Шууд Chart

М.Аминаа: Санкт-Петербургийн Дүрслэх урлагийн академид сурч байхдаа би бараг Эрмитажид амьдардаг байсан

2022-04-20 12:30:33

MNB.mn сайт “Редакцын зочин” буландаа

ААВ ЭЭЖТЭЙ УЧРААГҮЙ БАЙХАД ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, “САЯТАН ЖОЛООЧ” Ц.САМБУУ ӨВӨӨГИЙН ХӨРГИЙГ АРДЫН ЗУРААЧ, ТӨРИЙН ШАГНАЛТ Ү.ЯДАМСҮРЭН ӨВӨӨ МААНЬ ЗУРСАН

-Ярилцлагаа таны ээжийн өвөө Монгол Улсын анхны Ардын зураач, Төрийн шагналт Үржингийн Ядамсүрэнгийн намтар түүх, уран бүтээлээс эхэлье гэж бодлоо.

-Манай ээжийн өвөө нь Ардын зураач, Төрийн шагналт Үржингийн Ядамсүрэн. Монголын ард түмэн болон дэлхийн урлагийн түүхэнд “Өвгөн хуурч” бүтээлийг зурсан зураач гэдгээр нь мэддэг. “Өвгөн хуурч” яагаад алдаршиж, Монголын бэлгэ тэмдэг болсон бэ гэвэл морин хуур хуурдаж буй хуурчийн зураг гэхээсээ илүүтэй монгол хүний уужуу зан, уудам сэтгэлгээг гаргаж ирж чадсан. Зургийн техникийн хувьд монгол зургийн аргыг өрнийн зургийн алслалт, хэв маягтай хослуулж монгол хүн дэлхийд өөрийн үндэстний, улсынхаа соёлыг нээж, таниулж буйгаа “Өвгөн хуурч” уран зургаар илэрхийлсэн. Мэдээж Ядамсүрэн өвөөгийн уран бүтээл дан ганц “Өвгөн хуурч”-аар хязгаарлагдахгүй. Хамгийн наад захын жишээ нь, Манжийн үеийн зэрэг дэвийн хувцасны хээ, бүсээс авахуулаад БНМАУ-ын үеийн монголчуудын угсаатан болгоны хувцсыг харуулсан, угсаатны зүйн хувьд бүх төрлийн судалгааг маш нарийн хийж, тухайн үеийн монголчууд ямар эд хэрэглэл хэрэглэдэг, ямар эдийн соёлтой байсан, шашны сэтгэлзүйг нь  хүртэл судалсан бүтээлүүд нь маш том өв болж үлдсэн. Энэ өвийг гэр бүл, үр хүүхдүүд бид таван цомог болгож гаргасан. Цамын баг урлаачид бүгд өвөөгийн цомгийг харж, судалж бүтээлээ урладаг.

Ардын зураач, Төрийн шагналт Ү.Ядамсүрэн зээ охин Я.Булганы хамт

Ү.Ядамсүрэн өвөөг бөх, сийлбэрч Үржин өвөө нь өсгөсөн. Өвөө Үржин өвөөгөөсөө суралцахаас гадна таван настайгаасаа хийдэд шавилан суралцаж төвд, санскрит, энэтхэг хэл бичиг, бурхан зургийн дэг, жаяг зэрэг бүх л зүйлд суралцсан. Ер нь манай ээжийн талынхан үе дамжсан зураач, урлаачид.

Ядамсүрэн өвөө Ардын хувьсгалын өмнөхөн хар болж, хүрээнд орж ирсэн. Ядамсүрэн өвөө болон Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын орчин үеийн дүрслэх урлагийг үндэслэгчдийн нэг зураач Додийн Чойдог Монголын дүрслэх урлагийнхнаас хамгийн анх гадаадын боловсрол эзэмшсэн уран бүтээл. Учир нь тэд Монголоос анх удаа Өрнийн буюу Европын сонгодог урлагийн В.И.Суриковын академид очиж суралцсан. Өвөөгийн тухайд хэлэхэд лам байсан хүн гадаад руу яваад өрнийн соёл болоод бусад зүйлийг тээж ирсэн нь зөвхөн Ү.Ядамсүрэн гэдэг хүн гадаад руу яваад сураад ирэх бус Өрнө, Дорнын соёл “уулзсан” гэсэн үг. Тэр уулзалтын үр шим нь Ядамсүрэн өвөөгийн бүтээлүүд. Ялангуяа 1960-1980 оны бүтээлүүд нь маш сонирхолтой. Ядамсүрэн өвөө 1986 онд нас барсан. Би таван жилийн дараа төрсөн. Гэхдээ би Ядамсүрэн өвөөгийн гэргий Монголд зээгт наамлыг хөгжүүлсэн Люня эмээ дээрээ өссөн болохоор Ядамсүрэн өвөөгөө ямар хүн байсан хийгээд үзэл бодол, амьдралын хэв маягийг нь эмээгээрээ яриулж мэдэж авсан.

-Люня эмээгийн тань гэр бүлийн үүх түүх маш сонирхолтой юм билээ. Та тэр талаар хэр мэдэх вэ

-Буурай ээж /Люня/ Оросоос дүрвэж Монголд ирсэн Пранусовын гэр бүлийн хүүхэд. Манай гэр бүл дотор яригддаг аман түүхээр буурай ээжийн ээж Оросын язгууртан, ордны гэр бүлийн, бүр хааны цустай хүн байсан. Харин буурай ээжийн аав нь ажилчин /батрак/ хүн байж. Тухайн үед Орост язгууртан зиндааны ордны цустай хүн ажилчин хүнтэй гэрлэж болохгүй байсан ч тэр хоёр бие биедээ хайр сэтгэлтэй болж улсаасаа дүрвэсэн. Зорилго нь Хятадад очих байсан ч Хиагтаар дамжиж Монголд орж ирээд уудам тал нутагтай, аж ахуй эрхлэх, амьдрал зохиоход таатай санагдсан учир одоогийн Төв аймагт суурьшсан юм билээ. Буурай ээжийн том охин нь манай эмээ. Ээжийн ээж Заяа зурах авьяастай ч зураач мэргэжлээр сургууль соёлд сураагүй, насаараа орос хэлний багшаар ажилласан. Заяа эмээгийн зурсан зураасан зургууд бидэнд хадгалаатай байгаа. Харин ээжийн аав “Орос” Баяраа гэж зураач хүн байсан. Соц нийгмийн үед нам засгийнханд үзэл бодлоо айж, эмээхгүйгээр илэрхийлчихдэг, энэ үйлдлээсээ болж хурал цуглаанаас хөөгддөг билэг танхай, чөлөөт арга барилтай уран зураач байсан гэдэг. Баяраа өвөөгийн бүтээлүүд Монголын уран зургийн галерейд бий.

Ардын зураач, Төрийн шагналт Ү.Ядамсүрэн эхнэр Люня болон гурван хүүхдийн хамт

-Мөн та Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Саятан жолооч” Ц.Самбуугийн ач охин юм билээ?

-Манай аавын талын өвөө хоёр ч удаа сая километр газарт ачаа тээвэр хүргэсэн Хөдөлмөрийн баатар, “Саятан жолооч” Ц.Самбуу гэж хүн байсан. Ц.Самбуу өвөөгийн хөргийг Ү.Ядамсүрэн өвөө маань зурсан байдаг. Хувь заяаны тохиолоор ч юм уу Ц.Самбуу өвөөгийн хүү нь буюу миний аав С.Машбат Ү.Ядамсүрэн өвөөгийн зээ охин миний ээж Я.Булгантай учирсан.

ААВ, ЭЭЖ ХОЁР ЯГ Л ФРИДА КАЛО, ДИЕГО РИВЕРАТАЙ АДИЛХАН САНАГДДАГ

-Та зураач гэр бүлд төрж өсчээ. Бага насныхаа болон гэр бүлийнхээ дурсамжаас хуваалцаач?

-Аав, ээж хоёр яг л Фрида Кало, Диего Ривератай адилхан санагддаг. Хоёулаа гал халуун, урлагийн төлөө чин зүрх сэтгэлээсээ зүтгэдэг уран бүтээлчид. Магадгүй тийм ч болохоороо нэг тэнгэрт хоёр нар манддаггүй гэдэг шиг насан туршдаа айл бололгүй өөр өөрсдийнхөө замыг хөөсөн зураач нар. Бие биедээ гал халуун хайртай байсан ч хоёр халуун “зүйл” нийлээд тэсрэлт үүссэн байх л гэж боддог.

Уран бүтээлч хосын гэр бүлд өсөх гоё. Багаас минь ээж, аав өглөө пянз тоглуулагчийн дуунаар сэрээдэг байсан. Хааяадаа пянзны аянд хамтдаа бүжиглэнэ эсвэл хоёр талд зургаа зураад суучихна. Миний ертөнцийг үзэх үзлийн бүх суурийг ээж, аав маш гоёор дэвсэж өгсөн. Би ээж, аавтайгаа маргаж үзээгүй ч сэтгэл дотроо хамгийн анх би урлагийн хүн болохгүй гэж маргасан. Тэр хоёр намайг урлагийн хүн бол гэж тулгаж шаардаагүй ч тэднийгээ хараад ямар эрсдэлтэй амьдралаар амьдардаг юм бэ гэж бодсон. Тэр хоёрын бүтээсэн урлагийг хүмүүс ойлгохгүй, худалдаж авахгүй бол манай гэр хоолгүй хоосон хононо. Тиймээс би тогтмол цалинтай, цалин нь буух өдөр нь тодорхой тийм амьдралыг сонгохоор 100 хувь шийдсэн. Гэсэн хэдий ч сэтгэл зүрхнээс урлагийн амьдрал руу зулгаадаг юм билээ.

-Сэтгэл дотроос тань урлагийн амьдрал зулгаасан болохоор урлаг судлаач болсон уу?

-Би нийслэлийн 45 дугаар сургуулийг төгсөөд “gap year” /түр завсарлага/ аваад дараа нь ээжийнхээ АНИМА дүрслэх урлагийн сургуульд уран зургийн ангид нэг жил сурсан. Тэр нэг жилд өөрийгөө зураач хүн биш гэдгээ мэдэрсэн. Яг тэр үед Жамух гэдэг рок ахтайгаа санамсаргүй таарахдаа МУИС-ийн урлаг судлалын ангид сурч байгааг нь мэдсэн юм. Би өмнө нь их сургуульд тийм анги байдгийг ерөөсөө мэддэггүй, тэгэхэд л анх удаа сонссон. Зураач нарын гэр бүлд өссөн болохоор урлагийг бүтээдэг л гэсэн ойлголттой байсан бол урлагийг судлах ойлголт тархинд бяцхан тэсрэлт бий болгосон. Тэгээд л Монголын түүх, монгол, орос, англи хэлний хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгч дан 700-гаас дээш оноо авч МУИС-ийн урлаг судлалын ангид элссэн дээ.

МУИС-ийн оюутан байхдаа гуравдугаар курсээсээ АНИМА дүрслэх урлагийн сургуульд дадлагын багшаар ажиллаж эхэлсэн. Гоо зүй, дэлхийн урлагийн түүх зэрэг онолын хичээлийн лекц уншдаг болсон. Тэр үедээ багшаар ажиллах хүсэлтэй гэдгээ илүү сайн мэдсэн.

-Урлаг, урлагийн түүхийн мэдээллүүд сонирхдог хүмүүс таныг “Сахилгагүй Аминагийн лекцүүд”-ээр тань хэдийн мэдэх байх. Яагаад олон нийтэд урлагийн түүхийн лекц уншихаар шийдсэн бэ?

-АНИМА дүрслэх урлагийн сургуульд багшлах хугацаандаа олон зүйлийг ойлгосон. АНИМА-д нийгмийн бүхий л бүлгийн төлөөлөл сурдаг. Тэр дунд нийгмийн эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүн ч бий. Мөн есдүгээр анги төгссөн хүүхдүүдээс гадна хоёр дахь боловсролоо эзэмшиж буй 30-аас дээш насны хүн ч сурдаг. Энгийн жишээ хэлэхэд, хичээлээ тарчихаад гэртээ хариад усаа авах ёстой гэж боддог хүүхэд байхад улирлын амралтаараа Итали явж амарна даа гэж төлөвлөж буй хүн ч бий. Тэд урлаг гэсэн нэг сонирхол дор нэгдэж АНИМА-д элссэн. Тиймээс тэр бүх хүнд нэгэн ижил байдлаар урлагийн талаар мэдлэг олгох сорил тулгарсан. Энэ явцад би нэг зүйлийг мэдэрсэн нь урлаг нарны тусгал шиг хүн болгон дээр тусдаг. Гэхдээ хүн болгоны урлагийг хүртэх мэдрэмж өөр ч гэлээ урлаг хэн бүхэнд хүрэх түлхүүр гэдгийг ойлгосон. Дараа нь нийгэмд урлагийг ойлгуулахыг хүссэн. Хэрвээ би АНИМА-д багшлаагүй байсан бол хэзээ ч сургуулиас гадуур буюу олон нийтэд лекц уншихгүй байсан. “Шар хадны өвчтөн зураачид”, “Мөөмний түүх” гэх мэт одоо бодох нээ аягүй хөгжилтэй нэртэй арван цуврал лекц Монголын залуучуудын холбооны гуравдугаар давхрын кафед уншдаг байсан.

-Яагаад лекцээ ийм өвөрмөцөөр нэрлэсэн юм?

-Жаахан хэтрүүлэгтэй нэр өгсөн. Зураач, уран бүтээлч нар ахуйгаа бодож амьдардаг биднээс шал өөр сэтгэлгээтэй байдаг учраас өвөрмөц уран бүтээлүүд туурвидаг. Миний цуврал лекцийн эхнийх нь “XX зууны модернизмын төлөөлөгчид” гэсэн сэдэвтэй байсан. Пикассо, Ван Гог, Сальвадор Дали нарын талаар байсан. Энэ лекцээ “Шар хадны өвчтөн зураачид” гэж нэрлэсэн. Надаас маш олон хүн “Зураач нар яагаад нүцгэн эмэгтэй хүн дүрсэлдэг юм бэ” гэж асуудаг л даа. Цаана нь маш олон утга агуулга, эмэгтэй хүний хамгийн ариун нандин чанаруудыг билэгддэг гээд янз бүрийн нарийн нандин утга бий. Тэгээд “XX зууны Өрнөдийн урлаг дахь нүцгэн дүрслэл” сэдэвтэй лекцээ “Мөөмний түүх” гээд нэрлэчихсэн /инээв/. Миний лекцэнд суусан хүмүүс цаашдаа ч холбоо харилцаатай байж мэдээлэл солилцох хүсэлтэй байсан учраас фэйсбүүкт “Сахилгагүй Аминагийн лекцийг сонирхогчид ( Урлагийн түүхийн мэдээллүүд)” фэйсбүүк групп нээсэн.

Мөн арван цуврал лекцээ уншиж дуусгачихаад хоёр жилийн хугацаанд олон нийтэд, албан байгууллагад гээд 100 гаруй удаа урлагийн түүхийн лекц уншсан.

САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТ МАШ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ “ТЭНГЭР ДООРХ МУЗЕЙ” ГЭЖ НЭРЛЭДЭГ

-Та өөрийн сурч төгссөн ОХУ-ын Илья Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академийн талаар мэдээлэл өгөөч?

Илья Репин XIX зууны Оросын урлагийн түүхэнд реалист дэг сургууль үүсэхэд том нөлөө үзүүлсэн зураач нарын нэг. ОХУ-ын Санкт-Петербург хотын Дүрслэх урлагийн академи Оросод байгуулагдсан хамгийн анхны Дүрслэх урлагийн академи. Хааны ордны 300 жилийн түүхтэй энэ академи сүүлд Илья Репиний нэрэмжит болсон. Үүнээс гадна В.И.Суриковын нэрэмжит Дүрслэх урлагийн академи Москва хотод байдаг. ЗХУ-ын үед монголын зураачид энэ хоёр академи руу очиж дэг жаягт нь суралцаж, хамгийн анх Өрнийн сонгодог урлагтай танилцаж байсан. Энэ сарын 20-нд /өнөөдөр/ Монголын уран зургийн галерейн хурлын зааланд “Илья Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академийн дэг сургууль Монголын дүрслэх урлагт” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Энэ хуралд ирсэн судалгаануудаас харахад Монголд Өрнийн урлагийн хэв маяг хөгжих, бодит реалист аргачлал орж ирэхэд Илья Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академи маш том хувь нэмэр оруулж, дэг сургуулилтаа манай уран бүтээлчдэд өгсөн байдаг. 1990-ээд оноос хойш Монголоос Илья Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академийг зорих уран бүтээлч маш цөөрсөн ч ойрын жилүүдэд нэмэгдэж, дараагийн үеүд нь бэлтгэгдэж байгаа. ОХУ-ын Санкт-Петербург хот маш үзэсгэлэнтэй “Тэнгэр доорх музей” гэж ярьдаг. Яагаад гэхээр архитектур нь янз бүрийн стилийг хослуулчихсан нэг тийшээ харахад XVIII зуун, нөгөө тал руу нь харахад  XIX зууны барилга байгууламж харагдана. Ер нь гудамжаар нь алхахад музей хот. Мэдээж дэлхийн алдартай Эрмитажийн музей Санкт-Петербург хотод бий. Хамгийн гоё нь дүрслэх урлагийн чиглэлээр сурч буй оюутнууд оюутны үнэмлэхээ үзүүлээд Эрмитажийг үнэгүй үзэх эрхтэй. Дүрслэх урлагийн чиглэлээр бэлтгэгдэж буй оюутнууддаа чиглэсэн тэр өвийг хуваалцах гоё бодлого явуулж байгаа биз. Үнэгүй үзэж байгаа учир нэг бүтээлийг урт удаан хугацаанд төвлөрч үзэх боломжтой ямар ч яарах шаардлага байхгүй. Санкт-Петербургт сурахын гоё юм нь Эрмитаж байсан. Би бараг Эрмитажид амьдардаг байсан гэхэд болно. Хичээлийн хажуугаар чөлөөт цаг маш бага гардаг ч долоо хоногт яаж ийж байгаад гурван удаа Эрмитаж руу очдог байсан.

-Дэлхийн алдарт зураач Зураб Церетелигийн үзэсгэлэнг энэ сарын 19-нд /өчигдөр/ Уран зургийн галерейд дэлгэсэн. Зураб Церетелигийн намтар түүхийн талаар ярьж өгөөч. Мөн түүний бүтээлүүдийн онцлог, шинж чанар нь юу вэ?

-Зураб Константинович Церетели (ЗХУ-ын Тифлис хотод 1934 онд төрсөн) Зөвлөлтийн, Гүржийн болон Оросын уран бүтээлч зураач, барималч, багш сурган хүмүүжүүлэгч бөгөөд 1997 оноос одоог хүртэл Оросын Дүрслэх урлагийн академийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Тэрбээр ЗХУ-ын Дүрслэх урлагийн академийн гишүүн (1979 оноос), Зөвлөлтийн социалист Хөдөлмөрийн баатар (1990), ЗХУ-ын Ардын зураач (1980), Оросын холбооны улсын Ардын зураач (1994), Лениний нэрэмжит шагналт (1976), ЗХУ-ын хоёр удаагийн Төрийн шагналт (1970, 1982) мөн Оросын холбооны улсын Төрийн шагналт (1996) уран бүтээлч.

XX зууны урлагийн «шарк»-ууд болох Пикассо, Дали, Шагал нартай харилцаж тэднээс суралцсан гүрж гаралтай оросын зураач Зураб Церетели өөрийн давтагдашгүй уран бүтээлээ туурвиж өдгөө 5000 гаруй бүтээлээрээ нэгэнтээ дэлхийд нэрээ цуурайтуулсан. Түүний уран бүтээлийн цар хүрээ монументал том хэмжээний баримлаас уран зураг хүртлээ маш олон төрлийг хамарсан байдгаас хүүхэдлэг, энгийн шинж чанартай атлаа хүний амьдралын энгийн ахуйгаас авахуулаад сэтгэлийн чанад дахь нарийн нуугдмал шинж чанар бүхий л талыг харуулж чадсан. Зураасан зургийн ажлууд нь Гүржийн ард түмний угсаатны зүйн нарийн судалгаа, ажиглалтан дээр үндэслэн туурвигдсан байдаг. Уран зураг, зураасан зураг, баримал болон монументаль-чимэглэлийн урлаг (фреск хана туурганы зураг, мозаик чулуун шигтгэмэл) гэх мэт төрлөөр 5000 гаруй уран бүтээлийг туурвисан. Монументаль зургийн уран бүтээлчийн хувьд олон том төсөл дээр ажиллаж байснаас Ульяновск дахь Лениний хөшөө дурсгал, Измайлово дахь зочид буудлын цогцолбор, Ялт дахь «Ялта-Интурист» зочид буудлын цогцолбор, Сочи дахь «Ривьера цэцэрлэгт хүрээлэн», Тбилиси дахь Үйлдвэрчний эвлэлийн ордон, Москва дахь Большой театрын Шинэ тайз зэргийг дурдаж болох бол уран барималчийн хувьд Нью-Йорк дахь НҮБ-ын барилгын өмнө «Сайн сайхан мууг ялан дийлж буй нь», Москва хотноо «Мөнхийн найрамдал», Севиль хотноо «Шинэ хүн мэндэлж буй нь», Лондон хотноо «Үл итгэлцлийн ханыг нураах нь» , Рузь дахь Зое Космодемьянскаяд зориулсан баримал зэрэг бүтээлийг туурвисан.

-Зураб Церетелигийн үзэсгэлэн хэд хоног үргэлжлэх вэ?

-Дэлхийн алдарт зураач Зураб Церетелигийн бүтээлүүдийг Монголд дэлгэж буй “Далд шидэт реализм” зураасан зургийн үзэсгэлэн ирэх тавдугаар сарын 2-ныг дуустал үргэлжилнэ, үнэ төлбөргүй. Зураб Церетелигийн ид шид болон бодит байдлыг хослуулсан мэт бүтээлүүдийг үзсэнээр анхлан үзэгч абугай ч, урлагийн мэлмий нь нээгдсэн урлаг сонирхогч хүмүүн ч бай, мэргэжлийн уран бүтээлч ч мөн адил өөрийн сэтгэл зүрхний гүнийг тольдох мэт өөрийн гэсэн зүйлсээ олж харах боломжтой. Дүрслэх урлагийн академи болон Монголын уран зургийн галерейн урилгаар дэлхийн алдарт өв болсон Церетелигийн зураасан зургийн үзэсгэлэнг эх орондоо үзэх боломж олдож буй нь Монголын дүрслэх урлагийн түүхэнд болж буй томоохон үйл явдал.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

М.Аминаа: Санкт-Петербургийн Дүрслэх урлагийн академид сурч байхдаа би бараг Эрмитажид амьдардаг байсан  
Үзсэн: 4118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй