Шууд Chart

“Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын санаачилга, түншлэл-2022” үндэсний чуулган Булган аймгийн Хялганат тосгонд болж байна

2022-06-29 12:49:50

“Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын санаачилга, түншлэл-2022” үндэсний чуулган Булган аймгийн Хялганат тосгонд болж байна.

Чуулганаар Тогтвортой хөгжлийн боловсрол-II төсөл хэрэгжсэн зургаан аймгийн 30 сургуулийн туршлага болон цаашид тогтвортой хөгжлийн зорилтуудыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, хэвшүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар ярилцахаар төлөвлөжээ.

Чуулганд ТХБ-II төслийн үндэсний зөвхөн зохицуулах багийн гишүүн БШУЯ, БОАЖЯ, МУБИС, Боловсролын үндэсний төв, МҮОНРТ, тогтвортой хөгжлийн төлөөх “Амгалан дэлхий” ТББ болон төсөл хэрэгжиж байгаа зорилтот зургаан аймаг болох Архангай, Булган, Орхон, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймаг, нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн төлөөлөл, төслийн загвар 30 сургуулийн багш, сурагчдын төлөөлөл нийт 300 гаруй төлөөлөгч оролцож байна. Хэлэлцүүлэгт оролцогчид Бодлогыг нарийвчлан уяалдуулах, Суралцахуйн орчныг хувирган өөрчлөх, Багш сурган хүмүүжүүлэгчдийг чадвахжуулах, Залуучуудад боломж эрх мэдэл олгох, Орон нутгийн түвшний ажлыг хурдасгах гэсэн таван чиглэлээр салбар хуралдаанд оролцож байна.

Тогтвортой хөгжлийн боловсрол 2 төслийн үндэсний зохицуулагч А. Энхтогтох “Төсөл 2019 оноос эхэлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахал, хөл хориотой байсан ч түшиц сургуулиуд, тэнд суралцаж байгаа хүүхдүүд маань их зүйл хийсэн байна. Их ч зүйл сурсан гэдэг нь чуулгны оролцооноос харагдаж байна. Харин хийсэн зүйлээ бусадтайгаа хуваалцах боломж нөхцөл хязгаарлагдмал байсан. Энэ жилийн чуулганаар энэхүү боломжийг олгож байна” гэсэн юм.

Тогтвортой хөгжлийн боловсрол II төслийн үр шимийг 30 мянган хүүхэд тэдгээрийн ар гэрийнхэн шууд хүртэж байна. Цаашлаад сургууль дээр хэрэгжиж байгаа сайн төсөл, туршлагуудыг орон нутгийн төвшинд амжилттай хэрэгжүүлж байгаа жишээ бий. Тиймээс сургуулиар дамжуулан үндэсний хэмжээнд сайн туршлагуудыг нэвтрүүлэх боломж байгааг Байгаль орчны мэдээлэл сургалтын төвийн гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэг хэлж байсан юм.

Тогтвортой хөгжлийн боловсролоор бид нэг дэлхий дээр хэрхэн хамтдаа эрх тэгш, сайн сайхан амьдрах вэ гэдгийг зааж сургадаг. Бидний гишгэсэн газар, амьсгалах агаар, хоол хүнс улмаар нийгэмд бүтээгдсэн бүх баялаг, түүнээс хүртэх ашиг бүгд байгалиас эхтэй. Цаашид бидний оршин тогтнож, хөгжин дэвжих эсэх ч байгалийн нөөцөөс хамаарна. Гэвч байгалийн нөөц нь хүн төрөлхтөний хэрэглээний хурдыг гүйцэхээ больж үйл ажиллагааны тогтвортой байдал алдагдаж эхлээд байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Нийтэлсэн: Д.Баяржаргал

“Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын санаачилга, түншлэл-2022” үндэсний чуулган Булган аймгийн Хялганат тосгонд болж байна   
Үзсэн: 503 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй