
АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис даваа гарагт Цагаан ордонд хэлсэн үгэндээ, “маш олон америкчуудыг туйлдуулж байгаа” эмнэлгийн үйлчилгээний өр төлбөрийн дарамтыг бууруулахад чиглэсэн Цагаан ордны хүчин чармайлтын талаар зарлажээ.
Инфляцын эрчимтэй өсөлтөөс шалтгаалан бүх төрлийн, түүний дотор эмнэлгийн зардал нэмэгдэж, олон хүн төлбөрөө төлж барагдуулах чадваргүйд хүрч байгаатай уялдуулан Засаг захиргаа нь ийм алхам хийж байгааг тэрбээр ярьсан байна.
Тодруулбал, Америкийн гурван хүн тутмын нэг нь “эмнэлгийн өр төлбөрөө барагдуулж хүчрэхгүй” байдалтай байгаа талаар Харрис яриад, энэ төрлийн хуримтлагдсан өр төлбөрийн хэмжээ нь одоогийн байдлаар зээлийн карт, нийтийн үйлчилгээ, автомашины зээл сэлтийг бүгдийг нийлүүлснээс ч давах хэмжээнд очсоныг онцолжээ.
Энэ байдлыг Ковид-19 цар тахал улам ч даамжруулсан гэж Харрис үзэж байна. “Одоогийн энэ цаг үед, эмнэлгийн үйлчилгээ авах шаардлага гарсан хэн бүхэн, эдгэж эрүүл болохдоо анхаарахаас бус, эмнэлгийн үйлчилгээний төлбөртэй холбоотой өрийн дарамтад нэмж орохгүйгээр, нэр төртэй үйлчилгээ авдаг байх ёстой” гэж Цагаан ордны дэд тэргүүн мэдэгджээ. “Шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээ авсныхаа төлөө манай улсын нэг ч иргэн дампуурах учиргүй” гэж тэр хэлсэн байна.
Энэ үүднээс Цагаан ордон америкчуудын эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой өр төлбөрийг шийдвэрлэхэд чиглэсэн 4 зорилт бүхий төлөвлөгөөгөө зарлаж байгаа аж.
Тухайлбал, орлого багатай ахмад дайчдын өрийг цуцлах, өр нэхэгчид болон эмнэлгийн үйлчилгээ үзүүлэгчдийг бусдад хор учруулах үйл ажиллагаа явуулсан тохиолдолд хариуцлагад татах зэрэг арга хэмжээ тусгажээ. Мөн эмнэлгийн өр төлбөрийг америкчуудад зээл олгох нөхцөл шалгуурт голчилж авч үздэг байдлыг бууруулахад анхаарна гэж Цагаан ордноос мэдэгджээ.
АНУ-ын Засгийн газар иргэдийн эмнэлгийн өр төлбөрийн ачааллыг хөнгөлөх арга зам эрэлхийлж байна | ||
Үзсэн: 605 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.