
Хүнсний үнэ нэмэгдэхэд гол нөлөөлж байгаа инфляцын өсөлтийг эсэргүүцэн Аргентины олон нийтийн болон улстөрийн байгууллагууд нийслэлийнхээ гол талбайд хоол хүнс, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн тарааж эхэлжээ.
Инфляцаас үүдэлтэй хямралд хамгийн ихээр өртөж байгаа хотын амьжиргааны түвшин доогуур иргэдэд нэмэр болох зорилгоор ийм арга хэмжээ зохион байгуулсан байна.
Энэ санаачилгыг олон зуун хүн дэмжиж оролцож байна. Нэг хүний 16 мянган песо буюу 160 орчим америк долларыг Засгийн газраасаа авсан энэ арга хэмжээнд оролцож байгаа байгууллагууд, гишүүдийг нь илүү өндөр орлоготой болгохыг, мөн бусад салбарынхантай ижил хөдөлмөрийн эрх олгохыг шаардаж байна.
Аргентин бол дэлхийд инфляци хамгийн өндөр байгаа орнуудын нэг. Өнгөрөгч хоёрдугаар сард үнэ 4.7 хувиар нэмэгдэж, жилийн дүнгээрээ 52.3 хувьд хүрсэн юм. 2021 оныг амьжиргааны өртөг 50.9 хувь өссөн дүнтэй үджээ.
Сүүлийн үед бусад улстай нэгэн адил Украины хямралын зарим нөлөөллийн улмаас үнийн хөөргөдөл газар авч, хүнс болон түлшний зардал нэмэгдсэн байна.
Даваа гарагт Аргентины Эдийн засгийн сайд Мартин Гусман өнгөрсөн гуравдугаар сард инфляц 6 хувиас давсан нь олон жилийн дунджаар сарын доторх хамгийн өндөр үзүүлэлт болсныг хүлээн зөвшөөрчээ.
Альберто Фернандесийн Засгийн газар сүүлийн долоо хоногуудад дэлгүүр, томоохон супер маркетуудын үнэд тавих хяналтаа чангатгах арга хэмжээ авч буй юм байна. Гэлээ ч эдгээр арга хэмжээ нь хангалттай үр дүн үзүүлэхгүй байгаад хэрэглэгчид дургүйцлээ илэрхийлсээр байна.
Дан ганц үнийн бодлогоор инфляцыг хазаарлах аргагүй, хэдийнэ хэрэгжүүлж эхлээд байгаа эдийн засгийн хөтөлбөр нь энэ чиглэлд үр дүн гаргана гэж Гусман мэдэгджээ.
Буэнос-Айрест үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ явуулж байна | ||
Үзсэн: 444 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.