна төсөв санхүүгээ өөрсдөө тодорхой хэмжээнд захиран зарцуулах эрхтэй болсноор шинэ орон тоо нэмэх, хүссэн багаж хэрэгслээ худалдан авах боломжтой болсон. Цаашлаад эрүүл мэндийн салбарынхан ажилласныхаа хэрээр цалин авах систем рүү шилжих болов уу гэж харж байна.

-Залуу гэр бүлүүд нийслэлээс орон нутаг руу шилжин суурьших хандлага нэмэгдэж байгаа. Та дэмждэг үү?

-Дэмжилгүй яахав. Орон нутагт өдөр тутмын амьдралд маш их боломж нээлттэй харагдсан. Тэнд 2-3 фитнесс бол байгаа юм. Гэхдээ наад зах нь кроссфит юм уу боксын клуб ажиллуулахад л сайхан, хангалуун амьдарчихмаар л харагдсан. Хөвсгөл хүн ам  их үзвэр үйлчилгээ, чөлөөт цаг өнгөрөөх газар ховор учраас очиж бизнес эхлүүлэхэд зах зээл байна гэж санагдсан. Ажиллаж амьдрах нөхцөл бүрэн бий.

Мөн эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээ төвлөрлийг бууруулах нэг том хүчин зүйл нь гэж боддог.

-Та Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ц.Самбуугийн ач хүү юм билээ. Таны аав ямар мэргэжилтэй байсан бэ?

-Манай өвөө сая километр газарт ачаа тээвэр хийсэн Хөдөлмөрийн баатар, “Саятан жолооч” Ц.Самбуу гэж хүн байсан. Өвөө 1997 онд ходоодны хорт хавдраар нас барсан. Би нэлээн бага байсан болохоор өвөөгийнхөө царай төрхийг нь л санадаг. Аав минь өвөөгийн том хүү С.Лхагвадорж гэж хуульч хүн байсан.

МОНГОЛ УЛС ХАВДРЫН ӨВЧЛӨЛӨӨРӨӨ ДЭЭГҮҮРТ ОРДОГГҮЙ. ХАРИН ХАВДРЫН ГАРАЛТАЙ НАС БАРАЛТААР ДЭЛХИЙД НЭГДҮГЭЭРТ ОРЖ БАЙНА

-Таныг эмч болоход нөлөөлсөн зүйл юу вэ?

-Би нэг эгчтэй, айлын бага. Аав багаас минь хүүгээ эмч болгоно гэж байнга ярьдаг байсан. Аавын үг сэтгэлд хоногшсон гэх юм уу арван жилийн сургуулиа эмч болно гэсэн бодолтой төгссөн. Ээж минь эгч бид хоёрыг бүх нөхцөл бололцоогоор хангаж энэ олон жил сурах нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Харамсалтай нь ээж минь 2020 онд цусны хорт хавдраар нас барсан.

-Уучлаарай би энэ талаар мэдсэнгүй. Хүлцэл өчье.

-Зүгээр ээ.

- ...

-Намайг резидентэд сурахаас өмнө л дөө манай найзын аав, ээж гээд таньдаг болон дотны хүмүүс ойр ойрхон хавдартай гэж оношлогдсон. Энэ нь хавдар судлаач эмчээр нарийсч сурахад нөлөөлсөн. Учир нь Монгол Улс хавдрын өвчлөлөөрөө дээгүүрт ордоггүй, жаран хэддүгээр байрт л явдаг. Харин хавдрын гаралтай нас баралтаар дэлхийд нэгдүгээрт орж байна. Энэ нь эрт илрүүлгийн хөтөлбөр байхгүй байсантай холбоотой. Одоо энэ төрлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаа. Хүн ер нь өвдөхөөрөө л эмнэлэгт ханддаг. Гэтэл ямар нэгэн зовуурь өгсөн л бол хавдар сүүлийн шатандаа орсон байдаг. Тиймээс ямар ч эмчилгээ хийсэн бүрэн эдгэхэд оройтсон гэсэн үг. Хавдрыг эхний шатанд нь оношилж, эмчилвэл бүрэн эдгэдэг. Дараа дараагийн шатанд оношилсон бол тухайн өвчтөний амьдрах хугацааг уртасгахын тулд эмчилгээ хийдэг.

Манай гэр бүлд улс төр, бизнес, урлагийн болон  бусад салбарын нэр хүндтэй хүн олон бий. Харин эмч байдаггүй. Тиймээс хавдрын эмч болоод ядаж л гэр бүл ойр дотны хүмүүстээ зөвлөж туслах, цаашлаад улс орныхоо хэмжээнд хавдрын эсрэг ажиллахыг хүсч хавдар судлаач мэргэжлийг сонгосон.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Л.Хануй: Хавдар туссан санхүүгийн боломжгүй хүмүүс хотод ирдэггүй. Тиймээс хавдрын оношилгоо, эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд хийх хэрэгтэй  
Үзсэн: 4604 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй