Шууд Chart

Сэтгүүлчид үзэг нэгтнийхээ төлөө нэгдлээ

2013-07-22 17:12:11

“Шинэ дэлхий” телевизийн сэтгүүлч Б.Эрдэнэцогтын биеийн эрүүл мэндийн байдал болон түүний эмчилгээнд шаардлагатай зардлын талаар үзэг нэгтнүүд нь өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээ, сурвалжлагыг олон нийтэд түргэн шуурхай хүргэхийн тулд цаг нартай уралдан явдаг сэтгүүлчид энэ удаа мэргэжил нэгт нөхрийнхөө амь насыг аврахын тулд цаг, мөч, хором бүртэй уралдахаас өөр аргагүйд хүрчээ. Тиймээс тэд сайхан сэтгэлтэй монгол түмэн, үзэгч, уншигч, сонсогч олондоо хандаж тусламж хүсч байгаа ажээ.

Хэвлэлийн бага хурлыг Монголын сэтгүүлчдийн эвлэл болон “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл, “Шинэ Монгол” радио, “Монголын Үнэн” сонин, “Шинэ дэлхий”, ТВ9  телевизийн уран бүтээлч нөхөд нь санаачлан зохион байгуулжээ. Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид “Б.Эрдэнэцогт маань ид бүтээж яваа уран бүтээлч. “Ийгл”-ийн Эрдэнэцогт, ТВ9-ийн Эрдэнэцогт гэхээр олон нийт андахгүй. Эзэмшсэн мэргэжлээрээ, ажил хөдөлмөрөөрөө, уран бүтээлээрээ нэрлүүлнэ гэдэг сайхан. Харин өнөөдөр Б.Эрдэнэцогт маань хүнд өвчин тусаад байна. Нийгэм өвдөхөд сэтгүүлчдэд ханддаг. Сэтгүүлч хүн өвдөхөд нийгэмдээ хандаж байгаа нь энэ” гэсэн юм. “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн тэргүүн, “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбат “Б.Эрдэнэцогт олонд танигдсан сэтгүүлч төдийгүй авьяаслаг яруу найрагч. Тиймээс яруу найрагч, уран бүтээлч нөхөд нь сэтгэл зүрхээрээ нэгдэн андыгаа аврахаар боломж бүхнийг хайж байна. Монголын зохиолч, яруу найрагчид, сэтгүүлчид нэгдэх юм бол асар их хүч бий. Юуны өмнө “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн уран бүтээлч нөхөд нь хүн бүр 100 мянган төгрөгийг олж андынхаа эмчилгээний зардалд хандивлахаар болоод байна” хэмээсэн.
ТВ10 телевизийн захирал Ө.Отгонбаатар “Сэтгүүлчид нэгнийгээ эгнээнээсээ бид ойр ойрхон алдсаар байх юм гэж үү. Бидний ажил асар хүнд, стресс ихтэй, цаг наргүй хөдөлмөр. Энэ нь сэтгүүлчдийн эрүүл мэндэд нөлөөлж байна. Б.Эрдэнэцогтынхоо эмчилгээний зардлыг олохын төлөө МҮОНТ, ТВ10, ТВ9 гээд олон телевиз нэгдэн, өөрсдөөс шалтгаалах зүйлийг хийж, бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаа” гэлээ.
 
 
“Шинэ Монгол” радиогийн ерөнхий захирал Ө.Батзориг Б.Эрдэнэцогтын биеийн байдлын талаар мэдээлэл хийгээд, хэвлэлийн хурал зарлахаас дөнгөж өмнөхөн Б.Эрдэнэцогтын ээж Б.Баасанжаргалын нэр дээр ХААН банкинд 5031681805 тоот хандивын данс нээсэн гэдгийг хэллээ. Данс дөнгөж нээсний дараа “Ардчилал” сонин, assa.mn сайтынхан үзэгт нэгт нөхрийнхөө эмчилгээнд зориулан мөнгө цуглуулснаа шилжүүлжээ. Мөн “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл, “Шинэ Монгол” радио, “Монголын үнэн” сонин, “Шинэ дэлхий” телевизийн хамт олон анхны хандивлагчид болсон байна. Түүнчлэн 155889 дугаарт мессэж илгээн сэтгүүлч Б.Эрдэнэцогтын эмчилгээнд хандив өргөж болох юм.  



Сэтгүүлчид үзэг нэгтнийхээ төлөө нэгдлээ  
Үзсэн: 2638 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй