Шууд Chart

Цангаа тайлсан волейболын ДАШТ

2022-09-09 18:04:52

Өнгөрсөн зун спортын ертөнцөд дэлхийн чихийг <<соотойлгох>> томоохон тэмцээн болсонгүй. Хөлбөмбөгийн дэлхийн болон европын аварга шалгаруулах тэмцээн, олимпын наадам гээд аль нь ч байгаагүй юм. Спорт сонирхогчдын гол хүлээлт байсан хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) зохион байгуулагч Катар улсын цаг агаараас хамааран 11 дүгээр сард эхлэх болсон нь үүний гол шалтгаан байв. Товчхондоо спорт сонирхогчид зуны турш тэмцээнээр <<цангалаа>>. Зун ч дуусаж

Зохион байгуулах эрх

Волейболын эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн эхнээсээ бүү хэл эхлээгүй байхаасаа л шуугиантай, сонирхолтой байж анхаарал татаж байлаа. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Мексик улсад болсон олон улсын волейболын холбоо (ОУВХ)-ны хурлаар 2022 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг ОХУ-д өгсөн. Олон улсын олимпын хороо болон Дэлхийн допингийн эсрэг агентлагаас тавьсан удаа дараагийн хориг арга хэмжээнүүдийн дараа Оросын спортын нэр хүнд багахан ч гэсэн <<өндийх>> боломжтой болсон юм.

Гэвч энэ оны хоёрдугаар сарын 24-нд ОХУ болон Украйны маргаан эхэллээ. Үүнээс шалтгаалж Европ, дэлхийн тэмцээнүүдээс Оросын шигшээ багуудыг хасаж, мөн эхлээгүй тэмцээнүүдэд оролцохыг нь хориглов. Оросын клубүүд ч мөн адил нөхцөл байдлыг туулсан. Тухайлбал, Европын хөлбөмбөгийн холбооны тэмцээнүүд болон волейболын “Аваргуудын лиг”, сагсан бөмбөгийн “Евро лиг” зэрэг томоохон тэмцээнүүдээс Оросын бүх клубийг шууд хассан юм. Энэ олон хориг арга хэмжээний нөлөөнд Оросын спортын салбар түүхэндээ байгаагүй их хохиролтой он жилтэй учирсан нь тодорхой.

Энэ байдал цаашид ч үргэлжилж дөрөвдүгээр сарын 15-ны өдөр ОУВХ-ноос 2022 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг Польш, Словени улсуудад шилжүүлсэн гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Мөн ОХУ-ын эрэгтэй, эмэгтэй волейболын шигшээ багийн ДАШТ-д оролцох эрхийг нь хасав. Улмаар эрэгтэйчүүдийн багийн эрхийг нь Украйнд шилжүүлсэн юм. Хүмүүс энэ шилжүүлгийг өөрөөр харж байгаа ч ДАШТ-ий эрх аваагүй байсан багуудаас хамгийн өндөр чансаатай нь Украйн байсан тул зүй ёсны хэрэг юм.

2014 оны ДАШТ-ийг зохион байгуулж байсан Польш улсын хувьд ердөө 8 жилийн дараа ДАШТ-ийг дахин эх орондоо хүлээн авсан завшаантай явдал боллоо. Өөрөөр хэлбэл тэд сүүлийн гурван ДАШТ-ий хоёрыг нь зохион байгуулж байна. Хэдийгээр хоёр улсад болж байгаа ч тэмцээний хагас шигшээ болон, медалийн төлөөх тоглолтууд Польш улсад болох юм.

Оролцогч багууд, өөрчлөлт

2022 оны волейболын ДАШТ-д өмнөх дэлхийн аварга Польш, таван тивийн аварга шалгаруулах тэмцээнд эхний хоёр байрт шалгарсан багууд (нийт 10) болон эрх аваагүй багуудаас хамгийн өндөр чансаатай 12 баг нэмээд Украйн гэсэн нийт 24 баг оролцлоо. Багууд зургаан хэсэгт хуваагдаж Польшийн Катовиц, Гливиц, Словенийн Любляна хотуудад тоглолтуудаа хийсэн билээ.

Энэ жилийн тэмцээний нэг онцлог нь хэсгийн шатны тоглолтуудын дараа шилдэг 16 багийг шууд хасагдах дүрмээр тоглуулсанд оршино. Өмнө нь бол 24 баг зургаа зургаагаараа дөрвөн хэсэгт хуваагдаж, хэсэг тус бүрийн эхний дөрвөн баг цааш гарна. Дараа нь дахин дөрвөн хэсэгт дөрөв дөрвөөр нь хувааж тоглуулна. Улмаар гуравдугаар шатандаа өндөр оноотой зургаан багийг авч гурваар нь хоёр хэсэгт хуваана. Үүний дараа нэгээр гарсан багууд нь хоёрдугаар байрын багуудтай хагас шигшээд зөрж тоглоод улмаар медалийн төлөө тоглолтуудаа хийдэг байсан юм.

Өмнөх ДАШТ-д нийт 94 тоглолт гарч байсан бол энэ удаад 52 тоглолт гарна. Энэ нь багуудад хангалттай боломж өгөхгүй байгаа юм шиг харагдаж байгаа ч тоглолт бүр гал гарсан өрсөлдөөнтэй болж, тэмцээний чанарыг нэмэгдүүлж чадлаа. Одоогоор шилдэг дөрвөн баг шалгарч үлдээд байна.

Өрсөлдөөн

Зургаан хэсэгт өрсөлдсөн 24 багаас эхний хоёр байр эзэлсэн багууд шууд эрхээ авч (12), гуравдугаар байрт орсон багуудаас өндөр оноотой дөрвөн баг хасагдах шатанд өрсөлдлөө. Хэсгүүдийг Серби (A), Бразил (B), Польш (C), Франц (D), Итали (E), Нидерланд (F)-ын багууд тэргүүллээ. Шөвгийн 16-д ихэнхдээ хүчтэй багууд нь хожсон. Таамаг эвдсэн тоглолт цөөн гарлаа. Олон тоглолт хийдэг лигийн тэмцээн биш ДАШТ учраас багууд тоглолт бүр нягт, хариуцлагатай тоглох нь аргагүй юм. 

Аргентин хэдийгээр “F” хэсгийн гурваар гарсан ч хэсэг тэргүүлсэн Сербийн багийг 3:0 харьцаатай хожиж, наймд шалгарсан юм. Үүнийг сенсац гэж харж болох ч 2021 оны зун олимпоос хүрэл медаль авсан Аргентинчууд энэ тоглолтод хожиход төдийлөн алмайраад байх зүйл үгүй. Тэд бүх байрлалдаа жигд сайн тоглогчидтой, олон тэмцээнд энэ бүрэлдэхүүнээрээ тоглосон туршлагатай. Мөн шилдэг холбогч Де Чеккогоор удирдуулсан чадварлаг баг шүү дээ.

Харин жинхэнэ сенсац гэвэл Украйны шигшээ баг байлаа. <<Үхлийн хэсэг>> гэгдэж байсан “F” хэсгийг тэргүүлсэн Нидерландыг хожигдоно гэхэд 3:0-ээр хожигдоно гэж таамагласан хүн байхгүй л болов уу. Украйн алдаа бага, ойлголцол сайн байж, багийн тоглолтоороо илүүрхэн гарч ирсэн. Дэлхийн хэмжээний томоохон тэмцээнүүдэд жил бүр нэг баг шуугиан дэгдээн, таамаг эвдэн гарч ирдэг уламжлал бий. Тэр нь энэ удаад Украйнчууд боллоо. Нөгөө талд энэ тэмцээний бүх тоглогчийг онооны үзүүлэлтээр тэргүүлж байсан Нидерландын багийн ахлагч Нимир Абдел-азиз ийнхүү шөвгийн 16-н шатнаас тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Шөвгийн наймд юу болов?

Шөвгийн наймд эзэн орнууд хөгжөөн дэмжигчид, талбайн давуу талаа гарган сайн тоглож хагас шигшээд шалгарлаа. Дэлхийн аваргын цомыг хамгаалагч Польш хүчтэй өрсөлдөгч АНУ-ын багийг 3:2-оор хожсон бол нөгөө талд Словени Украйны багийг 3:1-ээр хожив. Харин өмнөх олимпын аварга Францууд энэ шатнаас хасагдсан нь онцлох тоглолт байлаа.

Нэг ч хожигдолгүй тэмцээнээ үргэлжлүүлж байсан тэд өнгөрсөн жилийн Европын аварга Италийн багт 5 ээлжид хожигдсон юм. Францыг яагаад ч дэлхийн аварга болохгүй гэсэн таамаг байсан. Яагаад гэвэл өнгөрсөн олимпын наадам болон “Үндэстнүүдийн лиг”-т түрүүлсэн баг тэр хэвээрээ орж ирсэн. Энэ нь тэдний гол сул тал болсон юм. Учир нь судалгаа өндөр хөгжсөн энэ үед бусад том багууд тэднийг гол өрсөлдөгчөө хэмээн харах учраас Францын давуу, сул талуудыг нарийн судлаад ирсэн нь тодорхой байв. Нэг ёсондоо багууд одоо тэдний эсрэг тоглоод сурчихлаа. Яаж тоглох аргаа олчихлоо. Мөн орчин цагт багийн спортын төрлүүдэд <<цус сэлбэх>> нь маш чухал болсон учраас бусад багуудад энэ нь ашигтай туссан.

Жишээ нь тэдний өрсөлдөгч Италийн баг өнгөрсөн 7 дугаар сард дууссан “Үндэстнүүдийн лиг”-ийн тэмцээнд хоёр залуу тоглогч гаргаж ирсэн. Тэдний нэг болох 25 настай Юүри Романо энэ дэлхийн аваргад маш их хэрэг боллоо. 22 настай Маттиа Боттоло нь ч удахгүй гараанд тоглох болов уу. Итали “өөх мах нь алаглана” гэдэг шиг залуу нас, эрч хүч, туршлагатай тоглогчдоор сүлэлдсэн хүчтэй баг. Иймээс энэ жилийн ДАШТ-д яах аргагүй хүчтэй өрсөлдөгч байх нь дамжиггүй. Хэн ч тэднийг түрүүлнэ гэж таамаглахгүй байсан ч одоогоор бүх зүйл боломжтой харагдаж байна. Дээрээс нь тун хариуцлагатай нягт тоглолттой гэдгийг нь онцлох хэрэгтэй. Эсрэгээрээ Франц хэт бардаж, эхний 4 ээлж назгай, задгай тоглож байсан нь хожигдох шалтгаануудынх нь нэг болсон. Италийн хөлбөмбөгийн багийн тоглолт ямар байдагтай адил волейболын тоглолт нь ч <<яс>> байдаг. Энэ чанар тэдний цусанд нь байгааг мартаж болохгүй. Мөн дэлхийд гурван удаа түрүүлсэн суурь хөгжил, сургалт школь тэдэнд бий.

Хагас шигшээд шалгарсан дөрөв дэх баг нь дэлхийн гурван удаагийн аварга Бразил. Тэд энэ удаад Аргентины багийг 3:1-ээр хожиж шигшээд үлдлээ. Бразилын шигшээ баг дараагийн шатанд Польшийн багтай тоглох бол Итали, Словенийн багууд учраа таарна. Хагас шигшээ тоглолтууд энэ сарын 10-нд, медалийн тоглолтууд 11-ний өдөр болсноор энэ жилийн ДАШТ <<хөшгөө хаах>> юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Цангаа тайлсан волейболын ДАШТ  
Үзсэн: 3491 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Би [127.0.0.xxx] 2022-11-09 20:17
Маш гоё өгүүлэг байна баярлалаа
Зочин [127.0.0.xxx] 2022-10-13 21:52
Оросын багаас зугатсан дэлхийн аварга дэлхийн аварга биш дээ

Бидэнтэй нэгдээрэй