Шууд Chart

УИХ-ын дарга Г.Занданшатар гурван санаачилга дэвшүүллээ

2022-09-02 11:18:35

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол 3 дугаар сургуулийн нээлтэд оролцохдоо “Эрдмийн хэт цахиваас хөгжлийн гал бадармой” гэсэн эртний сургаалыг сануулаад сурагч хүүхдүүд, багш, эцэг эхчүүдэд Боловсролын багц хуулийг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан УИХ-тай нягт хамтран ажиллахыг уриалж, гурван зүйлийн санаачилга дэвшүүлэв.

Нэгдүгээрт, танай сургуулийн сурагчид “Дөл 2022” тэмцээнд тусгай байр эзлэн, авхаалж самбаа, багаар ажиллах чадвар, цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд өндөр амжилт гаргажээ. Би нийслэлийн 77 дугаар сургуульд суралцаж байхдаа “Дөл” тэмцээнд оролцож манай баг улсын аваргаар удаа дараа шалгарч байсан. “Дөл” тэмцээн бидний бие бялдрын хүмүүжил болон эх оронч үзэл төлөвшихөд чухал нөлөө үзүүлсэн. Иймээс энэ төрлийн хичээлийг ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрт оруулах санал дэвшүүлж байна.

Хоёрдугаарт, УИХ-аас тус 3 дугаар сургуультай хамтран “Өсвөрийн парламент” хөтөлбөр хэрэгжүүлэх санаачилга гаргаж байна. Хөтөлбөрт ахлах ангийн сурагчид хамрагддаг. Энэ хөтөлбөрийн зорилго нь хүүхэд залууст хүний эрхийн, ардчиллын, Үндсэн хуулийн боловсрол олгож, багаар ажиллах чадвар, манлайлал зэрэг зөөлөн ур чадварт сурган, иргэний нийгэм, иргэний боловсролыг төлөвшүүлэхэд оршдог.

Гуравдугаарт, дээрх санал санаачилгуудыг ажил хэрэг болгохын тулд D-Parliament талбараар дамжуулан санал бодлоо ирүүлж, хэлэлцүүлэг өрнүүлэхийг сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд та бүхэнд хичээнгүйлэн уриалж байна. Технологийн 4-р хувьсгалын эрин үед D-Parliament талбараар дамжуулан ардчилсан, зөвлөлдөх, цахим парламентын үйл ажиллагаанд шууд оролцон, цахим үндэстэн болцгооё хэмээн уръя гэв.


УИХ-ын дарга Г.Занданшатар гурван санаачилга дэвшүүллээ  
Үзсэн: 431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй