Шууд Chart

Орон нутгаас сонгогдсон гишүүд Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих лобби бүлэг байгуулан ажиллах талаар мэдээлэл хийлээ

2022-06-18 10:00:59

Нэмүү өртөг шингээсэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, малчид, тариаланчдад суурилсан шинэ хөдөөг анхан шатанд бий болгох, эрүүл хүнс үйлдвэрлэж, аж ахуйн тогтолцоог бий болгох зорилгоор Хөдөө аж ахуйн хөгжлийн мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс онцгойлон анхаарах үндэслэлийн дагуу лобби бүлэг байгуулан ажиллах  болсноо гишүүд мэдээллийн эхэнд онцлов.

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн лобби бүлэг байгуулахаас гадна хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих чиглэлээр Улсын Их Хурлын түр хороо байгуулъя гэж байгаа юм. Мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлүүд хувийн хэвшлийн оролцоо, дэмжлэгээр өсөн бойжиж буй салбар. Тиймээс төрөөс зах зээлийн харилцааг нь өргөжүүлэх, боломж бололцоог нь нэмэгдүүлэх, дэмжих шаардлагатай байна. Түр хороо болон лобби бүлгийн зүгээс эрх зүйн орчныг нь сайжруулах тал дээр хамтарч ажиллана. Түүнчлэн хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих үүднээс татвар санхүүгийн орчныг бий болгох, санхүүжилтийг нэмэгдүүлэх бодлогыг цаашид хэрэгжүүлнэ. Лобби бүлэг цаашид малчид, тариаланчдын үйл ажиллагааны үндсэн дээр суурилсан шинэ хөдөөг бий болгох, эрүүл хүнс үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэлийг бий болгоход чиглэж, зохион байгуулалтад орж ажиллахаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн А.Адьяасүрэн Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэн тооцох тухай хуулийн төсөл өргөн барихаар болсон. Малчид, тариаланчид сар бүрийн тогтмол орлого байдаггүйгээс эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл төлж чаддаггүй. Даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр улсаас өгч байгаа урамшууллаас бичилт хийх замаар шимтгэл төлүүлбэл хамрагдалт өндөр хувьтай болно. Төрөөс өрнүүлж буй эрүүл мэндийн эрт илрүүлгийн арга хэмжээнд малчид тариаланчдын 70 хувь нь хамрагдаж чадахгүй байгаа. Малчид эрүүл мэндийн эрт илрүүлэг зэрэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй нь даатгал төлж чадахгүй байгаатай холбоотой. Энэ асуудал дээр лобби бүлэг анхаарлаа хандуулан ажиллана гэв.

Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг лобби бүлэг мал аж ахуй, газар тариалан, хүнс үйлдвэрлэлийг дэмжих, малчид, тариаланч, салбарын эрх зүйн орчныг сайжруулах,  татвар санхүүгийн бодлогоор дэмжих, хөгжлийг дэмжсэн зах зээлийн эрүүл тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Лобби бүлэг байгуулагдсанаар салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулахад хэд хэдэн чиглэлээр бодит ажил, санал, санаачлагуудыг дэвшүүлэн ажиллахаар төлөвлөөд байгаа бөгөөд нэн түрүүн “Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал суутган төлөх хуулийн төсөл санаачлан, боловсруулж ажиллахаар төлөвлөөд буй юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Орон нутгаас сонгогдсон гишүүд Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих лобби бүлэг байгуулан ажиллах талаар мэдээлэл хийлээ  
Үзсэн: 130 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй