Шууд Chart

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн талаарх ээлжит хэлэлцүүлэг боллоо

2022-08-04 16:11:58

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны тогтоолоор Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгээс  өнөөдөр /2022.08.04/ Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн  хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, хүний эрхийг дээдэлсэн, аюулгүй байдлыг хангасан, ялгаварлан гадуурхалгүй, авлигагүй, сайн дурын, хүмүүнлэг, энэрэнгүй байх үндсэн зарчмыг баримталсан хуулийн төсөл боловсруулахын төлөө Ажлын хэсгээс онцгой анхаарч ажиллаж буйг тэмдэглээд эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүд маань идэвх санаачлагатай ажиллаж буйд талархлаа илэрхийлсэн.

Уг хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Улсын нэдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн удирдлагууд болон Монголын эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах багийн эмч мэргэжилтнүүд оролцов.

Хэлэлцүүлгээр Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг нэг бүрчлэн хэлэлцэж, төсөлд эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүдийн саналыг тусгахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн талаарх ээлжит хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 258 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй