Шууд Chart

Siemens-ийн авлигын дуулианы сургамж

2022-05-23 12:35:57

Арван жилийн өмнө дэлхийн хамгийн том цахилгаан инженерийн компаниудын нэг болох Siemens-тэй холбоотой асар том авлигын дуулиан дэлхий нийтийг цочирдуулсан билээ. Цар хүрээ нь уг хэргийг тухайн үеийн хамгийн том авлигын хэрэг хэмээн онцлоход хүргэжээ.

Хэдэн жилийн дараа Үнэт цаас, биржийн комиссын захирал Линда Томсен тус компани дахь хахуулийн хэргийг дараах байдлаар тодорхойлжээ:

 ... хэмжээ, цар хүрээний хувьд урьд өмнө хэзээ ч гарч байгаагүй. Ази, Африк, Европ, Ойрх Дорнод, Америк тивийн төрийн албан хаагчдад 1.4 тэрбум гаруй долларын хахууль өгсөн авлигын хэрэг юм.

Яаж ийм хэрэг болов, сургамж нь юунд байна?

Авлигын дуулиан гарахаас өмнө Siemens харилцаа холбоо, эрчим хүч, тээвэр, эмнэлгийн тоног төхөөрөмжийн найдвартай үйлчилгээ, технологийн бүтээгдэхүүнээрээ ихэд алдартай байв. Алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа явуулж, өндөр чанартай шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өрсөлдөөнт тендерт ялсан тухай нийтлэлүүд ч элбэг байлаа.

2006 оны 11-р сарын 15-нд цагдаа нар Мюнхен дэх компанийн төв байр болон бусад охин компаниудад нэгжлэг хийхэд дэлхий нийтийг цочирдуулсан зүйл болов. Компани анхандаа гэм буруугүй гэж мэдэгдэж, үйл явдлыг жижиг “гэмт бүлэглэл”-д нялзааж байв.

Олон жилийн турш тус компани ёс зүй, хууль эрх зүйн өндөр хэм хэмжээнд нийцсэн бизнес эрхэлж байгаа дүр эсгэж байжээ. Ямартай ч 1991 оноос хойш Siemens корпорац авлигатай тэмцэх хэм хэмжээ, ёс зүйн дүрэм журам, бизнесийн хатуу удирдамжийг боловсруулж, тэр ч байтугай авлигатай тэмцэх зорилгоор байгуулагдсан төрийн бус байгууллага болох Transparency International-ийн Герман дахь салбарын гишүүнээр 1998 онд сонгогдож байв.

Гэвч бодит байдал тэс өөр байлаа.

Siemens зах зээлд эзлэх байр сууриа олж, үнэлгээгээ өсгөхийн тулд 1990-ээд оноос эхлэн олон улсын хэмжээний авлигын систем бий болгожээ. Герман зэрэг олон орны хууль эрх зүйн тогтолцоон дахь томоохон цоорхой нь асуудлаас мултрах боломжийг тэдэнд олгож байв.

Авлигатай тэмцэх ажил нь зөвхөн цаасан дээр л байжээ

Хэдэн арван жилийн туршид хахууль нь Siemens-ийн бизнесийн хэм хэмжээ болон хувирсан байна. Хахуулийг банкны нууц данс, далд зуучлагч, хуурамч “зөвлөх”-өөр дамжуулж байв. Төслийн өртгийг тооцоолохдоо Siemens-ийн ажилтнууд “nutzliche aufwendungen” хэмээх татварын нийтлэг нэр томъёог шууд утгаар нь “ашигтай зардал” гэж орчуулан, дотооддоо “хахууль” гэж ойлгодог болсон аж.

ХБНГУ-ын хуульд хахуулийг албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцохыг зөвшөөрсөн байдлаар бичсэн нь нөхцөл байдлыг дээрдүүлсэнгүй. 1999 онд тус улс хуулиа ЭЗХАХБ-ын 1997 оны Хахуультай тэмцэх тухай конвенцид нийцүүлснээр энэ байдал өөрчлөгдсөн. Улмаар Германы компанид гадаадын албан тушаалтан хахууль өгөхийг хууль бус гэж үзэх болсон юм.

Тухайн оны 02-р сард шинэ хууль батлагдсанаар Siemens-д энэхүү шинэ зохицуулалтыг хэрхэн зохицуулах талаар дээд түвшинд хэлэлцүүлэг эхэлсэн байна.

Шударга ёс тогтоох цаг

2000 оны 07-р сарын 05-нд Siemens компани удирдлагын багууд болон бүс нутгийн компаниудад төлөөлөгч, зөвлөх, брокер болон бусад гуравдагч этгээдтэй хийсэн бүх гэрээнд авлигатай тэмцэх шинэ заалт оруулах тухай заавар гаргасан. Дараа жил нь шинэ удирдамж гаргасан байна:

Ажилтан нь бизнесийн харилцаатай холбоотойгоор бусдад мөнгө болон бусад давуу байдлыг шууд болон шууд бус байдлаар санал болгож, үндэслэлгүй давуу эрх олгохыг хориглоно.

Мөн 2001 онд Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй болсноор тус компанид 1977 оны Гадаад авлигын үйл ажиллагааны тухай хууль үйлчилж эхэлсэн. Нэмж дурдахад, 2003 оны 11-р сараас эхлэн компани нь Сарбанес-Окслийн хуулийг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн бөгөөд энэ нь санхүүгийн ахлах ажилтан, удирдлагуудыг хариуцлагатай, шударга ажиллахыг шаарддаг ёс зүйн дүрэм юм.

2004 оны 07-р сард Siemens-ийн санхүүгийн захирал “Tone from the Top” нэртэй илтгэл тавьсан. Үүнд авлигатай тэмцэх нь эцсийн дүндээ эн тэргүүний зорилт бөгөөд авлига нь компанийн шударга байдлын зарчимд харшилна гэдгийг харуулахыг зорьсон байв.

Хожим Германы прокурорын дүгнэсэнчлэн Siemens-ийн дагаж мөрдөх хөтөлбөр зөвхөн цаасан дээр л байсан юм.

Израиль, Унгар, Азербайжан, Тайвань, Хятадын засгийн газраас авлигын асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан бөгөөд Нигери, Итали, Грек, Лихтенштейн зэрэг улсуудад ч мөн адил асуудал ил болж байлаа.

Гэвч Америкийн прокуроруудын олж мэдсэнээр:

Siemens-ийн удирдлага эдгээр асуудлын алийг нь ч зохих ёсоор судалж, мөрдөн шалгаж чадаагүй байна.

Siemens Бангладеш, Вьетнам, Орос, Мексикээс эхлээд Грек, Норвеги, Ирак, Нигери зэрэг улсын засгийн газар болон төрийн албан хаагчдад хахууль өгч байжээ. Энэхүү хахуулийн тогтолцооны цар хүрээ нэн өргөн байв. Siemens-ийн ажилтан Рейнхард Сиекачек хэлэхдээ:

Бидний хийж байгаа зүйл хууль бус гэдгийг бид бүгд мэдэж байсан. Гэрлийн чийдэн гэх мэт бизнес эрхэлдэг нэгжүүдээс бусад Siemens AG-ийн бараг бүх бизнесийн нэгжүүдэд хахууль өгөх нь хэвшсэн заншил байсан.

Эцэст нь АНУ, Герман, Итали, Лихтенштейн зэрэг хэд хэдэн оронд Siemens-ийн эсрэг арга хэмжээ авсан байна.

АНУ, Германы мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд Siemens компани АНУ-д төлсөн 800 сая долларыг оролцуулан 1.6 тэрбум гаруй долларыг торгууль болон хууль бус бизнесийн үйл ажиллагаагаар олсон хөрөнгийг буцаан төлөх хэлбэрээр төлсөн юм. Энэ нь Америкийн Гадаад авлигын үйл ажиллагааны тухай хууль батлагдсан 1977 оноос хойш оногдуулсан хамгийн том мөнгөн шийтгэл юм.

Авлигын дуулианы сургамж

Siemens-ийн хэрэг өнгөрсөн түүх боловч бид үүнийг үргэлж санаж, компайнсын бодит хөтөлбөр боловсруулахдаа ашиглах ёстой. Бодитой хариу арга хэмжээ авахгүй бол авлига вирус мэт үргэлжлэн тархаж, улмаар компаниуд бие биеэ дуурайх эрсдэлтэй.

Өөр нэг сургамж бол авлигыг нухацтай авч үздэг шударга ёсны тогтолцоо одоогоор АНУ-д л байна. АНУ-ын Хууль зүйн яам корпорацуудад хангалттай шийтгэл оногдуулж чадсан. Гэхдээ корпорацын буруутай үйлдэлд шийтгэл оногдуулах тал дээр АНУ ганцаараа зогсож болохгүй. Засгийн газрууд зүгээр л, авлига бол муу зүйл гэж хэлээд орхидог байж болохгүй юм. Шийтгэл хүлээлгэдэг гэдгээ батлан харуулах ёстой.

Эх сурвалж: https://theconversation.com


Siemens-ийн авлигын дуулианы сургамж  
Үзсэн: 602 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй