Шууд Chart

ЗГ: Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журмыг баталлаа

2022-09-23 16:53:31

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны есдүгээр сарын 23-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулиар мэдээлэл хариуцагч байгуулага нь уг хуульд заасан 68 төрлийн мэдээллийг байнга, ил тод, нээлттэй байдлаар нийтлэх үүрэг хүлээсэн.

Мөн “Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журам”-ыг Засгийн газар батална” гэж заасны дагуу журмыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа.

Журамд нээлттэй мэдээллийн ил тод байдлыг хүртээмж, хугацаандаа нийтлэгдсэн эсэх, мэдээллийн бүрэн бүтэн байдал, эх сурвалжийн тодорхой байдал зэргээр үнэлэхээр шалгуур үзүүлэлтэд тусгасан бол ямар мэдээллийн хэрэгсэл ашигласан, цаг хугацаандаа, бүрэн мэдээлсэн эсэх зэргээр үнэлэхээр аргачлалд тусгажээ.

Тайлангийн тухайд мэдээлэл хариуцагч өөрийн хариуцсан асуудлын хүрээнд хамаарах нээлттэй мэдээллийн ил тод байдлыг журамд зааснаар үнэлж тогтсон хүснэгтийн дагуу гаргана. Үнэлгээний тайланг салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нэгтгэж, бусад мэдээлэл хариуцагч жил бүрийн хоёрдугаар сарын 1-ний өдрийн дотор Зөвлөлийн ажлын албанд тоон гарын үсгээр баталгаажуулан цахим хэлбэрээр хүргүүлнэ.

Зөвлөлийн ажлын алба үнэлгээний нэгдсэн тайланг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, мэдээллийн ил тод байдлыг бүрэн хангаагүй мэдээлэл хариуцагчид зөвлөмж хүргүүлэхээр журамд тусгажээ. 


ЗГ: Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журмыг баталлаа  
Үзсэн: 752 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй