Шууд Chart

МҮОНРТ Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран ажиллана

2022-05-25 12:25:00

МҮОНРТ-ийн Ерөнхий Захирал А.Бүрэнбаатар, Нийслэлийн аялал жуулчлалын газарын дарга Д.Батсүх нар хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.

Улаанбаатар хотын түүх соёл, аялал жуулчлалыг дотоод гадаадын үзэгч, уншигч, сонсогчдод мэдээлэх, сурталчлан таниулах, хотын соёлыг түгээн иргэдийн аялал жуулчлалын боловсролыг нэмэгдүүлэх үүднээс дээрх санамж бичгийг байгуулав.

Хамтын ажиллагааны үндсэн чиглэл нь аялал жуулчлалын салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах, тулгамдсан асуудлын талаар хөндөж, гарц шийдлийг эрэлхийлэх зэрэгт ч хамтрах юм байна.

А.Бүрэнбаатар: Жуулчдад зориулсан эвент зохион байгуулах, контент бэлтгэхээр төлөвлөж байна

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал.

Аялал жуулчлалын салбар өөрөө Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал хувь нэмэр оруулдаг. Жуулчид хэдий чинээ ирнэ, тэр хэмжээгээр эдийн засаг сэргэдэг. Иймд МҮОНРТ Нийслэлийн аялал жуулчлалын салбарыг дэмжиж ажиллая гэсэн утга агуулга бүхий санамж бичиг байгууллаа. МҮОНРТ хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу түүх өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулдаг. Энэ жишгээр аялал жуулчлалын салбарыг дэмжиж ажиллахаар урт хугацааны гэрээ байгууллаа. Аялал жуулчлалын үе ид эхэлж байна. Бүх жуулчин Улаанбаатар хотод буудаг. Нийт хүн амын 70-аас илүү хувь нь нийслэлд амьдарч байна. Тэр утгаараа хамтарсан эвент зохион байгуулах, жуулчдыг татсан контентуудыг хийхээр төлөвлөж байна.

Д.Батсүх: Нийслэлийн аялал жуулчлалын газраас зохион байгуулдаг 15 эвент арга хэмжээ энэ жил болно

Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга.

Нийслэлийн аялал жуулчлалын салбарыг МҮОНРТ байнга дэмжиж ажилладагт энэ ташрамд талархлаа илэрхийлье. Өнөөдөр бид аялал жуулчлалын салбарыг дэмжих, нийслэлийн иргэддээ хэвлэл мэдээллээр дамжуулан өөрсдийнхөө ажлын үйл ажиллагааг танилцуулах талд хэлэлцлээ. Ялангуяа аялал жуулчлалын талаарх боловсрол мэдлэгийг дээшлүүлэх, аялал жуулчлал иргэдийн амьдралд ямар их хэрэгтэй салбар вэ гэдгийг таниулахаар төлөвлөсөн. Нийслэлийн аялал жуулчлалын газраас зохион байгуулдаг 15 эвент арга хэмжээ энэ жил болно. Үүнийгээ телевизийн контент болгон үзэгчдэд хүргэх талд өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурлаа. Дэлхий дахинаа тархсан “Ковид-19” цар тахал дэгдсэн үе буюу өнгөрсөн хоёр жил манай салбарын арга хэмжээ бүрэн зогссон. Харин энэ цаг мөчөөс сэргэлтийнхээ үе рүү орж байна. Гэхдээ үүнд мэдээж тодорхой хугацаа шаардагдаж байж хуучин хэвэндээ орно. Зөвхөн гадаад гэлтгүй дотоодын иргэд маань улсынхаа аялал жуулчлалын салбарыг хөл дээр нь босгоход маш их хувь нэмэр үзүүлдэг. Иймд бид тэдэндээ зориулж мэдлэг мэдээлэл өгөх, аяллаа зөв төлөвлөхөд нь дэм болох үүднээс “Улаанбаатар трейвэл-2022” үзэсгэлэнгээ нээх гэж байна. Энэхүү үзэсгэлэнгээс иргэд хаашаа авлавал зохистой, үнийн хувьд ямар байх зэрэг мэдээлэл авч болно.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОНРТ Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран ажиллана  
Үзсэн: 789 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй