Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2026.03.17/ боллоо. Энэ удаагийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Л.Соронзонболд, Г.Лувсанжамц, Р.Батболд нар оролцов.
Ажлын хэсэг энэ удаагийнхаа хуралдаанаар соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцэхээр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Кино урлагийн зөвлөлийн төлөөллийг оролцуулсан юм.
Зөвшөөрлийн тухай, Соёлын өвийг хамгаалах тухай, Музейн тухай хуулийн хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас олгож буй зөвшөөрлийн талаар тус яамны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэн танилцууллаа. Салбарын яам музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөөс гадна нийтийн өмчийн соёлын биет өвийг хувилан олшруулах, Монгол Улсын нутаг дэвсгэрт палеонтологи, археологийн хайгуул, малтлага судалгаа хийх, соёлын биет бус өвийн судалгаа хийх зөвшөөрөл олгодог байна. Мөн өвийг сэргээн засварлах, зөөж тээвэрлэх, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, палеонтологи, археологийн олдворыг судалж шинжлүүлэх, сэргээн засварлахад зөвшөөрөл олгодог гэв. Үүний зэрэгцээ гадаад улсад үзэсгэлэнд гаргах зорилгоор улсын хилээр нэвтрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, хуулийн этгээд кино зураг авалт хийх энгийн зөвшөөрөл зэргийг олгодог аж.

Тухайлбал, музейг төрийн болон орон нутгийн, хувийн өмчийн хэлбэрээр Монгол Улсын иргэн, хуулийн этгээд байгуулах бөгөөд 300-500 мянган төгрөгийн хураамж төлж, найман жилийн хугацаатай соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авдаг гэлээ. Тэрбээр "Музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон бусад энгийн зөвшөөрөл олгох процессийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашиг, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр байнгын үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгж байх, зөвшөөрөл нь гурван жилээс доошгүй хугацаагаар олгох зэрэг үндсэн зарчимтай байхаар хуульчилсан. Манайхаас олгож байгаа энгийн 7 зөвшөөрөл нь байнгын давтагдахгүй, зөвхөн нэг удаагийн /процесс/ арга хэмжээг зохицуулах хэв шинжтэй бөгөөд агуулга ач холбогдол, цар хүрээ, цаг хугацааны хувьд Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулах боломжгүй" хэмээсэн. Иймд холбогдох онцлогийг харгалзан дээрх үйл ажиллагааг хялбар, хүртээмжтэй болгох үүднээс Зөвшөөрлийн тухай хуулиас хасаж, тухайлсан хууль, тогтоомжоор зохицуулах санал гаргав.
Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, хуулийн этгээд кино зураг авалт хийх зөвшөөрөл олгодог байсныг мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаа болгон өөрчилсөн нь агуулгын хяналт тавихад асуудал үүсгэж, түүх гуйвуулсан, геополитикийн асуудалд сөргөөр нөлөөлөх, хүчирхийлэл, гэмт хэрэг сурталчилсан бүтээл хийгдэх эрсдэл нэмэгдэхээс гадна түр хугацаагаар зураг авалтын үед тоног төхөөрөмж оруулж ирэхэд хүндрэл үүсгэх эрсдэлтэй талаар хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин зөвшөөрөл авах процесстой биечлэн танилцсан бөгөөд хэрэглэгчдэд ойлгомжтой, хүртээмжтэй, мэдээлэл тодорхой бус, цахим хэлбэрээр зөвшөөрөл авах үйл ажиллагаа нь хаалттай, хаана ямар мэдээлэл, шат дамжлагаар явах нь тодорхойгүй байгаад шүүмжлэлтэй хандав.
Салбарын яам нь соёл талдаа хэт анхаарч, бусад салбарын бодлого, үйл ажиллагааг орхигдуулахгүй байхад анхаарах нь зүйтэй гэдэг байр суурийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа илэрхийлж байв.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас салбарын хэмжээнд зөвшөөрөл олгож буй нөхцөл байдал, Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хуулийн төсөл дэх зохицуулалтын талаарх салбарынханы байр суурийг Улсын Их Хурлын даргын 2026 оны 22 дугаар захирамжаар байгуулагдсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд сонсож, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
| Ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын зөвшөөрөл олгох асуудлаар хуралдлаа | ||
| Үзсэн: 156 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.