Шууд Chart

Чөлөөт бөхөөс дифлимпийн анхны аваргатай боллоо

2022-05-16 10:16:04

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV олимпын наадам Бразилын Кашиас-ду-Сул хотод боллоо.  

Дөрвөн жил нэг удаа болдог дифлимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд Өвөрхангай аймгийн БТСГ-ын дасгалжуулагч, спортын мастер Э.Баттүшигийн удирдлага дор манай улсаас гурван тамирчин оролцсоноос Өвөрхангай аймгийн тамирчин, "Самсун-2017" дифлимпийн мөнгөн медальт, дифийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга, Намдагдоржийн Эрхэмбаяр 65 кг-ын жинд алтан медаль хүртэж Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж төрийн дууллаа эгшиглүүлэв.

Тэрбээр шөвгийн наймд Казахстаны Пернешийг 9:6-аар, хагас шигшээд дөрвөн жилийн өмнө Самсуны дифлимпод ялагдаж байсан Ираны Ростамабадиг 9:1-ээр, финалд Кыргыстаны Исаковыг 14:4-өөр ялснаар чөлөөт бөхийн төрөлд дифлимпийн анхны аварга болов.

Монголын тамирчдаас дифлимпод "Тайпей-2009" гавьяат тамирчин Дамдины Очбадрал жүдо бөхийн төрөлд анхны алтан медалийг авчирч байсан бөгөөд ийнхүү 13 жилийн дараа Н.Эрхэмбаяр чөлөөт бөхөөр хоёр дахь аваргаар тодорч байна.

Түүнээс гадна өмнөх димфлимпийн мөнгөн медальт Д.Чинзориг 70 кг-ын жинд 7, хүрэл медальт Ш.Батбаатар 74 кг-д 5 дугаар байрт тус тус оров.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Чөлөөт бөхөөс дифлимпийн анхны аваргатай боллоо  
Үзсэн: 381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй