Шууд Chart

Монгол Улс, Франц Улсын боловсролын байгууллагууд хамтран ажиллах гэрээ байгуулав

2022-09-23 16:02:28

Монгол Улсыг гадаадад сурталчлах хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ дахь Монгол, Францын парламентын найрамдлын бүлэг, Гадаад Харилцааны яам, Соёлын яам болон Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр, Монгол Улсын Их Сургуулийн хамтран зохион байгуулж байгаа “Монголын соёлын өдрүүд” цогц арга хэмжээ Бүгд Найрамдах Франц Улсад гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Тус арга хэмжээний хүрээнд өнөөдөр Монгол Улсын Их Сургуулийн дэргэдэх “Байгаль-Эх” лицей сургууль Францын “Мишле” лицей сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулав. Хамтын ажиллагааны гэрээнд МУИС-ийн захирал Б.Очирхуяг, “Мишле” лицей сургуулийн захирал Эрик Бизе нар гарын үсэг зурлаа. Гэрээ байгуулагдсанаар 10 жилийн хугацаанд жил бүр хоёр монгол сурагч “Мишле” лицей сургуульд суралцах юм.

Франц Улсын “Мишле” лицей сургууль нь байгаль нийгмийн ухааны чиглэлээр төрөлжсөн хөтөлбөртэй, 160 жилийн түүхтэй бөгөөд 1930 онд Монгол Улсын дөрвөн оюутан тус сургуульд сурч, гуравдагч оронд боловсрол эзэмшсэн мэргэжилтнүүд болон бэлтгэгдэж байжээ. Үүнээс хойш 92 жилийн дараа дахин хамтран ажиллахаар болсон нь түүхэн ач холбогдолтой гэдгийг “Мишле” сургуулийн захирал Эрик Бизе энэ үеэр онцолж байв.

Мөн өдөр Монгол Улсын Их Сургууль, Франц Улсын Сорбон III их сургуулийн хооронд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Соробон III их сургууль нь дэлхийд эхний 50-д эрэмбэлэгддэг. Хамтын ажиллагааны хүрээнд багш, оюутан солилцоо явагдах бөгөөд хоёр талын судалгааны ажлыг эхлүүлэхээр болов. Монгол, Франц Улсын боловсролын байгууллагуудын энэхүү хамтын ажиллагаа нь хоёр улсын боловсрол, соёлын харилцааг өргөжүүлэх ажлын нэг хэсэг юм.


Монгол Улс, Франц Улсын боловсролын байгууллагууд хамтран ажиллах гэрээ байгуулав  
Үзсэн: 493 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй