Шууд Chart

Аяллын маршрутдаа заавал оруулах газар “Говийн байгаль, түүхийн Музей”

2022-05-26 16:22:06

Өмнөговь аймагт “Говийн байгаль, түүхийн музей”-н шинэ барилга үүдээ нээжээ. “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалтаар "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн санхүүжилт, нийт 10.9 тэрбум төгрөгийн өртгөөр барилгын ажлыг 2018 онд эхлүүлж, 2020 онд дуусгаж, музейн үйл ажиллагааг 2022 оны тавдугаар сарын 18-нд эхлүүлсэн байна.

May be an image of 4 people

May be an image of 13 people and people standing

Говийн байгалийн түүхийн музей 4000 гаруй үзмэр, эд өлгийн цуглуулгатай. Өмнөговь аймгийн нутагт одоогоос 4500-5000 жилийн өмнө хүн амьдарч байсан ул мөр бүхий “Цахиуртын хөндий”, “Оцон мааньт”, “Баян заг”, “Чоно шургуул”, “Төгрөгийн ширээ” зэрэг газруудаас олдсон эртний болон палеонтологийн олдворууд байдаг.

Түүнээс гадна говийн ард түмний дундаас төрсөн алдар гавьяатан, урчууд дархчуудын бүтээлийн дээжис музейд байрлажээ. Мөн “Ноён Сэврэй”-н дархчуулын дахин давтагдашгүй хийц бүхий мөнгөн аяга гоёл чимэглэл, сав суулга, шашны эдлэл хэрэглэл, шүтээн зураг, хөгжмийн зэмсгүүдээс гадна чулуун зэвсгийн үеэс хүрэл, төмрийн үеийн олдворуудтай танилцах боломжтой юм.

Музейн нээлтийн арга хэмжээнд “Оюу толгой” ХХК-ийн уурхайн үйл ажиллагаа хариуцсан захирал Эндрью Вилсон, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Соёлын дэд сайд М.Батбаяр зэрэг тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцсон байна.

May be an image of 4 people and people standing

“Оюу толгой” ХХК-ийн уурхайн үйл, ажиллагаа хариуцсан захирал Эндрью Вилсон: "Олон хүний хүч хөдөлмөр, ур ухаан шаардсан энэхүү бүтээн байгуулалтыг нээж байгаад баяртай байна. Бидний Өмнөговь аймагт хийж, хэрэгжүүлж байгаа тогтвортой хөгжлийн төсөл хөтөлбөрийн хүрээнд тус музейн ажил хийгдсэн. “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаар дамжуулан 10.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр музейн барилга боссон. Тус сан байгуулагдаад 7 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд сангийн хөрөнгө оруулалтаар аймаг, сум болон малчдад зориулан сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг биет болон биет бус дэмжлэгийг үзүүлсэн. Одоогоор нийт 32,9 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Өмнөговь аймагт оруулсан байна. Цаашдаа ч “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаар дамжуулан олон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх болно" гэв.

“Оюу толгой” компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2016 оноос хойш Өмнөговь аймгийн зөвхөн түүх, соёлын өвийг хамгаалах үйлсэд зориулж 23 төсөлд 7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаар дамжуулан зарцуулжээ.

"Говийн байгаль, түүхийн музей"-н захирал Ц.Отгонтуяа: "Аймгийн музей 1948 онд байгуулагдсанаас хойш 74 жилийн дараа шинэ байртай болж орон нутгийн онцлог, давтагдашгүй их өв соёл, баялаг түүхтэй уялдуулан зураг төслийг гаргаж, дэлхийд танигдсан, улсдаа жишиг болохуйц музей нээгдсэн юм. 

Музейн үйл ажиллагаа жилийн 4 улиралд идэвхтэй явагдах тул дотоодын болон гадаадын жуулчид өөрт тохиромжтой улиралдаа зорин ирэх боломжтой бөгөөд Музей дотор хүлээлгийн сандал, кофе шоп, нутгийн иргэдийн хийсэн гар урлалын бэлэг дурсгалын бүтээлүүдийг зарж борлуулдаг мөн музейгээс гаралгүй нэг дороос бүх үйлчилгээг авч боломжтой юм байна. 

 

Тус барилгын шийдэл, архитектурыг говь нутгийн онцлогийг харуулан бүтээснээс гадна хүний эрхийн мэдрэмжтэй шийдлийг харуулсан нь, тэргэнцэртэй иргэд саадгүй зорчих налуу шат байсныг тодотгох зүйтэй. 

 

Музейн зарим үзмэрийн зургийг толилуулъя. 

Эх сурвалж: Э.Бадамцэцэг


Аяллын маршрутдаа заавал оруулах газар “Говийн байгаль, түүхийн Музей”  
Үзсэн: 545 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй