Шууд Chart

Боксын эмэгтэйчүүдийн ДАШТ гайхамшигтай болжээ

2022-05-26 15:15:22

 

Боксын эмэгтэйчүүдийн ДАШТ АНУ-ын Scranton хотод анх 2001 онд зохион байгуулагдахад 30 орны 125 боксер оролцож байв. Тэгвэл энэ жилийнх 12 дахь удаагаа Турк Улсын нийслэл Истанбул хотноо энэ сарын 6-20-ны хооронд зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд 93 орны 463 боксер оролцохоор мэдүүлэгээ өгсөн боловч “Ковид-19” цар тахлын улмаас 73 орны 310 боксер 14 өдрийн турш, хэн нь энэ ордонд эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлж нэрээ дуудуулах вэ гэдгээ сорьж, ур чадвар, ухаан билэг, авъяас, авхаалж самбаагаа шалган өрсөлдлөө.

Монгол Улсаас есөн тамирчин өрсөлдсөнөөс анх удаа хоёр (ОУХМ. О.Есүгэн, ОУХМ. М.Намуун) тамирчин медалийн төлөө тулалдаж шагналт V байрт шалгарсанаар 73 орноос багийн дүнгээр 24 дүгээр байрт орлоо.

Манай улсын тамирчдын тухайд дундаж нас 22 байгаа нь бидэнд маш их ирээдүй байгааг харуулж байлаа. Энэ баг дахин залуу тамирчдаар сэлбэгдэх бөгөөд 2023 оны Азийн наадам, Азийн аварга, эмэгтэй дэлхийн аварга, олимпын эрх олгох тэмцээн, “Парис-2024” олимпын наадамд өндөр амжилт гаргана гэдэгт итгэл төгс байна.

Үнэхээр боксын эмэгтэй тамирчид гайхамшигтай болжээ. Бие бялдар, өөртөө итгэх итгэл, зоримог чанар, гоо үзэсгэлэн, өв тэгш бие хаа зөвхөн тэнд л харагдаж байна. Эрэгтэй төрлөө бодвол харьцангуй залууд орох боловч хөгжил, жендер, хамрах хүрээ, хичээллэгсэдийн тоо гээд маш богино хугацаанд дэлхийг бүрхжээ.

2001 онд анхныхаа дэлхийн аваргыг хийж байсан гэхэд “Лондон-2012”, “Рио-2016” олимпын  наадамд гурван жингээр “Токио-2020” олимпын наадамд таван жин болон нэмэгдэж улмаар “Парис-2024” олимпын наадамд зургаан жингээр орохоор нэгэнт батлагджээ.

Хорин нэгэн жилийн хугацаанд 12 удаа эмэгтэй боксчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахад нийтдээ 54 орны тамирчин медалийн давцанд зогссон байх бөгөөд энэ дотор Mongolia гэдэг нэр маш тод харагдаж байх юм.

Энэ нэрийг тэнд тамгалсан хүн бол Монгол Улсын гавьяат тамирчин М.Нандинцэцэг юм. 2018 онд Энэтхэгт зохиогдсон ДАШТ-ээс Нандиа маань эх орондоо анхны хүрэл медаль авч ирж байжээ. Энэхүү медалийн буухиаг залгамж халаа болсон тамирчид маань өнгө, чанарыг нь сайжруулж олимпын медалиар ихэрлүүлж чаднаа гэдгийг хэдхэн хонгийн өмнө өндөрлөсөн тэмцээнээс харлаа.  

Сонирхуулахад 12 удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хойд хөршийн (ОХУ) охидууд алт-24, мөнгө-11, хүрэл-25, өмнөд хөршийн (БНХАУ)  охидууд алт-18, мөнгө-15, хүрэл-17 хүртсэн амжилтаар дэлхийд тасархай тэргүүлдэг юм байна. Зөвхөн хоёр хөршид дэлхийн 110 медаль байж байгаа нь бидэнд нэгийг бодож хоёрыг хийх боломж байгааг харуулж байна.

“Парис-2024” олимпын наадамд амжилт гаргахын тулд хоёр хөрштэйгээ ойр ойрхон хамтарсан бэлтгэл хийж, хоёр талдаа тэмцээн уралдаанд оролцох нь чухал байна.

Ц.Батнасан

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Боксын эмэгтэйчүүдийн ДАШТ гайхамшигтай болжээ  
Үзсэн: 440 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй