Шууд Chart

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа

2022-07-04 17:16:18

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.07.04) хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр зөвшилцөхөөр ирүүлсэн “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай асуудлын зөвшилцөх эсэхийг хэлэлцлээ.

Төслийн талаар Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулсан.

Тэрбээр, сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад татвараас зайлсхийх, зугтах явдалтай тэмцэх, татварын суурийг хамгаалах чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа өргөжиж, эрчимтэй хөгжиж байна. Тухайлбал 2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас үүдэлтэйгээр “Их 7”-гийн санаачилгаар эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлын эсрэг “ВЕРS” олон улсын байгууллагыг байгуулсан. Улмаар “ВЕРS”-ийн зүгээс татварын суурийг хамгаалах, ашиг шилжүүлэх явдлын эсрэг 15 үйл ажиллагааны багц дүрмийг боловсруулсан. Одоогийн байдлаар 141 улс гишүүнээр нэгдэн ороод байгааг танилцуулгадаа онцлов.

Мөн Монгол Улсын хувьд Европын Холбооны татварын зорилгоор хамтран ажилладаггүй улс орнуудын жагсаалт буюу татварын саарал жагсаалтаас 2018 онд гарахдаа “ВЕРS”-ийн дүрэм журмуудыг хэрэгжүүлэх үүрэг, амлалтыг Европын Холбооны өмнө хүлээсэн. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газар 2018 оны нэгдүгээр сард “ВЕРS”-т 111 дэх гишүүнээр нэгдэн орж, түүний стандартуудыг 2019 онд дотоодын хууль тогтоомжид тусгасан. Хэдийгээр Монгол Улс дотоодын хууль тогтоомжийг олон улсын шаардлагад нийцүүлэн шинэчилсэн хэдий ч 1991-2003 оны хооронд бусад улс орнуудтай байгуулсан 26 хоёр талт давхар татварын гэрээнүүдийг ВЕРS-ийн 6 дугаар болон 14 дүгээр стандартад нийцүүлэх тухай Европын Холбоо болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын өмнө хүлээсэн үүргийн биелүүлэлт хүлээгдэж байна. Түүнчлэн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны хурлын үеэр Европын Холбооны зүгээс татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенцод нэгдэн орох шаардлагатай байгааг дурдаж, улмаар үүнийг хэрэгжүүлээгүй тохиолдолд татварын саарал жагсаалтад буцаж орох эрсдэл байгаа тухай мэдэгдсэн гэв. Түүнчлэн “Татварын саарал жагсаалтад орсон Монгол Улс нь Европын Холбооны тогтвортой хөгжлийн сан, стратегийн хөрөнгө оруулалтын сангаас санхүүжилт, хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх, хөрөнгө оруулалтын урсгал буурах, санхүүгийн гүйлгээнд тодорхой хэмжээний хязгаарлалт ирэх зэрэг сөрөг үр дагаврууд гарах юм. Тус конвенцод нэгдэн орсноор татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрмийг нэвтрүүлэх, төлөөний газар, ногдол ашиг, хөрөнгийн татвартай холбоотойгоор давхар татварын гэрээ ашиглан татвараас зайлсхийх, эрсдэлийг бууруулах, харилцан тохиролцох, үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг олон өөрчлөлтийг Монгол Улсад бусад улсуудтай байгуулсан 26 давхар татварын гэрээнд нэвтрүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр Монгол Улсын давхар татварын гэрээнүүдийг урвуулан ашиглаж татвараас зайлсхийх, татвар шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх, татварын суурийг хамгаалах чухал ач холбогдолтой” хэмээн Н.Тавинбэх сайд танилцуулгадаа дурдлаа.

Энэ конвенцод нэгдсэн орсноор гадаадын хөрөнгө оруулагч нарт ямар нэг эрсдэл, болгоомжлол үүсэх эсэхийг тодруулсан Ж.Ганбаатар гишүүний асуултад “Татвараас зайлсхийх арга хэрэгсэл ашигладаггүй хөрөнгө оруулагчид ямар ч сөрөг нөлөө учрахгүй. “ВЕРS” олон улсын байгууллагад нэгдсэн орсон 140 гаруй улс бүгд дүрэм, стандартаа мөрдөж ажилладаг. Европын Холбооноос манай улсад жилд 3 гаруй тэрбум еврогийн хөрөнгө оруулалтын урсгал орж ирдэг. Харин эсрэгээрээ энэ конвенцод нэгдэж орохгүй тохиолдолд Европын Холбоо болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын өмнө хүлээсэн үүргээ манай улс хэрэгжүүлэхгүй байна гэж үзэж, дээрх хөрөнгө оруулалтын урсгалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэл бий” хэмээн Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн хариулав. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр далд эдийн засгийн эсрэг дорвитой арга хэмжээ дутагдаж байгааг сануулаад цахим эдийн засгийн татварын асуудлыг зохицуулах тал дээр холбогдох байгууллагууд анхаарч ажиллах хэрэгтэйг хэлэв. “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай асуудлыг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар боллоо.


Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа   
Үзсэн: 535 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй