Шууд Chart

Монгол, Вьетнамын Гадаад харилцааны яамд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт болов

2022-09-24 08:52:39

Монгол Улс, БНСВУ-ын Гадаад харилцааны яамд хоорондын ээлжит 10 дугаар улс төрийн зөвлөлдөх уулзалт 2022 оны есдүгээр сарын 23-ны өдөр Ханой хотноо боллоо. 

Уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Вьетнамын талаас Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Нгуен Минь Ву нар тэргүүлэв.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг хамран идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв. Мөн ирэх 2024 онд тохиох Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг угтан дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааны түвшинг шат ахиулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Тэргүүн дэд сайд Нгуен Минь Ву хоёр улсын хооронд хэрэгжүүлэх дээд түвшний айлчлалын товыг дипломат шугамаар ойрын үед тохирох, дипломат харилцааны 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн тэрээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Монгол Улсаас уул уурхайн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлох, мал эмнэлгийн эрүүл ахуйн гэрчилгээг ойрын үед тохирохын тулд Вьетнамын мал эмнэлгийн мэргэжилтнүүдийг энэ 10 дугаар сард Монгол Улсад илгээхээр төлөвлөж байгааг мэдэгдэв.

Талууд цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд учирч буй тээвэр, логистикийн хүндрэлийг бууруулах үүднээс Монгол, Вьетнам, Хятадын зам тээврийн асуудал хариуцсан сайд нарын 3 талт уулзалтыг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.

Мөн иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, Улаанбаатар болон Хочиминь хотын хооронд шууд нислэг үйлдэх асуудлыг урагшлуулах талаар ярилцав.

Айлчлалын хүрээнд дэд сайд Б.Мөнхжин БНСВУ-ын Гадаад хэргийн сайд Буй Тань Сөн-д бараалхаж, Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Кхань, Вьетнамын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэд Ерөнхийлөгч Буй Чунг Нгиа нартай уулзаж, Монгол, Вьетнамын бизнес форумын нээлтэд оролцож, үг хэлэв.


Монгол, Вьетнамын Гадаад харилцааны яамд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт болов  
Үзсэн: 185 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй