
Швед улсын НАТО-д элсэх өргөдөл парламентаар нь дэмжигдэх нөхцөлд Засгийн газар энэ асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулах бодолгүй байна. Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссон энэ тухай сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгджээ.
Украинд явуулж байгаа Оросын цэргийн ажиллагааны улмаас Швед, Финланд хоёр улс аюулгүй байдлаа баталгаажуулах зорилгоор олон жилийн турш баримталж ирсэн төвийг сахисан статусаа эргэн харж, шийдвэрээ ойрын долоо хоногуудад гаргах гэж байгаа. Энэ асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулахыг Шведийн Ерөнхий сайд “онц санаа биш” гэж мэдэгдээд “энэ асуудал бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэх хүрээнийх гэж үзэхгүй байгаа”-гаа хэлсэн байна.
Шведийн парламент аюулгүй байдлын бодлогоо эргэн харах шийдвэрээ ирэх тавдугаар сарын дундуур гаргаж магадгүй байгаа юм. Түүнээс гадна Ерөнхий сайд Магдалена Андерссоны өөрийнх нь социал-демократ нам НАТО-гийн гишүүнчлэлийг эсэргүүцэж байсан байр сууриасаа татгалзах боломжийг судалж үзэж байгаа мэдээлэл байгаа юм байна.
Шведийн парламентын дийлэнх хувь нь Умард Атлантын эвсэлд нэгдэхийг дэмжих байр суурьтай байгаа учир эрх баригч социал-демократууд энэ үйл явцад хамгийн том саад учруулж болзошгүй гэж ажиглагчид үзэж байгаа юм.
Шведийн өдөр тутмын “Афтонбладет” сонинд нийтлэгдсэн санал асуулгын дүнгээс харахад, энэ сарын 20-ны өдрийн байдлаар Шведийн иргэдийн 57 хувь нь НАТО-д элсэхийг дэмжсэн санал илэрхийлсэн байна.
Гуравдугаар сард энэ үзүүлэлт 51 хувь байжээ.
Шведийн Ерөнхий сайд улсаа НАТО-д элсүүлэх асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулахгүй гэв | ||
Үзсэн: 499 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.