Шууд Chart

Д.Галсансүх: Амгаа “Атманууд архинд гүйлгээд хэцүү байна” гэхээр нь халаасны өрөөнд хамт амьдарч хамтлаг байгуулдаг баатрууд болсон

2022-05-03 12:16:16

-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гаргасанд баярлалаа. Ярилцлагаа "Болор цом - 39" наадмаас эхэлье гэж бодлоо.

-Би 1990-ээд оноос л “Болор цом”-д орсон. 2006 онд “Болор цом”-ын эзэн болж байсан. Энэ жил амжилттай оролцоод дөрөвдүгээр байрын эзэн боллоо.

-Таны “Хятад хэл” шүлэг сошиал орчинд нэлээд шуугиулсан.  

-Хятад хэлний тухай шүлэг бичсэн. Одоо орос хэл, англи хэл гэж шүлэг бичиж болж байна. “Хятад хэл” шүлгэндээ хятад хэлийг муухай хэл гэж муулаагүй. “Агуу их гайхамшигтай ханз үсэгтэй хятад хэл минь…” гээд бичсэн. Хятад хэл ямар учиртай хэл вэ гэдгийг тэр шүлгийг сонссон хүн болгон мэдсэн байхаа л гэж бодож байна.

-Яруу найрагчид, зохиолчид эх хэлнийхээ хилчид, харуул манаачид байдаг гэж боддог?

-“Хятад хэл” шүлэг Өвөрмонголд монгол бичгээр, ханз үсгээр өргөн дэлгэр тархсан юм шиг байна лээ.

-Та овгоо сольсон байсан. Энэ талаараа ярьж болох уу?

-Ааваараа юу, ээжээрээ овоглох уу гэдэг аливаа хүний хувийн асуудал л даа. 2021 онд өөрийнхөө амьдралын тухай эссэ, бүх зүйлээ л оруулсан улаан хавтастай "Mein kampf - Шүлэг бичих", хар хавтастай 200 гаруй шүлэгтэй "Шинэ шүлгүүд" номоо гаргасан. Улаан хавтастай "Mein kampf - Шүлэг бичих" номондоо яагаад овог өөрчлөгдсөн бэ гэдгийг тодорхой бичсэн байгаа. Тэндээс уншчихаж болно.

-Та өөрийн шүлгүүдээ уншсан мөн “Нисванис” хамтлагийнхаа дуунуудыг оруулсан хос пянзаа хэвлүүлэх гэж байгаа юм билээ. “Нисванис” хамтлагаа анх хэрхэн байгуулсан бэ?

-Би рок хөгжимд дуртай. Рок хөгжим дотроо металлд дуртай. АНУ-ын грандрок “Нирвана” хамтлаг 1995-1996 онд гарч ирээд бужигнуулж байлаа. Грандрок урсгал эрчээ авч байх үед Монголд “Нирвана” шиг хамтлаг байгуулъя гэсэн санаа төрсөн юм. Гавьяат жүжигчин С.Жавхлангийн дуулдаг “Монголын үнэртэй салхи” дууг зохиосон урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од тухайн үед СУИС-ийн оюутан байсан. Би СУИС-д очоод Т.Сэр-Одтой яриад сууж байхдаа “Монголд “Нирвана” шиг хамтлаг байгуулмаар байна” гэдгээ хэлсэн чинь “Манай СУИС-ийн найрал дууны удирдаачийн ангид Эрдэнэт хотоос ирсэн Л.Энх-Амгалан гэдэг залуу байгаа. Тэр их сонин сонин дуу зохиодог. Тэрэнтэй чи уулзаад үз, дууг нь сонс” гэв. “Энх-Амгалан хаана байгаа бол” гэсэн “Одоо хичээлдээ сууж байгаа. 10 минутын дараа завсарлана” гэлээ. Хичээл нь завсарлахаар Энх-Амгалантай уулзаж, зохиосон дуунуудаа сонсгооч гэсэн СУИС-ийн Оюутан театрын тайзан дээрх төгөлдөр хуурыг тоглоод өөрийнхөө зохиосон дуугаа дуулж өгөв өө.

“Үл таних охин чамайг

Үргэлж би юунд бодно вэ

Нэрийг чинь би мэдэхгүй ч

Нээрээ энэ хайр байвал яана” /дуулав/ гээд сонин сонин дуу дууллаа. Амгаагаас “Чи рок сонсдог уу” гэсэн “Би рок сонсдоггүй. Би Багануурын “Өчигдөр ба өнөөдөр” хамтлагийн даралтат хөгжимчин. Одоо оюутан болоод СУИС-д сурч байна” гэлээ. Ингэж л бид хоёр танилцаж бөөн рок ярьж, анх “Нисванис” хамтлагийг байгуулж байсан.

-Хамтлагийнхаа бусад гишүүнийг хэрхэн цуглуулав?

