
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Оросын талыг баримтлагч сөрөг хүчний удирдагч, мөн Ерөнхийлөгч Владимир Путины ойрын түнш гэгддэг Виктор Медведчукийг Украины олзны цэргүүдээр солих санал тавилаа.
“Медведчукийг Оросын олзонд байгаа манай цэргүүдээр солихыг би ОХУ-д санал болгож байна. Тиймээс манай хууль сахиулах байгууллагууд болон цэргийнхэн ч бас энэ боломжийг судлах нь чухал байна” гэж Зеленский видео мэдэгдэлдээ хэлжээ.
Түүний хэлснээр Медведчук өнгөрсөн 48 хоногийн туршид нуугдаж байсан байна. “Харин эцэст нь хилээр гарч зугтахаар санаархсан” гэж Зеленский дурджээ.
Украины Ерөнхийлөгч өчигдөр Медведчукийг саатуулсан тухайгаа мэдэгдэж, өөрийн Телеграм сувагт төстэй царай бүхий гавтай хүний зураг нийтэлсэн юм байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хуурамч мэдээлэл маш их байгаа учир тухайн гэрэл зургийг шалгах шаардлагатай гэж мэдэгджээ. Украины албаны хүмүүсийн мэдээлснээс үзвэл, Украины тэрбумтан Виктор Медведчукийг Украины аюулаас хамгаалах хүчнийхний нууц ажиллагааны дүнд баривчлан саатуулсан байна. Тэрбээр Оросын цэргийн ажиллагаа эхлэхээс өмнө гэрийн хорионд байсан боловч нөхцөл байдал хурцадсаны дараагаас оргон зугтсан байжээ.
Зеленский өчигдөр хийсэн видео мэдэгдлийнхээ үеэр мөн Оросын цэргийнхэн химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээллүүдэд анхаарал хандуулахыг дэлхийн удирдагчдад уриалсан байна.
Мариуполь хотод гангийн үйлдвэрийг хамгаалж байгаа украины цэргийнхэн хотынх нь дээгүүр дроноос хортой бодис цацсан гэж мэдэгдсэн юм байна. Гэхдээ онц хохирол учирсан шинж мэдэгдээгүй гэж байна.
Хос бүслэлтэд байгаа учраас аливаа бодисыг шинжлүүлэх боломжгүй байгааг Украины Ерөнхийлөгч мөн мэдэгджээ.
В.Зеленский: Орост олзонд байгаа цэргүүдээ Медведчукээр солих саналтай байна | ||
Үзсэн: 344 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.