
АНУ Украинд цэргийн хангамж тусламж нийлүүлэх ажлыг шуурхайлах үүднээс дэлхийн хоёрдугаар дайны үеийн “Ленд Лийс” хөтөлбөрөө сэргээж байна. Тус улсын ерөнхийлөгч Жозеф Байден 2023 оны 9 дүгээр сарыг дуустал Украин болон Зүүн Европын улс орнуудад цэргийн техникийг зээлээр олгох үйл явцыг шуурхайлах тухай хуулийн төсөлд даваа гарагт гарын үсэг зуржээ.
Цагаан ордны тэргүүн “Ленд Лийз” хуулинд гарын үсэг зурснаар Британи болон АНУ-ын бусад холбоотнуудыг Нацист Германыг ялахад нь дэмжлэг үзүүлэх үүднээс Дэлхийн хоёрдугаар дайны үед хэрэгжүүлж байсан хөтөлбөрийг сэргээж байна. Уг хуулийн дагуу АНУ-ын ерөнхийлөгч “эдгээр орнуудын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх, энгийн иргэдийг Оросын болзошгүй аюул, Украинд явуулж байгаа дайнаас хамгаалахад туслах зорилгоор батлан хамгаалахын тоног төхөөрөмжийг зээлээр олгох, түрээслэхийг засгийн газарт зөвшөөрч байгаа юм байна. Уг хууль нь холбоотнуудын дайнд ялалт байгуулахад гол хувь нэмэр оруулсан гэж үздэг аж.
Учир нь Дэлхийн 2 дугаар дайны үед АНУ холбоотнуудаа зэвсэг, цэргийн тоног төхөөрөмж, хоол хүнсийг урт хугацаагаар хойшлуулсан, урьдчилгаа төлбөргүйгээр нийлүүлж байсан нь дайны ялалтад шийдвэрлэх нөлөө үзүүлсэн гэж үздэг. Өөрөөр хэлбэл энэ хуулийг дагаад зэвсгийн худалдааг дагалддаг хүнд суртлыг арилгадаг нь зэвсэг техник зорилтот улсдаа түргэн шуурхай хүрдэг юм байна. Байден “Путины Украинд явуулж байгаа дайны эсрэг улс орноо болон ардчиллаа хамгаалахын төлөө тэмцэж байгаа Украины засгийн газар болоод ард түмнийг дэмжихэд АНУ-ын хүчин зүтгэлд бас нэгэн чухал хэрэгсэл болохуйц хуулийн төсөлд гарын үсэг зурлаа” гэж мэдэгджээ.
Мөн тэрбээр, Украиныг дэмжих нь өнөө цагийн тулгуур гэдгийг цохон тэмдэглэжээ. Энэ хуулийн төслийг ОХУ Украинд цэргээ оруулахаас өмнө 1 дүгээр сард Конгресст өргөн барьсан юм байна. Харин энэ сарын 3-нд уг хуулийн төслийг АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхим олонхийн саналаар баталсан, үүний өмнө уг хуулийн төслийг Сенатын танхим баталсан юм.
АНУ Украинд цэргийн хангамж шуурхай нийлүүлэхийн тулд хуучин хөтөлбөрөө сэргээлээ | ||
Үзсэн: 758 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.