-Би айлын халаасны өрөөнд, Амгаа оюутны байранд байсан. Жүжигчин Түвшинхүү чинь тухайн үед СУИС-ийн оюутны байрны атман. Амгаа “Атманууд архинд гүйлгээд хэцүү байна” гэхээр нь оюутны байрнаас нь нүүлгэж халаасны өрөөндөө хоёулаа амьдарч хамтлаг байгуулдаг баатрууд болсон. “Нисванис” байгуулагдаад одоо 25 жил болж байна. “Нисванис” хамтлагийн анхны бүрэлдэхүүн гэвэл “Өчигдөр ба өнөөдөр” хамтлагийн Цацрал, Дарханбат, бөмбөрчин Аагий гээд л явна. Тэднээс Амгаа, Дарханбат “Нисванис”хамтлагтаа үлдсэн бусад гишүүн нь дандаа залуу уран бүтээлч.

-Та “Нисванис” хамтлагийн хэчнээн дууны шүлгийг зохиож өгсөн бэ?

-Гурав, дөрвөн цомог гаргасан. Түүнээс арав гаруйн дуу нь л миний шүлэг. Бусад нь Амгаагийнх өөр яруу найрагчдын шүлгийг нь зохиосон дуунууд ч байгаа.

-“Нисванис” хамтлагийн хамгийн анхны болон хамгийн сонин содон түүхтэй дуу аль нь вэ?

-Хамгийн анх Амгаа бид хоёр “Гэрэлт ирээдүй намайг дуудна” гэдэг сүртэй нэртэй дуу зохиож байсан /инээв/.

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн дуулсан “Утасны дугаар” дуу байна. Энэ дуу бүтсэн түүх гэвэл “Өчигдөр ба өнөөдөр” хамтлагийн Дарханбат, Цацрал Арслантай гүүрний тэнд оюутны байранд байдаг байлаа. Оюутны байранд нь очсон юм. Дууны шүлэг зохиож өгөхөөс залхуураад “Яруу найргийн шинэчлэлийн төлөөх зуун жилийн дайн” шүлгийн номоо өгчихөөд “Чаддаг юм бол “Утасны дугаар” шүлгэнд ая хийчих. Би ядарч байна” гэж хэлээд хатсан талх идээд, ус уучихаад унтчихсан. Унтахын өмнө Амгаа гитар балбаад л байж байсан юм тэгсэн “Утасны дугаар” шүлгийг дуу болгочихсон байсан.

-Таны хос пянз Японд хэвлэгдэх гэж байгаа юм билээ. Пянзныхаа талаар мэдээлэл өгөөч?

-Агуу зохиолч Д.Урианхайн арван боть номыг хэвлэсэн Урианхай академи гэж бий. Урианхай академийн тэргүүн, зохиолч, яруу найрагч Д.Гүнболдын санаачилгаар хос /дабль/ пянз хэвлэгдэх гэж байгаа. Бичлэгийг нь хийчихсэн, Японд хэвлүүлэх гэж байгаа. “Нисванис”-ийн дуунуудтай, миний шүлгээ уншсан хос пянз. Ингэхдээ жишээ нь Амгаа “Утасны дугаар” дууны хөгжмийн найруулгыг нь орчин цагийн хэв маягт тохируулан шинэчилсэн байгаа. Тиймээс их өвөрмөц пянз гарна гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа. Манай уншигчдад шинэ шүлэг яруу найргаасаа уншиж өгөөч?

Ковидын дараахи мөрөөдөл

Амстердамын тамхины мухлагаас намайг олоорой

Аризонагийн их хавцалд надтай таараарай

Тегуантепексийн сац суварга дээр хамт гараарай

Таити арлын элсэн дээр хамт хэвтээрэй

Нохой шиг хэрэн хэсэх нас минь нэмэгдэнэ

Нартын дор сарны гэрэл над дээр хаана ч тусна

Истамбулын зах зээлээр надтай цуг тэнээрэй

Испанийн Мадрид хотоор өдөржин хамт алхаарай

Питер-т Цойгийн ”Камчатка” пабд зуу татаарай

Парисаас Шарьлвиль рүү хань болж яваарай

Муур шиг мярааж гэтсэн насаа мартана

Муу бүхэн ард үлдэж муухай санагдахгүй болно

Бээжингийн метрог дэлбэлэх мөрөөдлийг минь сонсоорой

Биелэхгүй ч гэсэн саран дээр согтох хүслийг минь хүндлээрэй

Хулан шиг хульжин холдох нас минь наашлана

Худлаа хэлээгүйг минь хэн нэгэн нотлоно

Жич: Хойт Лондонгийн хөх өмсгөлт Челси багийн

Хөгжөөн дэмжигчдийн дотроос намайг олоорой

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Д.Галсансүх: Амгаа “Атманууд архинд гүйлгээд хэцүү байна” гэхээр нь халаасны өрөөнд хамт амьдарч хамтлаг байгуулдаг баатрууд болсон  
Үзсэн: 6112 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй