Шууд Chart

Хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонслоо

2022-05-21 11:01:20

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо.

Хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх Засгийн газрын үйл ажиллагааны талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлаас баталсан “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг бодлогын баримт бичигт Монгол Улсын Засгийн газар хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх талаар зорилт, арга хэмжээг тусгасан. Үүний дагуу Засгийн газраас хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг гурван чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж эхлээд байна гэлээ. Энэ гурван чиглэл нь:

  1. Хувийн эрх зүйн хууль тогтоомжийг боловсронгуй болгох;
  2. Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, хуулийн тайлбарыг сайжруулах, иргэний хэргийн шүүхийн шүүгч, хуульч, судлаачдыг үе шаттай мэргэшүүлэх, хувийн эрх зүйн мэргэшсэн хуульчдыг бэлтгэх, хуулийн сургуулийн сургалт, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох;
  3. Олон улсын хувийн эрх зүйн асуудлаар олон улсын байгууллага, бусад улстай хамтын ажиллагааг сайжруулах аж.

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш хийгдсэн эрх зүйн хамгийн том шинэчлэл нь 2002 оны Иргэний хууль гэж хэлж болно. Иргэний хууль батлагдсантай холбогдуулан тухайн цаг үед үйлчилж байсан хуулиудыг уялдуулан шинэчилсэн боловч зарим хуулиудыг тус хуулийн суурь зохицуулалт, үзэл баримтлалд өнөөдрийг хүртэл нийцүүлж чадаагүй байна. Мөн эдийн засаг, бизнесийн хөгжил, технологийн үсрэнгүй дэвшил, нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлага урган гарч байна.

Монгол Улсын Засгийн газар дээр дурдсан бодлогын баримт бичигт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогын хүрээнд Оюуны өмчийн болон Цахимын багц хуулийг санаачлан боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулсан бөгөөд цаашид дараах хуулийг боловсронгуй болгох замаар хувийн эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлэхээр ажиллаж байна хэмээн сайд мэдээллээ.

Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

Гадаадын зарим улс орнууд КОВИД-19 цар тахлын улмаас түр хугацаанд хэрэгжих болон шаардлагатай бусад эрх зүйн зохицуулалтыг бий болгоод байгаа бөгөөд тухайлбал, цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжид дампуурлын хэрэг үүсгэх мораториумын хугацааг сунгахаар заасан байна. Түүнчлэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Нидерланд, Унгар зэрэг улсуудад төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аж ахуйн нэгжид бүтцийн өөрчлөлтийн ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлээд байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс авсан мэдээллээр Монгол Улсын шүүхээр 2004-2021 он буюу 18 жилийн хугацаанд нийт 268 дампуурлын хэрэг хянан шийдвэрлэгдсэнээс КОВИД-19 цар тахал гарснаас хойш буюу 2020 онд 15, 2021 онд 5 хэрэг шийдвэрлэгдсэн тоо баримт байна.

Иймд Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна. Хуулийн төслөөр төлбөрийн чадваргүйдлийн эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлж, төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэх бүтцийн өөрчлөлтийн ажиллагаа буюу хуулийн этгээдийн үйл ажиллагааг сэргээх, дампуурахаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой ажиллагааны талаар шинэлэг зохицуулалтыг тусгаад байна. Мөн төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин хөрөнгөжүүлэх, татан буулгах, хуулийн этгээд болон иргэн, хөрөнгө оруулагчийн хооронд өрийн сүлжээ, дарамт үүсэх явдлыг хязгаарлах, санхүү, зах зээлийн харилцааны ил тод байдлыг хангах, бизнес эрхлэлтийг дэмжих нөхцөлийг бүрдүүлэх юм.

Барьцаалан зээлдүүлэх газар, иргэнээс олгох зээлийн үйл ажиллагааг бүртгэл хяналттай болгож, мөнгө хүүлэлтийг тодорхойлох эрх зүйн зохицуулалтыг бий болгох, мөн тэдгээрийг Иргэний хуульд заасан нэг удаагийн шинжтэй иргэд хоорондын зээлийн гэрээнээс ялгах business-to-consumer болон consumer-to-consumer зарчимд үндэслэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна.

Тус хуулийн төслөөр зээл авах иргэдийн эрх ашиг, эд хөрөнгийг хамгаалахаас гадна бичил санхүүгийн хэрэглэгч буюу зээлдүүлэгчийн үйл ажиллагаа эрхлэх боломжийг бүрдүүлж, эдгээр үйл ажиллагаа эрхлэгчийн нэгдсэн бүртгэл бий болсноор мөнгөний эргэлт нь тодорхой болж, татвар шударгаар төлөгдөх нөхцөлийг бий болгоно.

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэж байна. Хуулийн төсөлд төр болон орон нутаг зөвхөн тооцоо, судалгааны үндсэн дээр тодорхой салбарт эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэх, эсхүл нийтийн үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхлэх зорилгоор компани үүсгэн байгуулах боломжтой байх, хувийн хэвшилтэй тэгш нөхцөл, ижил дүрмээр аж ахуй эрхлэх замаар баялгийг бий болгох, баялгийг оновчтойгоор дахин хуваарилах тогтолцоог бий болгох суурь нөхцөлийг бүрдүүлж, хувийн хэвшлийн гүйцэтгэх боломжтой, төрийн оролцоо шаардлагагүй, зах зээлийн зарчмаар хөгжих боломжтой тодорхой салбаруудад төр хутгалдан орж өрсөлдөөнийг хязгаарлах, алдагдал учруулах бизнесийн эрсдэлээс зайлсхийх боломжийг олгоно.

Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлагын багийг мэргэжлийн, чадварлаг, хараат бус, хөндлөнгийн хяналттай гишүүдээр бүрдүүлэх, сонгон шалгаруулах, тэдгээрийн эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага, үйл ажиллагааны тайлагнал, ил тод байдлыг хангах механизмыг бүрдүүлэхэд чиглэж байна гэлээ.

Сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа хуулийн төслүүд, боловсруулалтын шатанд байгаа хуулийн төслүүдийн талаар, Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, хуулийн тайлбарыг сайжруулах, иргэний хэргийн шүүхийн шүүгч, хуульч, судлаачдыг үе шаттай мэргэшүүлэх, хувийн эрх зүйн мэргэшсэн хуульчдыг бэлтгэх, хуулийн сургуулийн сургалт, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, Олон улсын хувийн эрх зүйн асуудлаар олон улсын байгууллага, бусад улстай хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар  дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. /Мэдээлэлтэй бүрэн эхээр нь эндээс танилцана уу./

Хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талaар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хурaлдaанд хийсэн мэдээллийн талаар Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс өгөх санал, дүгнэлтийг бүлгийн дарга Д.Ганбат танилцуулсан.

Санал, дүгнэлтэд, хувийн эрх зүйн салбарт 2002 оны Иргэний хуулиас хойш дорвитой шинэчлэл хийгдээгүй, нийгмийн эдийн засгийн харилцаанд хууль нь саад тээг болж буй байдлыг Монгол Улсын Засгийн газар анхааралдаа авч холбогдох арга хэмжээ авч эхэлж байгаа нь сайшаалтай хэрэг. Харин бодит байдал дээр хувийн хэвшилд үзүүлэх төрийн дарамт улам бүр нэмэгдэж, Ковид, Дайны хямралд өртөн улам бүр эмзэг болж буй хувийн секторын дэмжих бодлого одоо ч хэрэгжихгүй байгаа нь харамсалтай.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг баримт бичигт тусгасан арга хэмжээний хүрээнд хувийн эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлжээ.

Уг бодлогын хүрээнд Дампуурлын хуулийг шинэчилсэн найруулга Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль, Барьцаалан зээлдүүлэх газар, иргэнээс олгох зээлийн үйл ажиллагааг бүртгэл хяналттай болгож мөнгө хүүлэлтийг тодорхойлох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлжээ.

Өргөн барьсан хуулийн төслүүдээс харахад хувийн хэвшлийн хөгжлийг хангах, дэмжлэг үзүүлж эдийн засгийн хямралыг даван туулахын эсрэг авч буй арга хэмжээ гэж дүгнэж болохоор байна. Монгол Улсын эдийн засаг агшиж, үнэ өссөн макро эдийн засгийн давхардсан хямралт нөхцөл байдлын энэ цаг үед хувийн хэвшлээ татварын уян хатан бодлого, зээл тусламжаар дэмжих ёстой байтал дампуурлын асуудлыг нарийвчлан зохицуулна, иргэдийн мөнгө хүүлэх ажиллагаанд тавих хяналт чангаруулна гэсэн бодлого ярих нь цагаа олоогүй хэрэг гэж үзэж байна.

Засгийн газрын түвшинд хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа хуулийн төслүүдийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэлд нилээдгүй олон асуудал дурдагдаж байна. Эдгээр ажлуудыг аль болох цаг алдахгүй шийдвэрлэх нь чухал байна хэмээжээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Дараа нь Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжүүлэх байсан ч УИХ-ын гишүүд Хуулийн төслийн талаар дахин хэлэлцэж саналаа нэгтгэх шаардлага байна гэсэн үндэслэлээр УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага авлаа.


Хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонслоо   
Үзсэн: 680 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй