Шууд Chart

Д.Төрмөнх: Бусдаас илүү аз жаргалтай амьдарна гэж бодох маш том тэнэглэл...

2022-09-19 15:29:46

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, нийтлэлч Д.Төрмөнхтэй ярилцлаа.

РАДИО, ТЕЛЕВИЗ АНХ ҮҮССЭН ЦАГААСАА Л МАНАЙ ТЭРГҮҮНИЙ СЭХЭЭТНҮҮДИЙГ БЭЛДДЭГ ГАЗАР БАЙСААР ИРСЭН

-Юун түрүүнд танд Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ойн баярын мэнд хүргэе. Та энэ телевизийн “бүтээгдэхүүн”.

-Тэгэлгүй яахав, би яг хорин жилээ тэмдэглэж байхад анх телевизэд 1987 онд туслах найруулагчаар орж байлаа. Тэр үе телевизийн алтан үе ч байж магадгүй. Хаашаа л харна алдартнууд, хүчтэй сэхээтний бөөгнөрөл байлаа шүү дээ.

Телевизэд л гэхэд Ш.Гүрбазар, С.Бадрах, Б.Бадрууган, Парик Жагаа, Г.Золжаргал, З.Алтай, ... гээд л, радио ч мөн адилхан Б.Лхагвасүрэн, С.Цогтсайхан, Ц.Чимэддорж, ... гээд л тухай үеийн сор болсон сэхээтнүүд бүгд хамт нэгэн дээвэр дор байлаа даа. С.Цогтсайхантай тэр цагаас л нас бартал нь анд нөхөд явлаа. Миний бодлоор хамгийн сайн нийтлэлч байсан юм шүү дээ. Зарим нь гитар барьсан дуучин маягтай бодоод байдаг. Ш.Гүрбазартай ч өнөө хүртэл найзалсаар л. Саяхан Төрийн шагнал хүртэж би нэвтрүүлгийг нь хөтөллөө. Ер нь . Гэхдээ бидний үе том “газар хөдлөлт”-ийн өмнө буюу хэзээ ч эргээд нийлэхгүйгээр тарж явахын өмнөх үе болохоор дүрэлзэж ассан үе байсан юм. Аль ч өрөөгөөр орсон бүтээлийн тухай яриа өрнөөд л тэр чигээрээ уран бүтээлийн том урлан байсан юм. Бид бие биедээ маш их нөлөөлдөг байсан. Яг телевизийн тухай бол тусад нь их юм ярих хүн би мөн юм. Цаг хугацаа гэдэг хүмүүсээ төрүүлдэг юм байна. Бүгд шахуу л ассистент найруулагчаар орж ажиллаж байгаад дээш цойлсон улсууд шүү дээ. 

-Эхлээд таван телевизтэй байгуулагдаж, дахин задарч олшроод одоо бүр ч олон болсон.

-“Олдвол өлдөх” гэдэг л болоод байна. Тэр аваргууд бүгд тараад нэг нэг телевизэд орцгоосон, зарим нь ч өөр ажил хийцгээх болж зарим нь ч нас барж дээ.

-Та ч бас тэр цагаас л кино урлаг руу орсон уу. Таны “Нохой орон” кино саяхан буюу бүр 23 жилийн дараа Амстердамын кино наадамд уригдлаа.

-Амстердамын кино наадам бол баримтат киноны “А” зэрэглэлийн их том наадам. Яагаад ч юм тэр үед оролцоогүй ч саяхан Петер Бросенс бид хоёрыг тэд зардал гарган урьж киног маань наадамд үзүүлсэн. Николас Рапольд гэж АНУ-ын нэртэй кино шүүмжлэгч бид хоёрыг хөтөлж нэлээд урт яриа авсан Европын телевизүүдээр гарсан байх. Тэр кино судлаач маш их магтаж бүр “25 жилээр нь бусад кино наадмууд уриарай” гэж уриалж байсан. Дараа нь нэг том ярилцлагадаа ч мөн л тэгж хэлж байна билээ.

-Таны “Бодлын хулгайч”, “Лардьма” зэрэг кино зохиол кино болж шуугиан тарьсан. Та одоо кино ямар зохиол дээр ажиллаж байгаа вэ?

-Саяхан хоёр ч кино зохиол бичив. Нэг залуу намайг сурж олоод Буддизмийн сэдэвтэй уран сайхны кино бичүүлсэн. Би охин Т.Номунзултайгаа хамтарч бичсэн. Бас өөр нэг залуу бизнесмэн Дарьганга нутгийнхаа тухай кино зохиол бичүүлсэн. Бэлэн хэд хэдэн кино зохиол тэр дундаа 16 ангитай кино зохиол байгаа ч төсөв өндөртэй гэх мэтээс болоод хийх эзнээ олохгүй шүүгээнд хэвтсээр л байна. Ер нь манайд кино их хэцүү дээ. Бүгд л хямдхан хийж, мөнгө олох тухай л бодно. Гэтэл кино гэдэг яаж ийж байгаад л 100 шахуу хүн орчихдог нэг хүнд нэг сая төгрөг гэхэд л 100 сая. Тэгээд ч өнөөдөр нэг саяар кинонд тоглох хүн олдохгүй шүү дээ. Дор хаяж л таван сая гэнэ. Хямдхан хийсэн кино хямдхан л болноо доо.  Ийм болохоор л би ном руу орсон хүн.

МАНАЙХАН ӨМНӨД СОЛОНГОС ЯВААД БАЙГАА НЬ НҮҮДЭЛЧИН ЗАНДАА БИШ БАЙРТАЙ, УНААТАЙ БОЛООД ИРЭХ Л ШҮҮ ДЭЭ

-Бүр 1800 оноос Британид үүссэн домогт “Пингвин рендом хаус” таны номнуудыг хэвлэх гэрээ хийсэн юм билээ.

-Эхний ном “President Battulga Up close and Personal” хэвлэгдээд гарсан, хилийн чанадад зарагдаж байгаа. Гэхдээ яг ковидтой давхцаад, дараагийн ном болох “Санкара”-г хэвлэх гэрээ хийсэн ч хойшлоод л байна. “Санкара” хэвлэгдсэний дараа өгөх санаатай  “А” гэж нэртэй роман бичиж дуусгаад англи хэл рүү орчуулсан. Одоо сайн хянах хүн  хайж сууна. Англиар бол “State of dogs” нэртэй хэвлэгдэх юм.  “Анод” банкны эзэн байсан Даваагийн тухай “Монголо гэх эрхэм” гэж нэг ном гаргав. Барон Унгерний тухай нэг роман эхлүүлсэн явуулж л сууна гэх мэт. “Санкара” цаасаар гурав дахь удаагаа хэвлэгдээд дууссан учир шинээр бичсэн  “А” романтайгаа хамт дахиж хэвлүүлэх л санаатай.

-Би “Санкара”-г уншсан. Энэ ном залуусын дунд тренд болсон. “Амьдрах итгэл өгдөг ном” гэж залуус ярьдаг. АНУ-ын Нью Йоркод амьдарч байсан хэсэг их сонирхолтой санагддаг. Таны амьдрал яг л Г.Аюурзана зохиолчийн өмнөтгөл үгэнд бичсэнчлэн маш өвөрмөц юм билээ. АНУ-ын тухай таны бодол их өөр санагдсан “Чөтгөрийн хот” гэж Нью Йоркийг нэрлэсэн байдаг. Бас Лигдэн хааны тухай “Нэр нэгтний хоёр үхэл” роман их сонин санагдсан. Цаг хугацааны аялал ч юм шиг.

-Өө баярлалаа. Ч.Содбилэг гэж түүхч залуутай хамтарч бичсэн юм. “Нэр нэгтний хоёр үхэл” их өөр цаг хугацааг нэгтгэж бичих гэсэн оролдлого л доо. “Чөтгөрийн хот”-ын тухайд бол миний ч өгсөн нэр биш л дээ. Оросын нэг улс төрч л Нью Йоркыг шөнө хараад “Импайр ов девил” гэж хэлсэн юм гэнэ лээ. Ер нь америк үндэстэн гэж байхгүй, бүгд цагаачид шүү дээ. Тийм болохоор тэнд цагаачдын соёл иргэншил одоо ч хэвээр мэт санагддаг. Бүгд шахуу түрээсийн гэрт амьдарна. Анх очоод л сонин харахад туж л нүүх, байр түрээслэх зар пиг дүүрэн. Гэхдээ Нью Йорк бол америк биш өөр ертөнц л дөө. Цагаач гэснээс тэр үед л гэр оронгүй тэнэж явсан найз нар маань одоо ч хэвээр. Чи “Санкара”-г уншсан бол Макс гэж нэг нөхөр гараад байгаа даа. Тэр саяхан гэнэт нүүр номын чатаар орж ирсэн. Мөн л тэнэсэн хэвээр одоо бүр Камбожид байгаа гэх. Бид нүүдэлчин угсаатай их хурдан юмнаас уйддаг гэх боловч бид бол малаа дагаж гэр орноороо нүүдэг байсан улс. Манайхан Өмнөд Солонгос яваад байгаа нь нүүдэлчин зандаа биш байртай, унаатай болоод эргэж ирэх л тухайд шүү дээ. Тэд бол ганцаараа л цагаач зангаараа тэнээд байдаг нь америкийн нийгмийн тэмдэгт чанар мэт...

-Таны “Нохой орон” киноноос сэдэвлэсэн америк зохиолчийн нэгэн ном дэлхий дахинд бэстселлер болж дараа нь “Борооноор уралдах урлаг” гэж кино хүртэл гарчээ. Юнивишнд байсан.

-Дээр өгүүлсэн Макс Фрийландер дагуулж ирсэн юм. Гард Штэйн гэж жүүд нөхөр. Тэгээд би дөчөөд минут ярилцаад киногоо бэлэглээд салсан. Харин зургаан жилийн дараа тэр номоо бичиж, арван сая илүү хувь дэлхий дахинд зарагдсан байдаг. Эхэндээ яриа өгөхдөө намайг их дурдаж ярьдаг байсан одоо больсон байна билээ.

АМЕРИКТ БАРАГ АЙЛ БҮР НОХОЙТОЙ УЧИР ТЭР НЬ ЭРГЭЭД ХҮН БОЛЖ ТӨРНӨ ГЭДЭГ УНШИГЧ ОЛОНД САЙХАН САНАГДСАН БАЙХ

-Зохиогчийн эрх гэж яригдахгүй юу. Арван сая хувь зарагдсан гэхээр нэг номноос гурван доллар авсан гэж тооцоолбол 30 сая доллартай болжээ дээ, тэр зохиолч.

-Би анх тэр ном гарахад нь Бельги хамтрагч Петер Бросенсод хэлсэн л дээ. Яахав чи бид хоёрын кино зурагтаар гараад зохиолын гол баатрын нохой нь үзээд “Би үхээд хүн болж буцаж төрөх юм байна” гэж бодоод эхэлдэг гэхээр хулгай гэхэд их хэцүү л дээ... гэж хариулж байсан.

Ер нь ном дэлхийн бэстселлер болох их адармаатай зүйл. Аз, ёндоо ч нөлөөлдөг л байх, тэгээд дэлхий дахин, ялангуяа АНУ бараг айл бүр нохойтой учир тэр нь эргээд хүн болж төрнө гэдэг уншигч олонд сайхан санагдсан байх л даа. “Номыг зохиогч нь бус, уншигч нь хийдэг” гэсэн үг бий. Манай кино бол “Эргээд хүн болж төрөхийг хүсээгүй Монголын золбин нохойн түүх оршвой” гэсэн лог лайнтай арт хэлбэрийн баримтат уран сайхны  кино учир нэг л их олон шагнал хүртсэнээс бус олонд түгж арилжааны амжилт олоогүй билээ. Гэтэл тэр нөхрийн ном ёстой гарч өгсөн дөө. Уг нь энгийн л нэг хялбархан ном. Зах зээлээ мэдэрсэн жүүд л дээ.

-Би тантай нүүр номын найз. Та нүүр номоор нэлээд идэвхитэй харагддагсан сүүлийн үед бичих нь цөөрсөн гэж анзаарагдсан?

-“Пянз цуглуулагчдын клуб”-тээ бол идэвхитэй хэвээр л байгаа. Хэрүүлгүй сайхан газар л даа. Гэхдээ энэ нүүр ном өдрөөс өдөрт улам муухай болж байна. Туж хэрүүл уруул бичих болж. Зориуд тийм юм хөлсөөр бичдэг троллууд ч их болж. Ер нь тэгээд фэйсбүүк гэдэг  өдрийн тэмдэглэлийг ихэнх хүн болохгүй, бүтэхгүй үедээ л хөтөлж санаагаа амраадаг юм уу даа. Анхандаа ч бас хүмүүс нэрээ их боддог байж, одоо ч бүр өнгөрчээ. Тэр хэрүүл нь халдвартай гэж...

Эртнээс нааш “Хүний тэнэг дээр тоглох уу, эсвэл хүний ухаанд найдаж бооцоо тавих уу” гэсэн эсрэг тэсрэг асуулт оршсоор ирсэн. Орчин үеийн нийтийн соёлын нэг хэсэг фэйсбүүк бол хүний тэнэгээр дагнан наадах үзэгдэл шахуу юм даа. Гэхдээ фэйсбүүк хүний тэгш амгаланг үргэлж шалгаж байдаг бас нэг сайн талтай л даа.

-Пянз гэснээс та чинь эртний пянз цуглуулагч биз?

-Бараг л ухаан орсон цагаас даа. “Санкара” эхлэхдээ л зах дээр ДУДС-ийн оюутан Мөнхөө гэх залуу хэдэн пянз сугавчлаад зогсож байгаагаар эхэлж байгаа биз. Наяад оноос сиди гарч ирээд пянз алга болсон ч одоо эргээд дэлхий даяараа пянзаа сонсох болов. Нэгд тоон  системээс аналог хамаагүй амьд, дулаан дуугардаг гэдгийг эргээд ойлгож. Хоёрт бас пянзыг тоглуулах төхөөрөмж өсгөгч эргээд лампны өсгөгч рүүгээ буцав. Ламп бол хамаагүй дулаан, хамаагүй амьд дуугардагийг эргээд ухаарч. HI-FI гэж бидний мэддэг төхөөрөмжүүд HIGH -END болсон бөгөөд тэд ихэнх нь лампных байдаг. Асар үнэтэй эд болохоор манайд тэгтлээ дэлгэрээгүй байсан, одоо дэлгэрч эхэлж байна. Хятад хямд төхөөрөмжүүдийг баруунтай хамтарч гаргаад байгаагаас өнөөх үнэтэй төхөөрөмжийн үнэ буурсан. Гэхдээ манайд жишээ нь дуучин Д.Болд л гэхэд McIntosh хэмээх АНУ-ын маш үнэтэй төхөөрөмжтэй, Burmeister гэх германы хай энд манайд зарж байна гэх мэтээр лагуудыг ч манайд сонсож байна одоо бол. Гэхдээ Spotify гэх мэт стриймэнг сонсож байгаа. СИДИ үгүй болж пянз, стрийминг хоёр л үлдэж дээ.

-Таны төхөөрөмж ч мөн гоё харагддаг. Та ингэхэд хэдэн пянзтай вэ?

-Мянга орчим пянз байгаа байх, яг тоолж үзээгүй. Хөгжмийн хувьд германы Thorens гэх пянз тоглуулагч, Yamaha фоно урьдчилсан өсгөгч, Mark Levingston ерөнхий урьдчилсан өсгөгч, Opera Consonance хэмээх лампны моноблок чадлын өсгөгч, CAV гэх чанга яригчтай хай энд цуглуулга л даа. Бүр үнэтэй нь биш ч бас хямд биш ээ.

-Та огт зүгээр суудаггүй хүн гэж санагддаг. Өдрийн тогтсон хуваарь гэж байх уу?

-Өглөө эрт босож бичдэг заншилтай. Тав, зургаад босоод нам гүмд суухад бичих ажил их сайн явдаг. Тэгээд 11:00 гээд болиход л 5-6 цаг ажиллачихсан байдаг юм. Манайхан ихэнхдээ шөнө сууцгаадаг. Миний хувьд өглөө эрт босоод бичих өгөөжтэй байдаг юм. Дээр өгүүлсэнээс гадна ч хэдэн ном эхэлчихсэн явж л байгаа. Нэг нь гацчихаар нөгөө рүү нь ордог. Тэгээд бусад цагт хөгжмөө сонсоно, кино үзнэ, ном уншина. Мэдээж хэнз охиныхоо “цүнх баригч” хийнэ.

-“Цүнх баригч” гэснээс та улс төрийн нийтлэл маш цөөхөн бичдэг болжээ?

-Маний бичсэнийг уншаад санаа авах нь тун ховор болохоор дэмий л бичээд байх шиг санагдах болов. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж гурван ч нийтлэл бичсэн хэн ч тоогоогүй. Одоо тэгтэл яг тэр бичсэн ёсоор л эргээд л парламентаасаа засгаа байгуулаад эхэллээ шүү дээ. Маш товчхоноор бол Ерөнхийлөгчийн засаглал гэдэг Ерөнхийлөгч засгаа байгуулдаг, Парламентын засаглал гэдэг парламент л засгаа байгуулдаг байхад ялсан намын дарга засгаа байгуулна гэсэн өөрчлөлт хийсэн нь одоо Үндсэн хуулийн хямрал руу явж байна даа. Ер нь тэгээд улс төрчдийн чихэнд ус ч хийсэн сэгсрэх, алт ч хийсэн сэгсрэх учир нийтлэл бичихээ багасгасан. Гэвч хаяа дуугарч л байгаа. Нийтлэл гэдэг зүгээр л үүрэг юм даа. Шилдэг нийтлэлчдийн клуб /baabar.mn/ бол ямар ч өртөг мөнгөгүй шууд л нийтэлдэг газар шүү дээ. Манайд сайн нийтлэлчид байх ч тэдний үгийг авах хүн нь тун цөөн. Фридрих Ницше “Урдын бүх номыг хэрэггүй, эс болговоос ном бичээд үлийгээ хийнэ” гэж хэлсэн байдаг.

БЯСАЛГАЛААС ОЛСНООСОО АЛДСАН НЬ ОЛОН. УУР ХИЛЭНГЭЭ АЛДСАН, БИ ГЭХ БАРДАМ ЗАНГАА ГЭЭСЭН

-Та мөнгөний талаарх өөрийн бодлоо хэлээч?

-“Хүнд их юм хэрэггүй шүү дээ ...” гэж баячууд л яриад байх шиг харагддаг. Цөөн хэсэг нь хэт баян, дийлэнх нь ядуу эсвэл ядуувтар давхаргад амьдарч байхад мөнгө хэрэггүй гэж ярьдаг улс нэг бол худалч нэрэлхүү, нэг бол баян л хүмүүс байх. Бүгдэд мөнгө хэрэгтэй. Гэвч цэвэр хөдөлмөрөөр манайд баяжих магадлал байхгүй. Ядуу улсад улс төрөөс өөр мөнгө хийх газар үгүй гэдэг үнэн аж. Тэгээд ч капиталын эхний хуримтлалыг хулгай, арга залиар л бүрдүүлдэг юм шиг. Би залуу найз олонтой бүгд шахуу л гадагшаа явж амьдарахыг мөрөөдддөг. Явсаар ч байна.

-Зарим хүн таныг Ардчилсан намын гишүүн гэж боддог юм билээ. Тийм биш байсан ч нийтлэлчийн тань хувьд асуухад АН-д өрнөөд буй “асуудал”-ыг та хэрхэн харж байгаа вэ?

-Би уг нь нам бус л даа. Гэхдээ л манай нийгэм хуучин талынх, шинэ талынх л гэж хоёр хуваагдсан шүү дээ. Ардчилсан нам эхнээсээ л нэгдсэн нэг гарт зангидаггаагүйгээрээ МАН-аас өөр байсаар ирсэн. Тэгээд ч олон намын нэгдэл болохоор мөн л бид гэхээсээ би, би гэх өвчтэй. Одоо болоод байгаа нь бол нийт гишүүд биш хэдхэн хүний л зориудын үйл ажиллагаа. Гэхдээ удахгүй цэгцрэх биз дээ. Парламентын засаглалаа л хүчтэй болгоно гэж МАН үргэлж ярих ч парламентын засаглалыг үнэхээр хүсээд буй бол заавал хүчтэй сөрөг хүчинтэй байх хэрэгтэй биз дээ. Тэгээд ч би дээр хэллээ хамтарсан засаг л цаашдаа явах магадлалтай харагддаг.

-Танаас бясалгал буддимзмийн тухай асуухгүй өнгөрч чадсангүй. Та бясалгал хийгээд нэлээн уджээ.

-Эйнштэйн “Ирээдүйн шашин нь сансрын шашин байх юм... Хэрэв шинжлэх ухааны хэрэгцээ шаардлагыг хангахуйц ямар нэг шашин байх ахул тэр нь Буддизм” гэж хэлсэн байдаг шүү дээ. Бясалгалын талаар би нэлээд бичсэн, ярьсан болохоор дахин дахин яриад баймааргүй санагдах. Суух цаг нь болсон хүн нь суудаг зүйл юм даа. Хэчнээн ухуулаад ч нэмэр болохгүй өөрөө хүсвэл сууна, үгүй бол насаараа суухгүй шүү дээ. Миний хувьд бол бясалгалаас олсоноосоо алдсан нь олон. Уур хилэнгээ алдсан, би гэх бардам зангаа гээсэн гээд муу зуршлаа бага багаар алдсаар л байгаа. Тэгш амгаланд суралцаж байна гэхүү дээ. Төвлөрөл их сайн болдог юм. Бичгийн хүнд төвлөрөл их чухал юм даа.

-Та маргаашдаа хэр итгэлтэй байдаг вэ?

-Ер нь маргаашдаа итгэлтэй хүн манайд байдаг юм уу... Ядуу дийлэнх нь мөнгөтэй болох гагц хүсэлтэй ч хяслан нь маш их. Мөнгөтэй нь хулгай нь баригдах, олсон мөнгө нь үгүй болж доош орохоос айж түгшүүр дунд амьдрах. Үлгэр дуурайл болох хүн тун ховор болж дээ...

Гэхдээ гутрангуй үгээр яриагаа өндөрлөөд яахав дээ. Бас ч гэж одоо цагт бүтээж хийгээд түүнээсээ урам аваад гагц өөрийгөө бус бусдыг бодож дэмжиж яваа залуус олон болж байнаа. Улам олон болоосой. Би бол аз жаргалтай л амьдарч яваа хүн. Ер нь бусдаас илүү аз жаргалтай амьдрах гэж бодох маш том тэнэглэл. Тийм юм гэж байхгүй. Яагаад гэвэл бусдын дотор юу болж буйг мэдэхгүй учир бусад дандаа л танд илүү аз жаргалтай мэт харагддаг. Аз жаргалын хэмжүүр ав адилхан шүү дээ. Чи “Санкара”-г уншсан гэлээ. Би маш их зовж үзсэн болохоор өнөөдөр аз жаргалтай амьдарч буйгаа илүү мэдэрдэг байж ч мэдэх юм...

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Д.Төрмөнх: Бусдаас илүү аз жаргалтай амьдарна гэж бодох маш том тэнэглэл...  
Үзсэн: 5769 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2022-10-13 11:17
wow

Бидэнтэй нэгдээрэй