Шууд Chart

Tech invest: Дэлхийн зах зээлд хөл тавьж буй Монгол компани энэ сард IPO гаргана

2022-09-15 11:17:54

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс иргэдэд хөрөнгийн зах зээлийн талаар цогц ойлголт өгөх зорилгоор "Ногоон сум" аяныг санаачлан улс орон даяар эхлүүлсэн. Монголын хувьцаат компаниудын хувьцаа анхны нэрлэсэн үнээс 2-3 дахин өссөн. Энэ өсөлтөөс зөвхөн мэдээлэлд ойр хүмүүс л ашиг хүртсэн. Тэгвэл МҮОНРТ-ийн “Ногоон сум” аяны гол зорилго нь хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголтыг олон нийтэд түгээх бөгөөд тус аянд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Төрийн банк, Хаан банк зэрэг Монгол Улсын топ брокер дилерийн төв, банк оролцсон билээ.

Эх орны өнцөг булан бүрт суугаа малчид, орон нутгийн иргэд, гэрийн эзэгтэй, тэтгэврийн ахмад хэн бүхний өмнө нээлттэй зах зээлээс ашиг хүртэх боломжийг энэхүү аянаар нээсэн юм. Учир нь 1990-ээд оны өмч хувьчлалаар хөрөнгийн зах зээл гэх ойлголт бий болж, 475 объектыг 1.1 сая иргэнд цэнхэр, ягаан тасалбар болгон олгосон. Тухайн үед дийлэнх иргэн хувьцааны талаар мэдлэг муу байсны улмаас бүрэн ашиглаж чадаагүй. Тэгвэл “Ногоон сум” арга хэмжээнд оролцсоноор иргэд өөрийн болон аав, ээжийнхээ цэнхэр, ягаан тасалбарыг аль байгууллагад хувьцаа хэлбэрээр хадгалагдаж байгааг шалгуулах, банкyудын хувьцааг худалдан авах боломж бүрдсэн. Учир нь хөрөнгийн зах зээл буюу хувьцаа авах үйл ажиллагаанд заавал их хэмжээний хөрөнгө мөнгөтэй, санхүүгийн арвин мэдлэгтэй хүн оролцох бус цалингаасаа гадна нэмэлт орлоготой болохыг хүссэн хүн бүр оролцож, сонгосон компанийнхаа хөрөнгө оруулагч болсноор ногдол ашиг хүртэх юм.

“Ногоон сум” аян “Оролц, бүтээлц, хөрөнгөж” уриатай “Tech invest 2022” арга хэмжээг зургаадугаар сард Улаанбаатар хотод “Zaisan hill complex”-ийн Event hall-д зохион байгуулсан. “Tech invest 2022” технологийн салбарт өөрийн биеэр oролцон, хүчирхэг компаниудыг бүтээлцэх зорилготой, хөрөнгөжих эрмэлзэлтэй хүн бүрт зориулагдсан арга хэмжээнд “Сэндли”-ийн ТУЗ-ийн дарга Б.Наранбат, “АНД глобал” группийн гүйцэтгэх захирал Б.Хос-Эрдэнэ, “Бюти секретс”-ийн гүйцэтгэх захирал, Д.Энххорвоо”, “Тапатрип”-ийн гүйцэтгэх захирал З.Батгэрэл, “Ондо”-ийн гүйцэтгэх захирал Ч.Анар, “Ондо”-ийн Маркетингийн газрын захирал Б.Мандуул, “Райнос инвестмент”-ийн дэд захирал Н.Цэвэгмид оролцож өөрсдийн компанийн технологийн танилцуулснаас гадна хөрөнгө оруулалт компаниудад хэчнээн чухал хийгээд хөрөнгө оруулалтаасаа ямар үр ашиг хүртэх боломжтой талаар илтгэл хэлэлцүүлсэн.

ТЭРБУМ ДОЛЛАРЫН САНХҮҮЧ

“Sendly” компанийн ТУЗ-ийн дарга Б.Наранбатын хувьд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг санхүүч мэргэжлээр төгсөж, 2008 онд Сангийн яаманд дөрвөн жил ажилласан. Тэрбээр Сангийн яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газарт ажиллахдаа Монголын макро эдийн засаг, бизнесийн орчинд төвлөрч ажилласны зэрэгцээ 2010-2011 онд Япон улсад хөгжлийн эдийн засгийн чиглэлээр суралцжээ. Дараа нь өдгөө 500 гаруй салбартай Төрийн банк 30 орчим салбартай байхад нь хэлтсийн захирлаар очиж ажиллан, газрын захирал, Санхүү хариуцсан дэд захирал, Гүйцэтгэх захирлын орлогч захирал хүртэлх албан тушаалд дэвшиж ажиллажээ. Ийн дөрвөн жилийн хугацаанд төлбөр тооцоо, корреспондент банк, SWIFT гүйлгээ зэрэг гадаад харилцааны асуудлыг хариуцаж, гадаадын банк, санхүүгийн түнш байгууллагуудтай хамтран ажиллаж туршлага хуримтлуулсан байна.

Тэрбээр 2016 онд хувьцаагаар шилжүүлсэн мөнгөө Австралид суугаа найзаасаа эргүүлэн авахаар болж хэрэв банкаар шилжүүлбэл 2-3 хоног алдахаар байсан тул найз нь хугацаа хожихын тулд хувь хүний дансаар дамжуулан 10 мянган ам.доллар шилжүүлсэн нь 30 минутын дотор түүний дансанд орсон ч зөвхөн шимтгэлд 300 ам.доллар алдсанаа олж мэдэв. Ийн Төрийн банкны Санхүү хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан Б.Наранбат Монголд банкны салбар боломжийн түвшинд хөгжсөн, өөрийгөө ч бололцооны банкир хэмээн боддог байсан ч түүний анзаараагүй орон зай, шийдэл үгүйлэгдсэн талбар үлдсэнийг тэгэхэд л анх анзаарав.

Ийн 2016 онд өөрийн хүсэлтээр ажлаа өгч, тухайн жилийн есдүгээр сард IMTC ASIA (International money transfer conference буюу Олон улсын мөнгөн гуйвуулгын нэгдсэн чуулган)-д оролцохоор Энэтхэгийн Нью Дели хотыг зорьжээ. Тэрбээр олон улсын мөнгөн гуйвуулгын зах зээлийг судалж, бизнесийн орон зай байгааг анзаарснаар уг чуулганыг зорьсон бөгөөд тус чуулганд оролцсон анхны монгол хүн болсон байна. Ийн Зүүн Өмнөд Азийн орнуудаар сар орчим аялах хугацаандаа бизнес төлөвлөгөөгөө тархиндаа зурж боловсруулжээ. Дараа нь анх Сангийн яаманд ажлын гараагаа хамт эхлүүлж байсан М.Цолмон найзтайгаа хамтран “Sendly”-г байгуулсан байна.

Өдгөө 21 мянган идэвхтэй хэрэглэгчтэй олон улсын мөнгөн гуйвуулгын “Sendly” аппликэйшн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 37 мянган удаагийн гүйлгээ хийж, нийт 11.2 сая ам.доллар буюу 35.7 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц валют Монгол Улсын эдийн засагт оруулжээ. Энэ тоо цаашид нэмэгдэнэ. Учир нь дэлхийн бага дүнтэй мөнгөн гуйвуулгын зах зээл улам бүр тэлж томорч, сая сая хүний амьдралын өдөр тутмын хэрэгцээ шаардлагыг хангаж байна. Санхүү болон мэдээлэл технологийн салбарт олон жил ажилласан туршлагатай монгол залуучууд олон улсад эн зэрэгцэн өрсөлдөхүйц түвшний мөнгөн гуйвуулгын бие даасан “Sendly” системийг хөгжүүлж, санхүүгийн шинэлэг үйлчилгээг амжилттай нэвтрүүлсэн нь өдгөө Америк (2020), Австрали (2021), Япон (2021), Англи болон Европын холбооны 27 улс (2022) -ын зах зээлд нэвтэрч, хилийн чанад дахь монголчуудад эх орон руугаа 10 минутын дотор хамгийн бага шимтгэлтэйгээр мөнгөн гуйвуулга хийх боломж олгоод байна. “Sendly”-ийн баг хамт олон цаашдаа Өмнөд Солонгос болон Хятад улсын зах зээлд нэвтэрч, үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн дунд хугацааны төлөвлөгөөндөө Арабын нэгдсэн Эмират улсын зах зээлийг онилжээ. Ингэснээр булангийн орнуудад зах зээлээ тэлэхээр чиглэж байна.

“Sendly” компани энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 2.2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Энэ эрчээ хадгалж чадвал жилийн эцэс гэхэд ашгийн хэмжээ таван тэрбум төгрөгт хүрнэ гэж тооцоолжээ. Дэлхий даяар тархан суурьшсан монголчуудад мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлж буй “Sendly” 2024-2030 онд олон улсын иргэдэд үйлчилгээ үзүүлж эхэлснээр зах зээлээ хэд дахин тэлэх төлөвлөгөө боловсруулж байгаа аж. Тухайлбал, 180 мянган монгол хүнийг хамарсан дотоодын мөнгөн гуйвуулгын 500 сая ам.долларын зах зээлээс 280 сая идэвхтэй хэрэглэгч бүхий “Sendly” зах зээлээ үүнээс ч илүү тэлэх хангалттай орон зай, нөөц боломж бий.

“Sendly” Өмнөд Солонгосын томоохон хөрөнгө оруулалтын сан болох ‘Rhinos – KAI Frontier Fund 1’ -аас хөрөнгө оруулалт авч, стратегийн түнш болсон, АНУ болон Европын хөрөнгө оруулалтын сангуудаас томоохон дүн бүхий хөрөнгө оруулалт татах хэлцэл өрнөж байгаагаас гадна 2021 онд Хятадын WeChat Pay үйлчилгээний Монгол дахь албан ёсны түнш байгууллага болж, энэ ондоо багтаан дотоодын зах зээлд нэвтрүүлж, мөнгөн гуйвуулга хийж эхлэхээр төлөвлөжээ.

Зөвхөн өнгөрсөн онд гэхэд “Sendly” аппаар дамжуулан 19 мянган ширхэг гүйлгээ хийгдсэн нь дотоодын арилжааны бүх банкнуудын хүлээн авсан нийт 173 мянган ширхэг SWIFT гүйлгээний тоотой харьцуулахад 10.9 хувьтай тэнцэхүйц үзүүлэлт бөгөөд энэ хэмжээний гүйлгээг дангаараа гүйцэтгэжээ. Эдгээр гүйлгээний дундаж дүн 270 ам.доллар, харин шимтгэл нь дунджаар дөрвөн ам.доллар байгаа нь банкнууд болон олон улсын бусад мөнгөн гуйвуулгын байгууллагынхаас хавьгүй бага хэмжээ юм. Нөгөө талаар, хэрэглэгчид “Sendly” апп ашиглан зөвхөн мөнгөн гуйвуулга хийх бус өөр олон төрлийн үйлчилгээ авах боломжтой. Тухайлбал, хилийн чанадад суугаа монголчууд эх орондоо өөрийн нэр дээр орон сууц худалдан авах, онлайн дэлгүүрээр үйлчлүүлэх, сайн дурын нийгмийн даатгал төлөх зэрэг санхүүгийн үйлчилгээ авах боломжтой юм.

Санхүүгийн үйлчилгээг технологиор дамжуулан хялбаршуулан хүргэж буй “Sendly” компани IPO гаргах зөвшөөрөл наймдугаар сарын 14-нд Санхүүгийн зохицуулах хорооноос авсан. Тус компани энэ сарын 26-30-ны хооронд Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж эхлэх гэж байна. “Sendly” өмнө нь IPO хийсэн санхүүгийн байгууллагуудтай харьцуулахад компанийнхаа хамгийн өндөр хувийг буюу нийт хувьцааныхаа 29.9 хувийг санал болгож байгаа бөгөөд 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр зорьж байна. Ингэхдээ 7.5 тэрбум төгрөгийг стратегийн хөрөнгө оруулагчдаас, харин 2.5 тэрбум төгрөгийг олон нийтэд санал болгож буй. Төлөвлөсөн хөрөнгө оруулалтаа татсанаар тэд эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж, компанийнхаа үндсэн үйл ажиллагааг санхүүжүүлнэ. Мөн цаашлаад жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн багцаа нэмэгдүүлэх, дотоодын банк бус санхүүгийн зах зээлд эзлэх байр сууриа тэлэх зорилго тавьжээ.

“Sendly” банк бус санхүүгийн байгууллага нийт хувьцааныхаа 29.97 хувь буюу 67 сая ширхэг хувьцааг нэг бүр нь 150 төгрөгөөр олон нийтэд санал болгоно. Тэд 10.05 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байна.

Энэ талаараа “Sendly” компанийн ТУЗ-ийн дарга Б.Наранбат “Өнөөдөр финтек компаниуд олноор байгуулагдаж байгаа ч арван жилийн дараа гэхэд тэргүүлэгч цөөн тооны компани л зах зээлд шалгарч үлдэнэ. Харин тэдгээр тэргүүлэгч компанийн тоонд “Sendly” багтана гэдэгт бүрэн итгэлтэй байна. Учир нь бидний зорилго зөвхөн дотоодын зах зээлээр хязгаарлагдалгүй дэлхийн зах зээлд технологийн хүчээр нэвтэрч, тив далай алгасан, олон улсын хэрэглэгчдэд хүрч, тэрбум долларын зах зээлд нэвтрэх юм. Улмаар монгол залуучууд дэлхийд гарсан бизнес хийж болдгийг харуулаад зогсохгүй дэлхийн зах зээлийн томоохон тоглогч, үлгэр жишээ монгол компани бүтээх алсын зорилгоо нэг шат ахиулах, Монголын хөрөнгийн зах зээлд IPO хийж жирийн ажилтан, албан хаагч, хувь хүн бүрийн өмнө “Sendly”-д хөрөнгө оруулж, хамтран эзэмшигч болох боломжийг нээж, амжилтаа улам бүр ахиулахыг зорьж байна” гэж хэллээ.

Нийтэлсэн: "Ногоон сум" аян

Tech invest: Дэлхийн зах зээлд хөл тавьж буй Монгол компани энэ сард IPO гаргана  
Үзсэн: 1519 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2022-10-13 13:17
wow l daa

Бидэнтэй нэгдээрэй