
Европын холбоо Оросын байгалийн хийн төлбөрийг рублиэр хийхгүй байхыг гишүүн улс орнууддаа анхаарууллаа. Өөрөөр хэлбэл, Оросоос авсан байгалийн хийн төлбөр тооцоог рублиэр төлсөн нөхцөлд энэ нь Европын холбооны хориг арга хэмжээг зөрчсөнд тооцох юм. Харин Оросын эрчим хүчнээс хамааралтай байдлаа хэзээнээс бууруулах вэ гэдэг дээр Европын холбооны орнуудын байр суурь хуваагдмал хэвээрээ байна.
Тодруулбал, Европын Холбооны эрчим хүчний сайд нар Брюссельд ОХУ-ын газрын тосны салбарт хориг арга хэмжээ авах, Москвад байгалийн хийн төлбөр тооцоог ямар валютаар хийх тухай болон Оросын эрчим хүчний эх үүсвэрээр хэрхэн хараат бус болох вэ гэдгээ хэлэлцэж байна. Өнгөрсөн 7 хоногт Оросын төрийн өмчит Газпром компани Болгар, Польш улсуудыг төлбөр тооцоогоо рублиэр хийхээс татгалзсантай нь холбогдуулан байгалийн хий нийлүүлэлтээ зогсоосон.
Европын комиссын эрчим хүчний комиссар “Газпромын шийдвэр өнөөгийн хямралын өөр нэг эргэлтийн цэг боллоо” гэдгийг онцлоод, гишүүн аль ч улс дараагийнх нь болж болзошгүйг анхааруулжээ. Европын холбооны гишүүн орнуудын эрчим хүчний сайд нар цаашид гишүүн орнуудад байгалийн хийн нийлүүлэлт тасалдсан нөхцөлд хийн нөөц бүрдүүлэх зэргээр эрсдэлд бэлтгэлтэй байх чармайлтаа ахиулна гэдгээ нотолсон байна.
Түүнчлэн Европын холбооны гишүүн улсууд яаралтай үед бие биендээ хий нийлүүлэх бололцоог олгохын тулд хоёр талт гэрээ байгуулахаар тохирчээ. ОХУ нь Европын холбооны газрын тосны хэрэглээний 30 хувь, байгалийн хийн хэрэглээний 40 хувийг хангадаг юм байна. Европын холбоо Оросын нүүрсний импортыг энэ зун зогсоож, оны сүүл гэхэд Оросын газрын тосыг худалдан авахгүй байхаар хэлэлцэж байгаа юм.
Оросоос газрын тос авахаа зогсоосон нөхцөлд түүний хаанаас нөхөх вэ гэдгийг Европын холбооны эрх баригчид энэ лхагва гарагт ерөнхий зураглалаа зарлах төлөвтэй байна. Герман улс эхэн үед газрын тосны импортыг хориглоход болгоомжлонгуй байсан ч ийм алхам хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ. Тус улс Орос Украинд цэрэг оруулахаас өмнө газрын тосны хэрэглээнийхээ 35 хувийг Оросоос импортолж байсан бол өнөөдөр 12 хувь болж буурсан байна.
Харин Оросын нийлүүлэлтээс хамгийн их хамааралтай Унгар, Словак зэрэг улсууд газрын тосны хоригийг аажмаар, системтэйгээр бууруулсан зүйтэй гэсэн байр суурьтай байна. Европын холбоо Оросын байгалийн хийнээс татгалзсан нөхцөлд хаанаас хий авах вэ гэдэг асуулт гарч байгаа. Европын холбоо Оросын байгалийн хийн импортыг зогсоож, Африкаас хий авахаар төлөвлөж байгаа талаар Блумберг мэдээлжээ.
Тухайлбал, Европын холбоо Египет, Израиль улсуудтай энэ зун гэхэд шингэрүүлсэн хий нийлүүлэлтээ нэмэгдүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Түүнчлэн Азербайжанаас хий дамжуулдаг Өмнөдийн хийн коридорын багтаамжийг 2 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Европын холбоо Африкийн орнуудаас байгалийн хий авахаар төлөвлөж байна | ||
Үзсэн: 603 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.